Улаанбаатар хотыг ирэх өвөл ногоон, шар бүсэд хувааж, цахилгаан болон шингэн түлшнээс бусад түлш түлэхийг хориглох гэнэ. Утаагүй бүсэд амьдарч буй 51 мянган өрхийн янданг буулгаснаар агаарын бохирдлыг 29.5 хувиар бууруулна гэдэг тооцооллыг албаныхан хийжээ. Мөн нэг айл өрхөд долоон сарын хугацаанд 900 мянга төгрөгийн урамшуулал олгох аж. Ингэхдээ иргэд өөрийн амьдарч буй гэр, байшингаа дулаан алдагдалгүй болсон тухайгаа Хорооны даргадаа бүртгүүлснээр хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой.
Энэ талаар хотын даргын орлогч А.Амартүвшин НИТХ-ын үеэр танилцуулахдаа "Нийслэлийн гэр хорооллын 51.080 өрхийн янданг буулгаснаар агаарын бохирдлыг 29.5 хувиар бууруулах тооцооллыг хийсэн. Энэ онд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшний халаагуурт шилжих ногоон бүсийн 51 мянган өрхийн үнийн урамшууллыг тооцсон. Бүх төрлийн хийн түлшид шилжих 51 мянга гаруй айл өрхийн үнийн хөнгөлөлтийг 2025 оны аравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал нийт долоон сарын хугацаанд олгохоор төлөвлөж байна.
Тодруулбал, аравдугаар сард 50 мянга, арваннэгдүгээр сард 100 мянга, арванхоёрдугаар сард 200 мянга, нэгдүгээр сард 250 мянга, хоёрдугаар сард 100 мянга, гуравдугаар сард 50 мянга, дөрөвдүгээр сард 50 мянга гээд нэг айл өрх 900 мянган төгрөг хүртэл урамшуулал авна" гэв.
Мөн агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд 147 мянга гаруй айл өрхийг хамруулж, эдгээр айл өрхөд стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухыг нэвтрүүлж, 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулахыг зорьж байна” гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцолж байсан юм. Тэрбээр нэг сарын өмнө "Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Энэ хүрээнд тодорхой бүсчлэл буюу хамгийн утаатай бүсүүдэд 50 мянга орчим айл өрхийг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх шийдвэр гаргасан.
Уг ажлыг ирэх өвлийн халаалтын улирлаас өмнө хийх бөгөөд айл өрхүүд гэр, байшингийнхаа дулаан алдалтыг бууруулсан байх ёстой. Ингэсэн тохиолдолд айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуурыг сонголтоор тавьж, халаалтын улиралд хэрэглээнээс нь сар бүр 100 мянган төгрөг хөнгөлнө.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй өрх хатуу түлш буюу сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. Мөн 2500 орчим айл өрх, аж ахуйн нэгж нь нам даралтын зуухаар халаалтаа шийдэж буй. Түүнчлэн дулааны цахилгаан станцууд, 804 мянган тээврийн хэрэгсэл зэрэг нь хотын агаарын бохирдлыг үүсгэж байгаа гол хүчин зүйлс болж байна. Үүнээс хамгийн их буюу 50 гаруй хувийг нь гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас гарч буй утаа эзэлж байгааг ЖАЙКА олон улсын байгууллагын судалгаа харуулдаг. Тиймээс Засгийн газраас дээрх тогтоолыг баталсан юм. Уг ажлыг дан ганц хот гэлтгүй бүх яамд хамтарч хийнэ. Ингэснээр агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд мэдэгдэхүйц бууруулах ажлын эхлэлийг тавьж чадна" гэсэн байдаг.
Ногоон бүсэд амьдарч буй нийслэлийн СХД-ийн 23, 21 дүгээр хороо, БГД-ийн 9, 10, 11, 21, 22, 23 дугаар хорооны 10.850 өрх цахилгаан халаагуурт хамрагдах бол хийн халаагуурт СХД-ийн 6, 8, 9, 11 28, 30, 39, 43 хороо, СБД-ийн 12, 13 дугаар хороо болон БГД-ийн 16 дугаар хороо, БЗД-ийн 29 дүгээр хороо ЧД-ийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 20, 21 дүгээр хороо, байгалийн хийн халаагуурын БЗД-ийн 2, 21, 27, 30, 31 дүгээр хорооны нийт 40234 өрхийг шилжүүлэхээр ажиллаж байгааг албаныхан мэдээлсэн.
Баагии 7 цагийн өмнө 202.9.41.113
налайхд яагаад өгөхгүй бн
СХД ийн иргэн 9 цагийн өмнө 43.228.129.215
Аль ч хороонд ороогүй бол түлж болох уу?
Нэргүй 2025-04-16 66.181.186.212
цаг наргүй зүтгэж үр дүнд хүрээрэй. хичээж ажиллаарай.
Гайгүй хэвтэх байлгүй 5 цагийн өмнө 202.9.47.29
Эдийн засаг хямарч ААН-үүд татан буугдацгаагаад тэр татаас тараах нийслэлийн төсвийн орлого тасарна. 2-рт айл өрхүүд ажилгүйдэл цалингүйдэлд байгаа тул гэр, байшинг стандартын дагуу дулаалах, бас хийн халаагууртай зуух, зохион бүтээгдээгүй байгаа давхар шаталттай зуух авах орлого алга. Ингэж битгий эдийн засгийн хэт өөдрөг хүлээлттэй мөрөөдлийн жагсаалт гаргаад түүнийгээ даган баясаж бай. ЭЗ-ийн нөхцөл байдал асар бүрхэг,нааш эргэх найдваргүй болчоод байхад жоохон бодитой хөрсөн дээрээ бууж ир.