Сурвалжлага: Альфа үеийнхэн эцэг эхээрээ мэргэжлээ заалгахаа больжээ

Сурвалжлага: Альфа үеийнхэн эцэг эхээрээ мэргэжлээ заалгахаа больжээ

Сурвалжлага: Альфа үеийнхэн эцэг эхээрээ мэргэжлээ заалгахаа больжээ

"Би сарын дараа элсэлтийн шалгалт өгнө. Мэргэжлээ сонгож чадахгүй байна гэх сурагчид манай төвд цөөнгүй ханддаг. Мэргэжил сонголтоо хийгээгүй байхаас илүүтэй буруу мэргэжил сонгох нь аюултай. Хэрэв үнэхээр өөрийн хүсэл, сонирхлоо мэдэхгүй, мэргэжлийн чиг хандлагын талаар судлаагүй бол нэг жил өнжөөд их сургуульдаа элсэхийг зөвлөдөг. Ингэснээр буруу шийдвэр гаргах эрсдэлийг бууруулна.

Амьдралын хань, мэргэжил хоёртоо хийсэн сонголт цаашдын амьдралыг тодорхойлдог гэдэг зүгээр ч нэг үг биш.

Тиймээс аль болох эрт эцэг, эхтэйгээ ярилцаж, шаардлагатай бол мэргэжлийн хүнээс зөвөлгөө авч, хамгийн гол нь өөрийгөө хүсэл, сонирхлын дагуу мэргэжлээ сонгох хэрэгтэй" талаар "Амрита" мэргэжил сонголтын төвийн зөвлөх багш Ө.Туул ярилаа.

Төгсөх ангийн сурагчдын ЭШ удахгүй болно. Өсвөр үеийнхэн мэргэжлээ сонгох хариуцлагатай үе ирсэн учраас тус төвийг зорин ирэх сурагчид нэмэгджээ. Тэдний нэг нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумаас ирсэн есдүгээр ангийн сурагч Б.Ариунзаяа юм. Түүнийг ямар нэгэн асуумж бүхий тест бөглөж байхтай зэрэгцэн, зөвшөөрөл авч дотогш орлоо.

Тэрбээр "Архитектур гэдэг нь юу хийдэг хүн бэ, Утга зохиол судлаач гэж ямар ажил байдаг юм бэ? гэхчлэн асуулт асуусаар тестээ бөглөх аж.

Харин зөвлөх багш Ө.Туул цаасан дээр байгаа ямар нэгэн зүйлийг нягтлах зуураа бүх асуултад хариулан, тайлбарлаж өгч байлаа.

"МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН ТЕСТ СОНИРХОЛТОЙ САНАГДСАН"

"Миний хувьд спортод их сонирхолтой. Гэхдээ үүнээс өөрөөр өөрийгөө тодорхойлох, мэргэжлийн чиг баримжаа авах зүйл байхгүй. Эргэн тойрны найз нөхдийн маань зарим нь л мэргэжлээ сонгосон. Сонгохдоо ихэвчлэн тухайн мэргэжлээрээ ажиллаад ямар цалин авах вэ гэдгийг чухалчилдаг. Мөн эцэг, эхтэйгээ ярилцсаны үндсэн дээр ямар нэг мэргэжил сонгох нь ч бий. Мэдээж гэр бүлтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй ч гэсэн өөрийнхөө юунд сонирхолтойг мэдэхгүйгээр 100 хувь тухайн мэргэжлийг сонгох буруу гэж бодож байна. Тиймээс гэр бүлийнхэнтэйгээ ярилцахдаа өөрийгөө сайн илэрхийлэх хэрэгтэй юм болов уу. Би Дархан-Уул аймагт сурдаг. Орон нутагт яг мэргэжил сонголтоор дагнасан төв байхгүй. Хүүхэд хөгжлийн төв гэх мэт газрууд байдаг ч гэсэн зорьж очиж үзээгүй. Харин интернетээс шинжлэх ухааны тусламжтайгаар мэргэжлээ тодорхойлуулах боломжтой гэдгийг уншаад тус төвийг зорьж ирсэн гэлээ. Б.Ариунзаяа ээжийнхээ хамт ирсэн байх ба түүний ээж охиноо аль болох бүх талаар дэмжихийг хүсдэг ч төдийлөн цаг гаргаж чаддаггүй гэдгээ хэлж байлаа. Тэрбээр охиндоо тохирох мэргэжлийн талаар мэргэжлийн хүнээс зөвөлгөө авах хүсэлтэй байгаа бол түүний нөхөр харин үүнд эсрэг байр суурьтай байдаг аж. Тухайлбал тест авч, төхөөрөмжөөр оношлоод хүүхдийн авьяас, ур чадварыг мэдэх боломжгүй гэж үздэг гэлээ.

