"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа Жибли студийн хамтран үүсгэн байгуулагч, манга уран бүтээлч, анимэ бүтээгч Хаяао Миязакиг онцолж байна. Түүний гайхалтай бүтээлүүд дэлхийн кино урлагийн түүхэнд тодоор бичигдсэн, хүүхэд залуусын зүрх сэтгэл, ой тоонд тодоор үлдсэн билээ. Ийнхүү та бүхэндээ анимэгийн түүхэн дэх хамгийн агуу найруулагч, уран бүтээлчдийн нэгийг танилцуулъя.
МАНГА, ХҮҮХЭЛДЭЙН КИНОНД ДУРЛАСАН ХҮҮ
Хаяао Миязаки нь 1941 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Япон улсын нийслэл Токио хотноо мэндэлжээ. Түүний гэр бүл нисдэг онгоцны эд анги үйлдвэрлэдэг компанитай байсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үеэр Японы сөнөөгч онгоцнуудыг сэлбэгээр хангадаг байв. Аав Кацүжи Мияазаки нь ахынхаа компанийн захирлаар ажиллаж, багагүй амжилтад хүрсэн гэнэ. Аав нь урлагийн талаар ойлголт багатай байсан ч уран зураг худалдан авах хоббитой байлаа.
Хаяао Миязакигийн бага насны дурсамжинд бөмбөгдөлтөд өртсөн хот, суурин л тодхон үлдсэн аж. Түүнийг гурван настай байхад буюу 1944 онд тэдний гэр бүл Токио хотоос нүүж, Үцүномияад суурьшив. Гэвч 1945 оны долдугаар сард АНУ Үцүномияа хотыг бөмбөгдөж, гэр бүлээрээ дахин нүүж, Канүма хотод очжээ.
Багаасаа бөмбөгдөлтийн чимээ, орчинд өссөн Хаяао сургуулийн сурагч байхдаа их аймхай, сул дорой, нийгмээс өөрийгөө тусгаарладаг байсан гэв. Дөрвөн хүүтэй айлын хоёр дахь ууган хүү учир том ах нь дүүгээ сургууль дээр хамгаалдаг байжээ. Ээж Ёшико нь 1947 оноос 1955 он хүртэл сүрьеэ өвчинтэйгөө тэмцэж, эмнэлэгт хэвтсэн учир хөвгүүд багаасаа гэр орны ажилд хийж, туст орсон түүхэй.
Дунд сургуульдаа Миязаки зурах авьяасаа нээж, манга уран бүтээлч болохоо эхлэлээ тавив. Гэхдээ тэрбээр хүн бус зөвхөн онгоц, танк, байлдааны хөлөг зэргийг зурдаг байлаа. Түүнд үлгэр дуурайлал болсон хүн бол "Манганы эцэг" гэгддэг Осамү Тэзүка. Багаасаа л мангаг нь уншиж өссөн учир Тэзүкагийн арга барил, дүрслэлд татагджээ.
МЭРГЭЖЛЭЭ БУС СОНИРХЛОО ДАГАСАН НЬ
Ахлах сургуулиа төгсөх жилдээ Миязаки "Панда ба Шидэт могой" гэх Японы анхны бүрэн хэмжээний өнгөт хүүхэлдэйн киног үзээд хүүхэлдэйн кино бүтээх мөрөөдөлдөө автжээ. Их сургуулийн элсэлтийн шалгалтдаа ч бэлдэхийн оронд хүүхэлдэйн киногоо үзсэн гэдэг. Түүний хувьд "Панда ба Шидэт могой" хүүхэлдэйн киноны баатарлаг үйл явдалд татагдаж, нүдэндээ нулиамстай, гүн сэтгэгдэлтэй үлдсэн гэнэ. Түүнчлэн бусдын хэв маяг, алдартай тренд дагахаас илүүтэйгээр өөрийн мэдрэмжээрээ бүтээл туурвих хэрэгтэй юм байна гэдэгт бат итгэв.
Гэхдээ залуу Миязаки ахлах сургуулиа төгсмөгцөө шууд мөрөөдлийнхөө араас явсангүй. Гакүшүин их сургуулийн улс төрийн эдийн засгийн тэнхимд элсч, Японы аж үйлдвэрийн онол гэдэг мэргэжлээр мэргэшжээ. Мэдээж сурахын хажуугаар сонирхлоо хаяагүй. Их сургуулийнхаа Хүүхдийн уран зохиолын судалгааны клубд элсэв. Шалтгаан нь комик клубтай хамгийн ойрхон, дөхөм байсан клуб нь энэ байжээ. Чөлөөт цагаараа дунд сургуулийнхаа дүрслэх урлагийн багштайгаа уулзаж, элдвийг л ярьдаг байсан гэнэ. Өөрөө ч манга зурах ажлаа эхлүүлсэн ч бүрэн дуусгасан ажил байсангүй. Зохиол тал дээрээ ч гацаж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэдгээ ойлгов.
1963 онд Миязаки Гакүшүин их сургуулиа улс төрийн шинжлэх ухаан, эдийн засгийн дипломтой төгссөн.
