Өмнөд Солонгос улс дөрвөн сар гаруй үргэлжилсэн дуулиан шуугиан, жагсаал цуглааны эцэст түүхэндээ гурав дахь удаагаа ерөнхийлөгчөө импичментээр огцруулсан нь Юн Сук Ёл байв. Түүний орыг залгамжлах дараагийн ерөнхийлөгчийг зургадугаар сарын 3-нд сонгохоор товлосон. Улс орныг тогтворгүйтлээс аварч, иргэдээ амирлуулах ерөнхийлөгчийн суудлын төлөө тус улсын улстөрчид эхнээсээ нэрээ зарлаад эхэлжээ. Тэгвэл тэдний дундаас Юн Сук Ёлыг залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэгдээд буй Ли Жэ Мёныг Ньюс агентлаг ХҮМҮҮС буландаа онцолж байна.
Сөрөг хүчний Ардчилсан намын дарга асан Ли Жэ Мён 1963 оны арванхоёрдугаар сарын 8-нд Өмнөд Солонгосын Хойд Гёнсан мужийн Аньдун хотод мэндэлжээ. Албан ёсны баримт бичгүүдэд түүний төрсөн өдрийг 1964 оны арванхоёрдугаар сарын 22 гэж тэмдэглэсэн байдаг. Төрөлт бүртгэх үйл явц удаашралтай байсан учир аав нь ийн алдаатай бүртгэл хийлгэсэн аж.
БАГА СУРГУУЛИЙН БОЛОВСРОЛТОЙ ХҮҮ
Тэрбээр долоон хүүхэдтэй айлын тав дахь. Гэр бүл нь ядуу зүдүү байсан учир хүүхэд ахуйдаа Ли янз бүрийн олон нийтийн арга хэмжээнд оролцохоос татгалздаг байв. Мөн сургуулийн аялал зэрэгт оролцохдоо өгөөмөр сэтгэлт багш нартаа найдах нь элбэг байжээ. Нэгдүгээр ангийн хувийн хэргийг нь харвал түүнийг жаахан зөрүүд хэдий ч сайн сурдаг, ангийнхантайгаа эв найртай тоглож нааддаг гэсэн байна. Ли Жэ Мёныг бага сургуулиа төгсөх үед Өмнөд Солонгос улс дунд, ахлах сургуулийн боловсролыг үнэгүй олгодог тогтолцоогоо халж таарчээ.
Түүний аав мөрийтэй тоглоомд гэрийнхээ хамаг хөрөнгийг сэгсэрч дууссан тул амьжиргаагаа залгуулахаар гэр бүлээрээ Аньдунаас нүүхээс өөр аргагүй болсон байна. Тухайн үед аж үйлдвэрийг нийслэлээс гадна төвлөрүүлэхээр эрх баригчид ажиллаж байсан тул Лигийн гэр бүл Соннамд нүүж иржээ. Соннамд ихэвчлэн амьдралын боломж муутай хүмүүс амьдарч байв.
Тиймээс тарчиг амьдралтай айлын хүүхдүүдийн л нэгэн адил Ли дунд сургуульд сурах бус гар хийцийн хүзүүний зүүлтний үйлдвэрт ажиллажээ. Зүүлтний үйлдвэр дампуурсны дараа харин Донма Раббер гэх компанид ажиллаж эхэлсэн. Тухайн үед Ли хөдөлмөр эрхлэх насанд хүрээгүй учир янз бүрийн нууц нэрээр ажилладаг байжээ. Хуруугаа гэмтээснээр Донма Раббер компаниас гарч, Дэяан аж үйлдвэрийн компанид ажиллаж эхэлсэн байна. Гэтэл хоёр дахь ажлын байрандаа тэр мөн л үйлдвэрийн гэмтэл авч, бугуйны үеэ бэртээжээ. Энэ гэмтэл нь бүрэн эдгээгүй тул тэр цэрэгт явж чадаагүй.
Дэяан аж үйлдвэрийн компанид ажилладаг байхдаа тэр дүрэмт хувцас өмссөн оюутан залуусыг хараад их сургуульд сурах юмсан гэж хүссэн гэдэг. Энэ хүсэлдээ хөтлөгдөн хувьдаа бэлтгэл базаасаар, ахлах сургуульд элсч орсон. Улмаар 1981 онд их сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцэж хүслээ биелүүлсэн түүхтэй.
Лигийн бага залуу нас түүнд улс төрийн анхны үзэл суртлыг нь суулгасан гэхэд болно. Энэ нь хүчирхэг, чинээлэг хүмүүсийн давуу эрхийг хязгаарлаж, нийгмийн хамгийн ядуу хэсгийг дэмжихийг зорьдог "Eokgang Buyak" гэх улс төрийн философи юм.
Тэрбээр Чун-Ангийн их сургуулийг 1986 онд хуулийн чиглэлээр төгсчээ. Хүний эрх болон хөдөлмөрийн хуульч чиглэлээр ажиллаж байсан тэрбээр 2005 онд улс төрд хөл тавьсан. Улс төрд хөл тавиад хэд хэдэн удаа сонгуульд өрсөлдсөн түүхтэй.
Тодруулбал, тэрбээр 2010, 2014 онд хоёр дараалан Соннам хотын даргаар сонгогджээ. Соннам хотын даргаар сонгогдсоныхоо дараа тэр хуучин захирагчийн байрыг номын кафе болгохыг зөвшөөрч байв. Хуучин захирагчийн байр хэт тансаг гэсэн олны хэл ам их байсантай энэ нь холбоотой.
