Монголын жюү жицүгийн холбоо/МЖЖХ/ 2007 онд үүсгэн байгуулагдаж, хүүхэд залуучууд, ард иргэдийн эрүүл, чийрэг амьдрах амьдралын хэв маягт үнэтэй хувь нэмрээ оруулсаар байгаа билээ. Бие хамгаалах техникүүдийг эзэмшүүлж, хүний уян хатан байдлыг дэмжиж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлүүлдэг олон талт давуу талтай энэхүү спортыг ойлгож, дурлаж хичээллэх иргэдийн тоо жил ирэх тусам улам нэмэгдсээр байна. Тэр хэрээрээ жил бүр хичээллэгч, тамирчдын дунд тэмцээн, уралдаанууд тогтмол болж, компаниуд өөрсдийн нэрэмжит тэмцээнийг нийгмийн сайн сайхны төлөө хэрэгжүүлж, зохиох болсон. Үүний нэг жишээ болсон "Condition Cup 2025" жюү жицүгийн тэмцээн дөрөв дэх удаагаа амжилттай боллоо.
Шинэсэгэ Мед компаниас санаачлан МЖЖХ хамтран зохион байгуулдаг тус тэмцээнд хоёр улсын 53 байгууллагын 614 тамирчин өнгөрсөн амралтын өдрүүдэд өрсөлдлөө. Тус Тэмцээний эхний өдөр өсвөр үеийн тамирчид ур чадвараа сорьсон бол Ням гарагт залуучууд, насанд хүрэгчид мастерс ангилалын тэмцээн Наран төвд болжээ.
Монгол Улсад жюү жицүгийн 60 гаруй клубүүд үйл ажиллагаа явуулж, аймаг дүүргүүдэд хичээллэх хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдснээр үүнийгээ дагаад тэмцээний өрсөлдөөн ч мөн жилээс, жилд ширүүссээр байгаа юм. Бүсний ангилалгүй зохион байгууллагддаг учир "Condition cup" тэмцээний хувьд тамирчдын өөрийгөө аль зэрэгт яваагаа сорих бас нэгэн боломж болж өгдөг. Энэ жилийн тэмцээнд ч олон залуу тамирчид ур чадвар ахисан гэдгээ харуулж өөрөөсөө ах, эгч туршлагатай тамирчдыг уран мэх, техникүүдээр буулган авсан онцлох үйл явдлууд тохиолдсон юм. Ийнхүү "Condition Cup" тэмцээний багийн дүнгээр, медалийн чансаагаар АНУ-ын иргэн David Clahan-ий санаачлан Долоон буудалд үүсгэн байгуулсан Ральф Грэйси Академи тэргүүлж, удаах байрт Оюу Толгой компанийн Гэрэлт төслийн хүрээнд байгуулсан "Thunder BJJ" академи, багийн дүнгээр гутгаар байрт жюү жицүгийн Монголын ууган клуб болох "Гаруда" академи шалгарсан байна.
Холбоотой мэдээ