Орчин үеийн спортын хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг, Лос Анжелес Лэйкерс багийн тамирчин, сагсан бөмбөгч ЛеБрон Жэймс энэ удаад хүүхдийн тоглоомын салбарын түүхэнд бичигдэв. Тодруулбал, барби хүүхэлдэйг бүтээгч "Маттел" компани ЛеБрон Жэймсийн дүртэй Кен хүүхэлдэйг гаргажээ. Ийнхүү ЛеБрон Жэймс Кен хүүхэлдэй болсон анхны мэргэжлийн эрэгтэй тамирчин болов.
"Маттел" компани уг хүүхэлдэйгээр дамжуулан хойч үедээ эерэг үлгэр дуурайлал үлдээхийг хүсч байна.
ЛеБрон Жэймсийн хүүхэлдэй энгийн Кен хүүхэлдэйнээс 2.54 см өндөр. Бодит байдал дээр тэр 2.06 см өндөр.
ЛеБроны хүүхэлдэй сагсан бөмбөгийн өмсгөлгүй ч энгэртээ ЛЖ гэсэн товчлол бүхий бомбер өмссөн байна. Бомберын нэг талын ханцуй дээр Охайо мужийн тэмдэг, титэмний дүрс, нөгөө талд нь ЛеБроны сагсны өмсгөлийн 23 дугаарыг наажээ. Харин ар талд нь "ЛеБрон – Акроноос ирсэн жирийн нэг хүүхэд" гэсэн үгийг бичжээ. ЛеБрон Охайо мужийн Акрон хотод төрсөн аж. Бомберны дотор талд "Бид нэг гэр бүл" гэсэн бичигтэй подволк өмссөн байна. Түүнчлэн бөмбөг, чихэвч, пүүз гэсэн нэмэлт хэрэгслүүд тус хүүхэлдэйнд бий.
Дашрамд дурдахад, Трампийн зарласан тарифын нэмэгдэл "Маттел" компанид ч нөлөөлж буй. Тус компани ойрын хугацаанд үнээ өсгөж, нийлүүлэлтийн сүлжээндээ өөрчлөлт оруулж магадгүй гэв.
ЛеБрон Жэймс өөрийнхөө хүүхэлдэйг хараад "Догь юм бэ? Бага зэрэг фитнес хийх хэрэгтэй харагдаж байна. Хөл нь нарийхан юм" гэж хошигножээ.
"Маттел" компани сүүлийн үед 65 жилийн түүхтэй Барби брэндийнхээ нэр төрлийг карьер, биеийн галбир, гарал үүсэл гээд илүү өргөн хүрээнд төрөлжүүлэх болсон. Барби брэнд өмнө нь Серена Уильямс, Наоми Осака, Меган Рапиное зэрэг тамирчинг алдаршуулж байсан ч ЛеБрон Жэймс энэ эгнээнд нэгдсэн анхны эрэгтэй тамирчин болж байна.
Холбоотой мэдээ