Дараа нь 2018 онд Кёнги мужийн Засаг даргын сонгуульд нэр дэвшсэн тул хотын даргын суудлаасаа буусан. Хотоос муж, мужаас улс гэх дарааллаар Ли Жэ Мён албан тушаалын шатаар өгсчээ. Ли 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн боловч Юн Сук Ёлд ялагдсан билээ.
ОЛНЫ АНХААРЛЫН ЭЗЭН
Тэрбээр нэг бус удаа олны анхааралд өртөж байв. Хамгийн дуулиантай нь Ли өнгөрсөн оны нэгдүгээр сарын 2-нд аллагын оролдлогоос амьд үлдсэн байдаг. Энэ өдөр тэр Бусан дахь Гадеок нисэх буудлын барилгын ажилтай танилцаж яваад хутгалуулжээ. Халдлагаас хойш 20 минутын дараа түүнийг Бусан үндэсний их сургуулийн эмнэлэгт хүргэж, тэндээсээ ухаангүй байдалтай байхад нь нисдэг тэргээр Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэгт хүргэж байв. Сэжигтэн газар дээрээ баривчлагдсан бөгөөд Лиг хөнөөх зорилготой байсан гэдгээ ч хүлээсэн аж.
Мөн оныхоо арваннэгдүгээр сард дахин нэг хэл аманд орооцолдов. Түүнийг 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр "Соннам Девелопмент" корпорацийн гүйцэтгэх захирал асан Ким Мүн Китэй холбоотой ажилласан гэсэн цуурхал тарсан. Энэ хэргийн төлөө түүнийг Төрийн албаны сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж буруутгасан ч Ли үгүйсгэжээ. Улмаар давж заалдах шатны шүүхээр орсноор шийдвэрийг хүчингүй болгож, төрийн албанд дахин нэр дэвших эрхтэй болсон юм.
Юн Сук Ёл өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал зарлах үед Үндэсний ассамблейн байрыг хааж, хэсэг хугацаанд хэнийг ч нэвтрүүлээгүй. Энэ үед Ли Үндэсний Ассамблейн барилгын хашаа руу авирч, шууд дамжуулалтаар үйл явдлыг баримтжуулснаараа олон улсын анхаарлыг татсан юм.
Дараа нь Юн Сук Ёлын эсрэг импичментийг удирдан зохион байгуулахад Ли томоохон үүрэг гүйцэтгэсэн. Ингээд Юны ерөнхийлөгчийн бүрэн эрх албан ёсоор дуусгавар болсны дараа дөрөвдүгээр сарын 9-нд Ли сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлажээ.
Улс төрийн шийдвэрүүдээс гадна түүнийг алдаршуулсан өөр нэг зүйл нь нохойн мах.
Ли нохойн махыг хориглож, Моран зах дахь нохой нядалгааны газруудыг хаах шийдвэр гаргасан гэдгээрээ алдартай. Өмнөд Солонгос дахь нохой нядалгааны газрууд ёс суртахуун, амьтны эрх, байгаль орчны нөлөөллийн талаарх маргааны сэдэв байсаар ирсэн.
Өлсгөлөн зарлах бол түүний эсэргүүцлийн арга. Энэ аргаа нэг бус удаа ашигласан байдаг.
Тодруулбал, ерөнхийлөгч асан Пак Гын Хе орон нутгийн засаг захиргааны санхүүгийн хариуцлагыг өөрчлөн зохион байгуулах төлөвлөгөөг танилцуулсны хариуд Ли эсэргүүцлээ илэрхийлж, 11 хоног өлсгөлөн зарлаж байв. Өлсгөлөн зарласан хоёр дахь тохиолдол нь 2023 оны наймдугаар сарын 31. Тэрбээр засгийн газрыг өөрчлөн чадавхижуулахыг шаардан Үндэсний ассамблейн гадаа майхан барьж, өлсгөлөн зарласан ч 19 дэх өдрөө бие нь муудаж эмнэлэгт хүргэгдэж байжээ.
"Wall Street Journal" хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэр өөрийгөө реалист хүн гэж тодорхойлсон байдаг.
Ирэх сонгуульд Ли Жэ Мён ялбал Өмнөд Солонгосын гадаад бодлого ихээхэн өөрчлөгдөх магадлалтай. Түүнийг Хойд Солонгостой харилцах харилцааг зөөлрүүлж, АНУ-тай ижил байр суурь баримтлана гэж таамаглаж буй. Түүнчлэн Хятад, Орос улстай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн чухлыг тэр онцлон тэмдэглэж байна. Гадаад, дотоод бодлогын хувьд салаа замын уулзварт зогсож буй солонгосчуудыг зөв замд нь чиглүүлэх боломж түүнд олдох эсэхийг бид хүлээх л үлдлээ.
Нэргүй 2025-04-17 66.181.188.180
ванга шиг хэлье ерөнхийлөгч болвол 1 жил ч тэсэхгүй шорон явна сумтай ард түмэн шүүдээ
Нэргүй 2025-04-17 104.28.71.89
Us honzon sanadag ambitstai hun shig setgeldel turluu
өөө 2025-04-17 66.181.164.23
НӨАТ-ын луйварчид сугалаагаар хамаатнуудаа тодруулах гэсэн боловч бүтэлгүйтэж өөр хүмүүс тодорсоноос болж Ebarimt апп аа хааж байгаад алдаагаа засаж байгаа сурагтай, амарч болж дээ эзэнгүй улсад дураараа дургих…