УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр /2025.04.16/ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн. Тус төслийг агуулга нь Орос улстай хамтарсан компани байгуулж "Чингис хаан" нисэх онгоцны буудалд агаарын хөлгүүдийг түлшээр тасралтгүй цэнэглэх үйлчилгээ үзүүлэх тухай юм.
МИАТ компани тендер зарлаж шатахуун нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон үйлчилгээ авдаг байсан бол энэхүү хэлэлцээрийг баталснаас хойш 20 жилийн хугацаанд Орос, Монголын хамтарсан компани онгоцны шатахуун нийлүүлэхээр хэлэлцээрийн төсөлд тусгажээ.
Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд талцал, хэлэлцүүлэг өрнөөд буй. Тэгвэл бид онгоцны түлшийг Монгол Улс одоог хүртэл аль улсаас импортолж байсан болон сүүлийн жилүүдэд хэчнээн тонн түлш импортолсон, урд хөрш бусад орноос яагаад түлш их хэмжээгээр авдаггүй талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭ ТОГТМОЛ ӨСЧЭЭ

Монгол Улс агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас импортолж байгаа бөгөөд сүүлийн таван жилд агаарын хөлгийн түлшний хэрэглээ тогтмол өссөн байна. Тухайлбал, дээрх инфографикд харуулснаар 2021 онд 27879 тонн, 2022 онд 38492 тонн, 2023 онд 61719 тонн байсан бол 2024 онд 82443 тонн хүрчээ. Өнгөрсөн жилийнхийг 2021 онтой харьцуулахад 66 хувиар өссөн байна. Тэгвэл урд хөршөөс яагаад онгоцны түлш импортолж болохгүй гэж?
Хятад улсаас онгоцны түлш худалдан авахад төмөр замын царигийн зөрүүтэй байдлаас шалтгаалан импортлох боломж, нөхцөл хязгаарлагдмал байгаа бөгөөд Замын-үүд дэх шилжүүлэн ачих байгууламж нь одоогийн байдлаар онгоцны түлшийг хадгалах зориулалтын сав, насос станц, дотоодын тусгай вагонцистерн байхгүй аж.
Хятадаас нийлүүлэгдэх онгоцны түлшний стандартын хувьд Жет-А түлш бөгөөд энэ нь Монгол Улсын шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжид одоо ашиглаж буй агаарын хөлгийн түлшийг ашиглах технологийн шийдэлд анхнаасаа төлөвлөгдөөгүй байна. Мөн Хятад улс нь өөрөө импортлогч улс тул дотооддоо хомсдол үүсэх магадлал өндөр, экспортын хориг тавьж, Монголд хангамжийн эрсдэл үүсэх аюултай учир эрсдэл, нөхцөл байдлыг харгалзаж урд хөршөөс онгоцны түлш импортолдоггүй байна.
ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАГДСАНААР СТАНДАРТЫН ШААРДЛАГАД НИЙЦСЭН ШАТАХУУНЫГ ТОГТВОРТОЙ, ХЯМД ҮНЭЭР НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

Монгол Улсад ирэх жилүүдэд аялал жуулчлал илүү хөгжих төлөвтэй байгаа. Ингэснээр зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна жуулчдаар дамжуулж эдийн засгийн бодит сэргэлтийг бий болгох боломжтой. Тухайлбал, аялал жуулчлал, эдийн засгийн идэвх нэмэгдэж байгаатай холбоотойгоор зорчигч, ачаа тээвэрлэлт тогтвортой өсч, агаарын тээврийн зорчигч тээврийн тоо 2024 онд 2.2 сая байсан бол 2028 онд 2.55 сая хүрэх төлөвтэй байгаа аж. Үүнтэй холбоотойгоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад агаарын тээвэрлэлт хийж буй дотоод, гадаадын агаарын хөлөг болон дайран өнгөрч байгаа агаарын хөлгүүдийг өрсөлдөхүйц үнэтэй шатахуунаар цэнэглэх нөхцөл, боломж бүрдүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч буй.
Мөн цаашид дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ болон ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан Оросын Засгийн газраас экспортын хязгаарлалт хийх, татвар нэмэгдүүлэх шийдвэр гарч болзошгүй бөгөөд энэ нь Монголын газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, тэр дундаа агаарын хөлгийн түлшний нийлүүлэлтэд нөлөөлж, хомстол үүсч болзошгүй юм.
Тиймээс “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улсын төрийн өмчит “Эрчис ойл” ХХК болон ОХУ-ын төрийн өмчит “РН Аеро” компаниуд хамтарсан компани байгуулах нь зүйтэйг хэлэлцэж буй.
Хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улсын агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийг тасралтгүй үргэлжлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд олон улсын стандартын шаардлагад нийцсэн шатахууныг тогтвортой, хямд үнээр нийлүүлэх боломж бүрдэнэ. Тус хэлэлцээр нь Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний 96 хувийг нийлүүлэгч ОХУ-тай байгуулсан “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээртэй хамтдаа хүчин төгөлдөр үйлчлэх тул манай улсын газрын тосны бүтээгдэхүүн, шатахууны хангамжийн тогтвортой, найдвартай байдлыг хангана гэж тусгасан байна.
Эдгээрээс харахад Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хамтын ажиллагаа газрын тосны хангамжийн салбарт өргөжих зэрэг эдийн засгийн болон стратегийн томоохон ач холбогдолтой.
Далайд гарцгүй орнууд дотор Монгол Улс газар нутгийн хэмжээгээрээ Казакстан улсын дараа ордог бөгөөд агаарын тээврийн салбарын багтаамж сул, тийзний олдоц бага, үнэ өндөр тул олон улсад өрсөлдөх чадвараар дутмаг, агаарын тээвэрлэгчдэд олон улсын шинэ чиглэл нээх, жуулчин тээврийн нислэгийг нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээхэд хүндрэлтэй байгаа. Дэлхий дахинд үүсдэг газрын тосны нийлүүлэлттэй холбоотой нөхцөл байдлын улмаас олон улсын зах зээлд газрын тосны үнийн өсөлтөөс хамаарсан агаарын хөлгийн түлшний үнэ эрс өсдөг бөгөөд хэвийн нөхцөлд түлшний зардал нь агаарын тээвэрлэгчийн нислэгтэй холбоотой зардлын 28 хувийг эзэлдэг бол зарим тохиолдолд 46-70 хувьд хүрч эрс өсдөг.
Агаарын тээврийн салбар бол Монгол Улсын худалдаа, эдийн засаг болон гадаадын зах зээлд нэвтрэх чадварт нэн чухал үүрэгтэй салбар.
Эдийн засгийн өсөлтөөс гадна, ажлын байр олноор бий болгох чадавхтай хүнс, хөдөө аж ахуй, ноос ноолуур, аялал жуулчлалын салбарын экспортыг урамшуулахад ч агаарын тээврийн салбарын хөгжил онцгой ач холбогдолтой. Тиймээс дээрх хэлэлцээр нь Монгол Улсад ач холбогдолтойг холбогдох албаныхан хэлж байгаа юм.
3,569.17






















































Холбоотой мэдээ