“Amrita” мэргэжил сонголтын төвийн үүсгэн байгуулагч, зөвлөх Ө.Туулаас зарим зүйлийг тодрууллаа.

147 МЯНГА ГАРУЙ ОЮУТАН МЭРГЭЖЛЭЭ СОЛИХ ХҮСЭЛТЭЙ БАЙДАГ

-Мэргэжил сонголтын тест сонирхолтой санагдлаа. Хүүхдүүдэд тодорхой хэв шинжүүдэд нь тохирсон зөвлөгөө өгдөг үү? 

-Манай “Amrita” мэргэжил сонголтын байгууллага үйлчлүүлэгчээ гурван төрлийн тестээр оношилж, мэргэжлийн зөвлөгөө өгч ажилладаг. Ингэхдээ Монгол хүний онцлогт нийцүүлэн сургалт, зөвлөгөө өгч байна. Орос, Америк, Энэтхэг улсын эрдэмтдийн гаргасан шинжлэх ухааны үндэстэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог арга аргачлал, оношилгооны төхөөрөмж ашигладаг. Бүх насныхан оношлуулах боломжтой. Манайх боловсролын салбарын багш нараар багаа бүрдүүлсэн. Түүнчлэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ЕБС-ийн сурагчдад мэргэжил сонголтын тест, зөвлөгөө, зөвлөмжийг үнэ төлбөргүй өгч ажилладаг. Ингэхдээ хүүхдийн хүсэл сонирхол чадварыг шалгасан 100 гаруй асуултыг тавьж, гурван тестийн аргаар гаргадаг. Нэг ёсондоо таван мэдрэхүйгээр нь шинжиж тогтоодог гэсэн үг.

Тест өгснөөр ямар чадваруудаа мэдэх боломжтой вэ?

-Оюун ухааны тестээр зүүн баруун тархины ялгаа, давуу талыг мэдэж болно. Тархины суралцах чадварын түвшин, төрөлхийн оюуны чадамж, суралцах хурд нь ч гарна.

Мөн EQ, IQ, AQ, CQ буюу дөрвөн “Q” чадвар, итгэлцүүр тодорхойлогддог. Үүгээр суралцах арга барил, шинж чанар, хэлбэр онцлог нь гардаг.

Олон талт оюуны чадамж, тэдгээрийг хөгжүүлэх арга, хүний төрөлх зан төлөв, хувийн онцлог давуу болон сул талаа ч мэдэж авах боломжтой. Харилцааны ур чадвар, хамтран ажиллах чадвар, авьяас билэг, сонирхлоо олохоос гадна мэргэжлийн чиг баримжаа нь ч гардаг шүү. Харин тоон оношилгооны тестээр зан чанар, эрч хүч, био энерги, танин мэдэхүй, сонирхол, эрүүл, мэнд, логик сэтгэлгээ, хөдөлмөрлөх чадвар нь харагдана. Үүнээс гадна азтай байдал, аз тэтгэх, үүрэг хариуцлага хүлээх чадвар, ой санамж оюун ухаан, зорилго эрмэлзэл, гэр бүл, дадал зуршил, өөрийн үнэлэмж гоц авьяас, оюун санааны чадавх нь харагддаг. Мэргэжил сонголтын тест нь нийгмийн хэв шинж, ажил хэрэгч хэв шинж, судлаач, шинжээч хэв шинж, уран сайхны хэв шинж, бодит үйл ажиллагаа, стандартыг баримтлах хэв шинж зэрэг зургаан хэв шинжийг илрүүлдэг.

-Сурагчид мэргэжил сонголт хийхдээ гаргадаг түгээмэл алдаа  юу вэ? 

