Гүүрэн дээгүүр хүмүүс
Гүүрэн доогуур гол мөрөн…
Гүндээ хүсэл мөрөөдлийг живүүлнэ
Гүехэн байгаа даа, ганцаардал минь

Чулуу шидэн тоглодог бол одоо түүнийг ширтэн сууна
Он оны өмнөх улаан цэцэгс одоо ч шаргалаарааг мэдрэнэ
Он оны дараах дулаан амьдрал одоо ч хуучнаарааг ухаарна
Оршихоон байгаад уджээ… би

Өглөөхөн өвсний толгойд шүүдэр буусан гэхээр л
Өөртөө дуу аялах минь гэнэн санагдана
Худгаас ус авахдаа хуруугаа жиндүүлээд ирэхэд л
Хацартаа наахад чинь уйлахгүй байж чадсангүй ээ, ээж ээ
Хүүхэд байхдаа тарьсан цэцгээ надад
Үлгэр хэлэхдээ л хураачихсан юм уу…

***

Хавар (11 of 18)

 

МИНИЙ ДУРГҮЙ САРУУД

Өө, “дөрөвдүгээр сар хамгийн харгис сар”.
Өнгөгүй, хар-цагаан, энэ сарыг
Яагаад би үзэн ядна вэ?
Үнэндээ миний үг биш, Элиотын шүлгийн мөр.
(Ярьмааргүй зүйл амьдралд өч төчнөөн л тохиолддог)
Яг ийм дөрөвдүгээр сарын нартай өглөө
Ягаан даашинзтай нь анх харсан, нөгөө ганган бүсгүй
Нөхрийнхөө машинд сууж яваад осолд орсон…
Нөхөр нь нас барсан… өөрөө бэртээ ч үгүй…
Өршөөлгүй харгис орчлон
Үзэсгэлэн гоог ямагт эрхэмлэдэг…
Үгүй дээ, миний дургүй сар
Дөрвөн сар л яавч биш…
(Үнэхээр Элиот эндүүрчээ)
Таван сар…

 

 

 

***

ЯРУУ НАЙРАГЧ С.САРАНЦАЦРАЛТ

Хар хүн миний зүүн мөрөн дээр суун хашгична
Халтар хуруугаараа заяа төөргийг минь зааж тонгочно
Хагархай тэнгэр хамаг бороогоо талаар нэг асгаруулна
Халагласан бодлоосоо нүүр буруулан би чимээгүй зогсоно

Баруун мөрөн дээр минь цагаан хүн намбатайхан сууна
Балчигт унагачихгүй гэж намайг ахин дахин сэргийлнэ
Бодол сэтгэлийг минь цагаахан даавуунд өлгийдөөд
Барааны газраас даллан дуудна

Ханатлаа би цагаан хүнтэй өдөр бүр үнсэлцдэг юм
Хагартлаа түүнд тас тэврүүлдэг юм
Хар хүнтэй хаяахан нэг нууцахнаар уулзчихдаг юм
Халтирсан сэтгэл минь өөрийн эрхгүй татагдчихдаг юм

Цагаан, хар хоёр хүний дунд царцаа шиг дэвхэцсээр
Цал буурал үс минь цастай холилдон холдном
Цагаан, хар хоёр бодлын дунд эргэлзсээр
Цаг хугацааны зөөлөн урсгалд эргэлдвээ

***

Л.ӨЛЗИЙТӨГС

Одоо ганцхан дурлачихаад үхье
Одоо ганцхан дурлуулчихаад үхье
Одоо ганц л намрыг, шарласан тэнгэртэй нь харчихаад
Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад
Бов бор шорооноос ногоон өнгө дэлгэрэхийг үзчихээд
Болжморын нүдэн дэх инээмсэглэлийг гэрэлтэн гэрэлтэтлээ харчихаад
Өвс чирсэн шоргоолжийг үүр рүүгээ зүтгэхийг үзчихээд
Өндрийн ганц шувууг саравчлан саравчлан харчихаад
Явъя
Солонго руу давхиж яваа эрмэг цагаан гүүг
Солонгон доторх солонготой нь ганц л харчихаад явъя
Модод шөнөөр ододтой байраа солихыг үзчихээд
Одны гэрэлтэй усанд хөлөө нэг дүрчихээд
Бүр явъя
Сүүлчийн удаа, ганц л удаа
Сүмийн оройд заларсан гөрөөсөнд мөргөчихөөд буцъя
Ээ, хичнээн их хүсэл вэ, сэтгэл яасан ч их вэ
Хэний ч бичээгүй шүлэг ганцыг биччихээд л…