Өнөө цагийн "CS"-ийн дэлхийн шилдгүүдийн нэг, залуу авьяастан Илья Осипов буюу "m0NESY" албан ёсоор Саудын Арабын "Falcons" багтай нэгдлээ. Түүний хувьд Германы "G2 Esports" багт гурван жилийг өнгөрүүлэхдээ Мэйжороос бусад бараг бүхий л томоохон тэмцээнд түрүүлсэн гэхэд хилсдэхгүй. Өдгөө 19 настай түүний төлөө Саудын Арабын баг 2.5 сая ам.долларыг төлжээ.
"G2 Esports" баг гурван жилийн өмнө "m0NESY"-ийн төлөө "NAVI"-д 600 мянган ам.доллар төлж байсан түүхтэй.
"m0NESY"-ийг өчигдөр/2025.04.15/ албан ёсоор танилцуулсан бөгөөд "All About CS" подкастад Илья Осипов оролцов. Өнгөрсөн өвлийн амралтаар орос мэргэн бууч "Falcons"-д очих боломжтой байсан хэдий ч хоёр баг зөвшилцөлд хүрч чадаагүй аж. Тоглогчийн гэрээ нь ч энэ оноор дуусгавар болох байсан учир "G2 Esports" баг түүнийг үнэгүй алдахыг хүссэнгүй. Нөгөө талд "Falcons" ч хугацаа алдаж, хүлээж тэссэнгүй.
Илья подкастын үеэр "NiKo багийг орхих үед бид СТ талаасаа хэрхэн тоглохоо ойлгоход тун хэцүү байсан. Тэр олон зүйлийг хийдэг байлаа. Яг л хүүхэд асарч байгаа мэт хаашаа, яаж тоглох уу, ямар шийдвэр гаргах уу гээд бүгдийг нь хийдэг байсан. Түүнийг явсанаас хойш бид өөрсдийн тоглолт, давуу байдлыг бий болгох гэж хичээсэн ч чадаагүй" гэжээ.
"CS"-ийн мэргэжлийн улирлын өвлийн амралтаар "G2" багийн гол тоглогч "NiKo" буурь сэлгэж, "Falcons"-ийг зорьсон билээ. "NiKo" болон "m0NESY" хоёр тоглолтын үеэр сайн хамтрагчид, тоглолтоос гадуур ах дүүс шиг байдаг учир салахад хэцүү байжээ. Энэ талаараа Илья "Бусад багуудыг харахад надад тоглохыг хүссэн ганц л баг байсан. Тэр нь Falcons. Бусад сонголтод итгэлгүй байсан. Би NiKo-той хамт тоглохыг хүссэн. Бид хамтдаа олон тэмцээнд түрүүлж, эцэст нь түүнд Мэйжорын аварга авч өгнө гэж найдаж байна. Түүнтэй дахин нэгдэх нь надад маш чухал байсан. Бид тоглолтын үеэр, тоглолтоос бусад үед бие биенээ сайн ойлгодог" гэв.
Саудын Арабын "Team Falcons" баг сүүлийн жилүүдэд цахим спортын төрлүүдэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэд "PUBG Mobile"-ийн төрөлд Монголын "Sky Force" багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь худалдан авсан билээ. Харин "CS"-ийн төрөлд супер баг бүрдүүлэх гэж удаа дараа оролдож байна. Эхний төсөл нь бүтэлгүйтэж, одоо хоёр дахь төслөө эхлүүлж, "NiKo" болон "m0NESY"-г авчирлаа. Дахин шилдгүүдийг, залуу авьяастнуудыг авчрах шуум гарсан. Тэдний дасгалжуулагч нь домогт Данни Соренсен буюу "zonic". Өдгөө 38 настай түүний хувьд "Astralis", "Vitality" багуудыг удирдаж, олон гайхалтай амжилтын эзэн болсон.
Түүнтэй хамтран ажиллах болсон талаараа Илья "Би NAVI-ийн хүүхдийн академид байхдаа ярилцлагынхаа үеэр zonic-той үргэлж хамтарч ажиллахыг хүсдэг тухайгаа ярьж байсан. Та нар үүнийг олоод уншиж болно шүү. Би яг тэгж хэлсэн. Харин одоо боломж нь олдлоо" гэлээ.
Илья Осипов шинэ багийнхаа төлөөх дебют тоглолтоо энэ дөрөвдүгээр сарын 21-ний өдөр "IEM Мельбурн" тэмцээний хүрээнд "SAW" багийн эсрэг хийнэ.
Team Falcons-ийн бүрэлдэхүүн
- Эмил Рэйф "Magisk"
- Никола Ковач "NiKo"
- Дамиан Стойловски "kyxsan"
- Рене Мадсен "TeSeS"
- Илья Осипов "m0NESY"
- Данни Соренсен "zonic"
- Сэлгээнд Абдул Гасанов "degster"
Kykp; 2025-04-15 50.147.160.114
– xscgayr###
Ky; 2025-04-15 50.147.160.114
scgayr###