Шинэхэн төгсөгч ажлын анхны гараагаа мэргэжлээ бус сонирхлоо даган алдарт "Toei Doga" студиэс эхлүүлжээ. Тэрбээр эхэн үедээ "Гулливерийн аялал", "Чоно хүү Кен" зэрэг бүтээлүүд дээр зураачаар ажилласан гэнэ. Миязаки 1971 он хүртэл тус студид ажилласан бөгөөд илүү чөлөөтэй бие даан ажиллахыг хүссэн учир ажлаасаа гарсан удаатай. Ажлаа гарсаныхаа дараа Такахата, Ёичи Котабэ нартай хамт "A-Pro" студид орж, "Lupin the Third Part I" цувралын 23 ангийн 17-г нь найруулж, найруулагчийн дебютээ хийжээ.
ЖИБЛИГ ДЭЛХИЙ НИЙТЭД ТАНИЛЦУУЛАВ
Багагүй студи дамжиж, олон бүтээлээрээ танигдсан Миязаки өөрийн үнэнч хамтрагч Такахатагийн хамтаар 1985 оны зургадугаар сард Жибли студийг албан ёсоор үүсгэн байгуулав. Гэхдээ студийн нээлтээ хийхээс жилийн өмнө нэрийг нь бүртгүүлээд амжжээ. Нэрийн тухайд Италийн онгоц "Caproni Ca.309"-ийн хочоор нэрлэжээ. Жибли гэдэг нь цөлд элсэн цөлд үлээх халуун салхи гэх утгатай аж.
Жибли студийн хамгийн анхны бүтээл нь "Тэнгэрийн цайз". Энэхүү бүтээл нь нийт 2.5 сая ам.долларын ашиг олжээ. Үүний дараа "Миний хөрш Тоторо" анимэг 1988 онд үзэгчдийн хүртээл болгож, анхны томоохон амжилтаа гаргав. Тоторо ч Жибли студийн албан ёсны маскот болсон гэхэд хилсдэхгүй. Дараа нь "Кикигийн хүргэлтийн үйлчилгээ" зохиолыг дэлгэцийн бүтээл болгох эрхийг албан ёсоор авч, 1989 онд нээлтээ хийлээ. Дахиад л олны анхаарлыг татаж, үзэгчдийг байлдан дагуулсан. Ойролцоогоор 2.6 сая тасалбар борлогдож, 2.15 тэрбум ам.долларын орлого олжээ.
Миязагийн дараагийн бүтээл болох "Мононокэ гүнж" нь 1994 онд нээлтээ хийж, олон улсад гаргах эрхийнх нь төлөө томоохон компаниуд өрсөлдөж эхэлжээ. 1997 онд дэлхийн нээлтээ хийж, нийт 160 сая ам.долларын ашгийг олсон удаатай.
2000-аад онд ч Жибли студи эрчээ алдаагүй. "Хаулын явдаг цайз", "Поньо" гээд бүтээлүүд нь дэлхий даяар алдартай болсон.
ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН Ч УДААН ЗҮГЭЭР СУУСАНГҮЙ
2013 онд Миязаги нас өндөр болж, тэтгэвэрт гарах болсоноо зарлажээ. Гэхдээ Жибли студийнхээ музейд цаг зарцуулна гэж мэдэгдэв. Музейдээ ч зориулж, богино хэмжээний бүтээл туурвижээ. 2023 онд л гэхэд Миязаки студийнхээ ажилд эргэн ирж, дараагийн бүтээлдээ орсон гэдгийг Жибли студийн дэд ерөнхийлөгч Жүничи Нишиока хэлэв.
Гэр бүлийн тухайд Миязаки Акэми Ота гэх бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд тэд "Toei Doga" студид танилцжээ. Хосууд 1965 онд гэрлэж, хоёр хүүтэй болсон. Ууган хүүгээ төрсөний дараа тэд хоёулаа уран бүтээлийн ажлаа үргэлжлүүлэн хийж байсан ч хүүгээ хэцүү байхыг хараад эхнэр нь ажлаасаа гарч, гэрийн эзэгтэй болов. Миязаки ч ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлж, гэр бүлдээ цаг гаргах нь багасчээ. Түүний том хүү Горо 2006 онд өгсөн ярилцлагадаа "Аав минь эцэг хүний хувьд тун тааруу үнэлгээ авна. Харин анимэ найруулагчийн хувьд өөлөх зүйлгүй, хамгийн өндөр үнэлгээг авна" гэжээ.
Миязаки ч сайн аав байхыг хичээсэн ч санаагаар нь болгож өгөөгүй гэнэ. Тэрбээр хүүхдийнхээ өмнө буруутэй мэт санагддаг гэв.
Горо өдгөө Жибли студийн музейд ажилладаг бол бага хүү Кэйсүкэ нь ойн аж ахуйн чиглэлээр Шиншү их сургууль сурч, энэ чиглэлээрээ ажиллаж байгаа.
Английн алдарт "BBC" агентлагийн Тесса Вонг 2016 онд Миязакиг "Японы анимэйшн киноны загалмайлсан эцэг" гэж тодорхойлсон. "Pixar" студи хүртэл түүний бүтээлээс санаа авдаг гэх. 2003 онд Миязаки Оскар авахдаа өөрийн биеэр шагналаа гардаж аваагүй. Учир нь тэрбээр Иракийг бөмбөгдөж буй улсад очихыг хүсээгүй гэжээ. Өөрөө бөмбөгдөлтийн зовлонг мэддэг учир тийм зовлон мэдрүүлж буй улсад очиж, баярлах нь утгагүй санагдсан аж.
Холбоотой мэдээ