УЕФА Аваргуудын лигийн шөвгийн найман багийн тоглолтууд өндөрлөж, хагас шигшээ шатанд өрсөлдөх багууд тодорлоо. Эдгээр тоглолтуудаас хамгийн сонирхолтой нь Реал Мадрид болон Арсеналынх байв. Хоёр багийн эхний тоглолт Лондон хотын Эмирейтс цэнгэлдэхэд болоход Арсенал 3-0 гэсэн харьцаатай хожсон билээ. Тэгвэл орон нутгийн цагаар өчигдөр/2025.04.16/ хариу тоглолт нь Мадрид хотын Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд болов.
Тоглолтын тухайд Аваргуудын лигийн дархан аварга Реал Мадрид талбай дээрээ дор хаяж гурван гоолоор хожиж байж, тэнцэх байлаа. Гэвч бодит байдал дээрээ тийм зүйл болсонгүй. Тоглолтын эхний гоолыг хоёрдугаар үед Арсеналаас Букайо Сака оруулж, хариуг нь удалгүй Винисиус Жуниор барив.
Нэгдүгээр үед Букайо Сакад гоол оруулах боломж гарсан ч тэрбээр торгуулийн цохилтоо тун тааруу гүйцэтгэв. Түүний паненка Тибо Куртуагийн хаалганы торыг хөдөлгөсөнгүй.
Гэхдээ үр дүнд төдийлөн нөлөө үзүүлсэнгүй. Реал Мадрид бөмбөг илүү эзэмшиж, довтолгооны оролдлого олон хийсэн ч Арсеналын хаалганд нэгээс илүү гоол оруулж чадсангүй. Тоглолтын төгсгөлд Арсеналаас Габриэль Мартинелли гоол оруулж, эцсийн цэгийг хатгажээ.
Тоглолтын дараа Реал Мадридын ахлах дасгалжуулагч Карло Анчелотти "Бидэнд бараан болон гэгээлэг тал бий. Бид гэгээлэг талаа олон удаа харуулж, олон цом хүртэж, олон тоглолтод хожсон. Харин өнөөдөр хасагдлаа. Бидэнд одоо анхаарлаа хандуулах дахин гурван тэмцээн байна" гэжээ.
Испанийн хэвлэлүүдээр Карло Анчелоттигийн ирээдүй хэрхэх вэ гэдэг асуулт анхаарал татаж байна. Өдгөө 65 настай итали мэргэжилтэн Реал Мадридыг хоёр удаа дасгалжуулахдаа нийт 11 цом хүртээд буй. Түүний гэрээ 2026 онд дуусах бөгөөд Бразилын шигшээ багийг удирдана гэх бор шувуу жиргэж байгаа.
Түүнээс ирэх зургадугаар сард эхлэх клубуудын дэлхийн аваргад Реал Мадридыг удирдах уу гэж асуухад "Би одоо ярьж чадахгүй ээ. Клуб л дасгалжуулагчаа солих эсэхээ шийднэ. Энэ жил эсвэл ирэх жил гэрээ дуусах үед л байх. Магадгүй маргааш, арав хоногийн дараа, сарын дараа, жилийн дараа ч байж болно. Юу ч болсон бай би энэ клубд талархана. Миний гэрээг цуцлах эсэх надад хамаагүй" гэлээ.
Реал Мадридын дараагийн дасгалжуулагчаар Байер Леверкузены босс, хуучин мадридиста Хаби Алонсо яригдаж байна.
Реал Мадрид ирэх зун бүрэлдэхүүндээ олон өөрчлөлтийг хийнэ гэж аналистууд бодож байна. Франц хөлбөмбөгийн сэтгүүлч Юлин Лоренс ярихдаа "Тэдэнд томоохон өөрчлөлт хэрэгтэй байна. Винисиуыг хадгалах юм уу? Родригог яг яах юм бэ? Урд шугамын дөрвөн тамирчин нь хамтдаа гар нийлж чадахгүй байна шүү дээ. Энэ багт шинэ эрч хүч хэрэгтэй байна. Тони Кроосын үлдээсэн орон зайг одоог хүртэл дүүргэж чадаагүй байна. Дундын шугаманд удирдлага алга. 39 настай Лука Модричоос өөр тоглолтын хэмнэлийг удирдах хүн хэрэгтэй байна" гэжээ.
УЕФА Аваргуудын лигийн хагас шигшээ шатны оноолт
- Арсенал – ПСЖ
- Барселона – Интер Милан
Нэргүй 2025-04-17 66.181.190.124
cristiano ronaldo hergtei bn
зочин 2025-04-17 66.181.166.196
Анчелотти хөгширчээ, одоо аль нэг шигшээгийн дасгалжуулагч хийвэл, клубын дасгалжуулагчийн ажлын ачааллыг дийлэхээ больсон бололтой, Арсеналыг хэтэрхий басч Лондонд маш муу бэлтгэлтэй очсоноос болоод *л-с хасагдлаа гэж, уг нь толгойд гарах гэж зүтгэж буй түрүйний бөөс аюултай, сэдэл өгч даврааж болохгүй гэдгийг мэдвэл мэдэхээр л туршлагатай хүн ш дээ