Солонгос хүн анх удаа утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн нь Хан Ган байв. Шведийн академийн Нобелийн хороо Хан Ганы зохиолуудын гол амин сүнсийг траума гэж тодорхойлсон байдаг. Өмнөд солонгосчуудын хувьд зүрхэнд нь гүн бат шигдэн, траума болж үлдсэн Кванжүгийн бослого гарах үед Хан Ган 10 настай жаал охин байж. Кванжүгийн бослого гэхээсээ илүү түүхэнд энэ үйл явдлыг Кванжүгийн хядлага, аллага гэж нэрийддэг. Энэ цаг үеийг ойроос мэдэрч өссөний хувьд Хан Ган өөрийн бага насаа “бяцхан хүүхдэд хэтийдсэн” гэж тодорхойлсон байдаг. Бид энэ удаагийн "Шинэ ном" буландаа Хан Ганы шилдэг бүтээлүүдийн нэг, Кванжүгийн бослогын бодит үнэнийг уудалсан "Хөвгүүн ирлээ" зохиолыг онцолж байна.
“Өмнөд солонгосчуудын траумаг сэдрээсэн онц байдал” гэж гарчиг тавиад, нийтлэл орчуулж суухдаа үнэндээ агаараар л алхаж явсан юм шиг санагдлаа. Олон жилийн өмнөх дайн байлдаан, энд тэндэхийн үймээн самууны талаар ярихдаа бид “100 хүн нас баржээ” гээд л хээв нэг хэлдэг болж дээ. Нүдээр харж, зүрхээ эмтлээгүй учраас сэтгэл тань шарх, нөхөөсгүй бүрэн бүтэн байгаа хэрэг.
Юн Сук Ёл өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал зарласан нь улс оронд яагаад тийм айхавтар эмх замбараагүй байдал үүсгэснийг, ерөнхийлөгчийг огцруулах шийдвэр зарлахтай зэрэгцээд ард иргэд нь хөлбөмбөгийн ДАШТ-д ялсан юм шиг уйлж, баярлалдсан учрыг “Хөвгүүн ирлээ”-г унших зуураа зах зухаас нь ойлголоо. Азтай цаг үед амьдарч байгаа учраас аанай л бүрэн ойлгоогүй, зах зухаас нь ойлгосон байх.
Гэтэл Кванжүгийн бослого дэгдсэн тэр үед амьдарч байсан солонгосчуудын хувьд хар дарсан зүүд гэдэг амттай жаргал байжээ. Яагаад гэвэл нүдээ нээхэд хар дарсан зүүдийг нь хол давах илүү харгис ертөнц тэднийг угтдаг байж. Гэтэл орчин цагийн зохиолч Хан Ган “Хөвгүүн ирлээ”-гээ бичихийн тулд хоёр сарын турш баримт цуглуулан судлаад, эцэст нь хар дарсан зүүднээсээ болоод урт үргэлжлүүлж чадаагүй. Угаасаа уул адил овоолсон цогцоснуудын тухай уншиж эхэлмэгц л эвгүй үнэр нь номын хуудсыг нэвтлэн гарч ирэх дөхнө. Эрүү шүүлт, эмэгтэйчүүдийг тамласан хэсгүүд нь зүрх рүү зүү шивнэ.
Илүү реалист зүйлд дуртай хүмүүст “Хөвгүүн ирлээ”-г зөвлөмөөр. Харин 20 метр урт үсээ цонхоор унжуулаад, хайртай залуугаа өрөөндөө оруулж ирдэг, луу унаад тулалддаг, сургуульд сураад эмч, багш биш шидтэн болж төгсдөг тиймэрхүү зөгнөлт зүйлд дуртай бол та цочирдож юуны магад.
Өмнөд Солонгос 40 жилийн хугацаанд даруй 16 удаа цэргийн онц байдал зарлаж байжээ. Ард түмний сэтгэл зүйд гүн шарх, айдас болж үлдсэн тэр тохиолдол бүрийг орчин цагт мартуулахгүй байх үүргийг урлаг соёлынхон нь хүлээсэн байдаг гэнэ. Кванжүгийн бослогын талаар “May 18” уран сайхны кино, “Хөвгүүн ирлээ” зохиол гэх мэтээр бүтээлүүд нэгээр тогтохгүй байдаг нь сайшаалтай. Төдийгөөс өдий хүрээд, дэлхийг соёлоороо хэрсээр өнөөдөр Азийн ардчилал, энх тайвны гэрэлт цамхаг гэж нэрлэгдэх хэмжээнд хүрсэн ард түмнээр бахархахгүй байхын аргагүй.
Ц. Эрдэнэбат 2025-04-11 202.9.46.200
1990-эд онд манай улсад тэр үеийн Монгол телевизээр Элсэн цаг гэж олон ангит кино гарч байсан даа…