НЭМЭЛТ:
Цувралын зургаа дахь тоглолтод Бишрэлт Металл баг хожсоноор шийдвэрлэх долоо дахь тоглолт гарахаар боллоо. Өнөөдрийн тоглолтод Эйпс тоглолтыг илүү эхлүүлж, гуравдугаар үеийн эхлэлд есөн оноо илүү гарсан. Гэвч Металлаас Байрон Уэсли, А.Энхбаясгалан, Т.Ууганбаяр нарын алсын зайн шидэлтүүд дараалан амжилттай болж, онооны зөрүүг хормын дотор үгүй хийж, бүр илүү гарав. Гуравдугаар үед авсан тэргүүллээ Металл хадгалсаар цувралыг 3:3 болголоо.
Т.Ууганбаяр, А.Энхбаясгалан нараас гадна Байрон Уэсли дийлдэшгүй байлаа. Ялангуяа гуравдугаар үед Уэсли жинхэнэ утгаараа шоу тоглолтоо толилуулав.
Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн хагас шигшээ шат тун сонирхолтой үргэлжилж байна. Өнгөрсөн жилийн аварга Хасын Хүлэгүүд баг энэ жил плей-оффд Дархан Юнайтед болон Сэлэнгэ Бодонс багуудыг хожсоноор дахин финалд хүрсэн. Тэгвэл тэдэнтэй түрүү булаалдахаар SG Эйпс болон Бишрэлт Металл багууд өрсөлдөж буй. Хоёр багийн цуврал 3-2 гэсэн харьцаатай Эйпсийн давамгайлал дор үргэлжилж байгаа. Гэхдээ Бишрэлт Металлын өнгөрсөн тоглолтод хожиж, цувралын харьцааг ойртуулсан. Өнөөдөр/2025.04.16/ зургаа дахь тоглолт 19:10 цагаас эхлэх хуваарьтай.
Хэрэв Металл өнөөдөр хожвол цувралыг тэнцүүлж, Эйпсийг нуман тулгуурт оруулна. Цувралыг итгэл төгс тэргүүлж байсан баг тэргүүллээ алдана гэдэг тамирчдын сэтгэл зүйд хүнд тусах нь лавтай. Хоёр багийн цувралын бүхий л тоглолтууд өрсөлдөөнтэй байгаа. Ганц ялгаа нь Бишрэлт Металл плей-оффын тоглолтоос гадна Азийн аваргуудын лигийн хүрээнд аялан тоглолтыг хийж байв. Олон цагийн нислэг, хүнд тоглолт, уур амсьгал, орчны өөрчлөлт гээд тэдний шандасыг сорьсон хүчин зүйлс багагүй бий.
Энэ цувралд бид өнгөрсөн улирлын "MVP" М.Өлзий-Оршихыг харж байгаа. Энэ улирлын тоглолтуудад тааруу оролцож, шүүмжлэл хүртсэн түүний хувьд плей-оффд тэр дундаа Металлын эсрэг тун сайн тоглож байна. Харин түүний гол өрсөлдөгч Т.Ууганбаярын хувьд Малайз руу аялан тоглолтоор явах үеэрээ нүүрэндээ цохиулж, хамгаалалтын масктай тоглож байгаа нь тунчиг төвөгтэй харагдана. Өөрөө ч үүндээ сэтгэл дундуур байгаа нь лавтай.
Эйпсийн хувьд финалд хүрэхийг анх байгуулагдсан цагаасаа л хүссэн. Үүнийхээ төлөө ч улирал бүр тэмцэж, том амбиц, өргөн бүрэлдэхүүнтэй лигийг эхлүүлдэг. Харамсалтай нь аз, эз нь таардаггүй. Харин Металл финалд шалгардаг ч аварга болоход хүч дутдаг. Ийм л хоёр баг энэ жилийн их шөвөгт учраа таарчихаад арсалдаж байна. Өнөөдөр цуврал дуусах уу, эсвэл бид долоо дахь тоглолтыг үзэх үү? Асуултын хариулт өнөөдөр орой тодорхой болно.
Нэргүй 2025-04-16 203.91.115.56
Сагсчидын сэрвээний өндөрийг хэмжиж тоглуулж байхгүй бол удахгүй араб, африкийн тэтгэвэрийн өндөр өвгөдөд мөнгөө өгөөд дуусах байх даа, хожлын төлөө!