"CS2" төрлийн "PGL Бухарест" тэмцээний финалын тоглолт өчигдөр/2025.04.13/ боллоо. Саудын Арабын "Team Falcons" болон Германы "G2 Esports" багууд учраа таарч, "Team Falcons" 3-0 гэсэн харьцаатайгаар ялж, хүсэн хүлээсэн анхны аваргын цомоо хүртэж чадав. Үүсгэн байгуулагдсан цагаасаа л олны анхаарлыг татаж, супер баг бүрдүүлэх гэж их мөнгө цацаж, будилж явсан тус баг эцэст нь фэнүүдээ баярлуулжээ.
Түрүүлсэн багт 200 мянган ам.долларын мөнгөн шагнал очжээ.
Тэмцээний шилдгээр "Team Falcons" багийн орос мэргэн бууч Абдул Гасанов "degster" тодорчээ. Харамсалтай нь энэ нь түүний "Team Falcons"-д хийсэн сүүлийн тоглолт байв. Учир нь "Team Falcons" баг "G2 Esports"-оос дэлхийн шилдгүүдийн нэг Илья Осипов "m0NESY"-г худалдан авсан бөгөөд "degster"-ийг сэлгээ рүү шилжүүлж байгаа аж.
"mONESY"-ийн хувьд "G2"-ийн төлөөх сүүлийн тоглолтоо шинэ багийнхаа эсрэг хийсэн нь сонирхолтой байв. Тоглолтын дараа тэрбээр телеграм хуудаснаа "G2 болон намайг бүхий л цаг хугацаанд дэмжиж ирсэн та бүхэндээ баярлалаа. Амьдралын минь энэ шат намайг илүү хүчирхэг болголоо. Эдгээр хүмүүс үргэлж миний ой тоонд үлдэх болно. Энэ баг миний хоёр дахь гэр, хоёр дахь гэр бүл байлаа. Бүгдэд баярлалаа" гэжээ.
"Team Falcons" баг түүний төлөө 2-2.5 сая ам.долларыг "G2 Esports" багт төлсөн гэнэ. Гэтэл саяхан Сербийн "Aurora Gaming" баг ийм үнийн дүнгээр Туркийн "Eternal Fire" багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь авсан аж. Өөрөөр хэлбэл, "m0NESY" бүтэн багийн үнэ хүрчээ.
"G2 Esports" багийн захирал Альбан Дешелот "Цуурхал үнэн. Бид CS-ийн залуу шилдэг тамирчнаа худалдахыг зөвшөөрсөн. Ильяагийн гэрээ энэ оны арванхоёрдугаар сард дуусах байсан юм. Тиймээс л багаа дахин босгох боломжоо нэмэгдүүлэхээр ийм шийдвэрийг гаргалаа. Тэр ч үүсээд буй нөхцөл байдлын улмаас багийнхнаасаа бага зэрэг холдоод байсан юм" гэжээ.
"m0NESY" шинэ багийнхаа төлөөх дебютээ энэ дөрөвдүгээр сарын 21-нд эхлэх "IEM Мельбурн" тэмцээнд хийнэ.
Ийнхүү "NiKo" болон "m0NESY" нар дахин нэгдлээ. Одоо хоёулаа сэтгэл дүүрэн, бие биедээ ханьтай тоглох биз.
C 2025-04-14 43.242.243.35
en Monesy orcih gd albr shlgulsnda ** trns falcons edr jlga alnud shhrgv gcynvd shde