-ЭШ дөхөх үед, эсвэл бүр дараа нь шалгалтын оноондоо таарсан мэргэжил сонгох нь зөв алхам биш. Тиймээс дунд ангиасаа эхлээд мэргэжлээ тодорхойлж, сонгох нь зүйтэй. Цалингийн зээл, тэтгэврийн зээл, малчны зээлийн дийлэнх хувь нь оюутны сургалтын төлбөрт зарцуулагддаг. Эцэг, эх нь хүүхдээ мэргэжилтэй, боловсролтой болгохын тулд санхүүгийн эрсдэл хүлээж, ирээдүйд нь хөрөнгө оруулдаг. Гэвч тухайн хүүхэд мэргэжил сонголтоо буруу хийснээс шалтгаалж, сургуулиа хаях, төгссөн мэргэжлээрээ ажиллахгүй байх, зорилго, мөрөөдөлгүй болох аюултай. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас оюутнуудын дунд явуулсан мэргэжлийн чиг хандлага тодорхойлох судалгааны үр дүнд судалгаанд оролцсон нийт оюутнуудын 60 хувь буюу 147285 оюутан мэргэжлээ солих буюу өөр мэргэжлээр суралцах хүсэлтэй байдаг нь тогтоогдсон. Аль болох бага насандаа өөрийн хүсэл сонирхлыг мэдэж, мэргэжил сонголтоо хийх нь ирээдүйдээ хийх хамгийн том хөрөнгө оруулалт юм.

-Дунд ангиасаа эхлэн мэргэжлээ сонгох хэрэгтэй гэлээ. Өөрт тохирсон мэргэжлээ сонгохдоо юун дээр анхаарах вэ? 

-Мэргэжил сонгохдоо гурван асуултыг өөртөө тавих хэрэгтэй. Хамгийн түрүүнд тухайн мэргэжилд дуртай эсэхээ мэдэх. Мөн өөрийн биеийн онцлогтоо тохируулж сонгох нь чухал. Гуравдугаарт тухайн мэргэжил зах зээлд хэр эрэлт хэрэгцээтэй болохыг судлах хэрэгтэй.  Мөн тухайн мэргэжлээ гадаад хэлээр сонирхож судлаад үзээрэй гэж зөвлөж байна. Мөн төрөлх өгөгдөл, авьяас чадвартаа тулгуурлаж мэргэжлээ сонговол үр дүнтэй. Дэлхийн том байгууллагууд ажилтныхаа IQ бус EQ-г нь хардаг болсон. Тархины хөгжлийн тестээр байгалиас өгөгдсөн чадвараа тодорхойлох боломжтой.

"ИХЭВЧЛЭН 11-Р АНГИДАА МЭРГЭЖЛЭЭ СОНГОДОГ"

Өсвөр үеийнхэн ихэвчлэн арваннэгдүгээр ангидаа мэргэжлээ сонгодог аж. Энэ нь магадгүй дараа жил нь элсэлтийн шалгалт өгөхтэй холбоотой гэв. Уулзаж, ярилцсан дөрвөн хүүхдийн хоёр нь мэргэжлээ итгэлтэйгээр сонгосон бол нэг нь огт сонгоогүй, үлдсэн нэг нь эргэлзэж байгаа талаараа хуваалцлаа.

Мөн тэдний гурав нь гадаад улсад ажиллаж, амьдрах сонирхолтой байгаа бөгөөд эргэлзэх зүйл байхгүй гэсэн юм. Тэдний хувьд физикч, хилийн цэрэг, инженер гэсэн мэргэжлүүдийг сонгожээ. Мэргэжлээ сонгохдоо өөрийн дуртай хичээл, үлгэр дуурайлал авдаг хүнийхээ зөвлөмжийг авах, тухайн хүнээ даган дуурайх байдлаар сонгосон байна. Гэвч тэд мэргэжил сонгохдоо уламжлалт гэр бүлийн тулган шаардалт, эцэг эхийн хүсэлтээр мэргэжлээ сонгохоос татгалзаж, өөрийнхөө хүсэл сонирхлыг тэргүүнд тавьдаг болжээ.

Өсвөр үеийнхэнд мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөр ЕБС-д хангалтгүй байдаг ч гэлээ, техник технологи хөгжсөн үед хүн өөрөө хүссэн мэдээллээ авах боломжтой. Хамгийн гол нь зөв эх сурвалжаас, зөв мэдээлэл авах хэрэгтэй гэдгийг тэд хэллээ.

ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ 10 МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТЫГ ГАРГАЖЭЭ

Нийгэмд эрэлттэй байгаа мэргэжлүүд цаг үеэ даган өөрчлөгдөж байдаг. Тэгвэл одоо ямар мэргэжил хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгааг мэдэхийн тулд “Studyportals” цахим платформ дэлхийн 3500 дээд боловсролын сургуулийн англи хэлээр хэрэгжүүлдэг 200 мянга гаруй бакалаврын хөтөлбөрийн мэдээллийг судалснаар 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ.  Үүнд:

Веб-технологи ба үүлэн тооцоолол

  • Мэргэжлийн эрэлт: 2022 оноос хойш 53.6 хувиар нэмэгдсэн
  • Суралцах хүсэлтэй хүүхдүүдийн тоо 2.7 дахин нэмэгдсэн

Дэлхий даяар үүлэн тооцоолол, вэб сайт, программуудыг хөгжүүлэх, дэмжихэд шаардлагатай технологийн чиглэлээр суралцах сонирхолтой оюутнуудын тоо асар хурдацтай нэмэгдэж байгаа нь бизнесийн салбар, нийгмийн харилцаанд тасралтгүй явагдаж буй цахим өөрчлөлттэй холбоотой.

Сэргээгдэх эрчим хүч

  • Мэргэжлийн эрэлт: 2022 оноос хойш 43.6 хувиар өссөн
  • Суралцах хүсэлтэй хүүхдүүдийн тоо 2.9 дахин нэмэгдсэн

Дэлхийн уур амьсгал дулаарч, байгалийн нөөц жилээс жилд багасаж буйтай холбоотойгоор улс орнууд сэргээгдэх эрчим хүчинд шилжиж байгаа нь энэ чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнуудын тоо ялангуяа Европт хамгийн ихээр нэмэгджээ. Тэр дундаа Германд эрэлт ихтэй байгаа бөгөөд тогтвортой эрчим хүчний чиглэлээр бакалаврын зэрэг олгох хамгийн сайн хөтөлбөрийг Герман, Нидерланд, Итали, Ирланд улсуудад боловсруулсан байна.

Хиймэл оюун ухаан

  • Мэргэжлийн эрэлт: 2022 оноос хойш 36.1 хувиар өссөн
  • Суралцах хүсэлтэй хүүхдүүдийн тоо 4.4 дахин нэмэгдсэн

Хиймэл оюуны технологиуд хурдацтай хөгжсөн нь олон оронд энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчний огцом хомсдолыг бий болгожээ. Энэ чиглэлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрүүдийн дийлэнх нь АНУ, Их Британийн их дээд сургуулиудад төвлөрч байгаа бол Азийн орнуудын, ялангуяа Пакистаны залуус эдгээр хөтөлбөрт идэвхтэй хамрагдаж байна.

Машин сургалт 

  • Мэргэжлийн эрэлт: 2022 оноос хойш 34.1 хувиар өссөн
  • Суралцах хүсэлтэй хүүхдүүдийн тоо 2.9 дахин нэмэгдсэн

Өнөөдөр олон салбарт шийдвэр гаргах, үйл явцыг автоматжуулахын тулд мэдээллийн дүн шинжилгээнд суурилж байгаа тул хиймэл оюуны технологи эрэлт хэрэгцээтэй болж байна. Сүүлийн үед Герман, Бангладеш, Пакистан, Марокко, Непалаас олон оюутан машин сургалтыг сонирхох болжээ.

UX-дизайн

  • Мэргэжлийн эрэлт: 2022 оноос хойш 32.9 хувиар өссөн
  • Суралцах хүсэлтэй залуусын тоо 3.5 дахин нэмэгдсэн.

Хэрэглэгчийн туршлагыг загварчлах нь техник, төхөөрөмжүүд, цахим хуудсууд, программуудтай ажиллахад тохиромжтой хэрэгслүүдийг бий болгоход тусалдаг. Оюутнууд энэ чиглэлээр ихэнхдээ Бельги, Швед, Нидерландад суралцаж байна.

Европын хууль эрх зүй

  • Мэргэжлийн эрэлт: 2022 оноос хойш 28.6 хувиар нэмэгдсэн
  • Суралцах хүсэлтэй залуусын тоо 4.7 дахин нэмэгдсэн

Европын эрх зүйн тогтолцоо нь Европын Холбооны гишүүн орнуудын нутаг дэвсгэрийг хамардаг тул эдгээр орны иргэд уг тогтолцоог судлахыг хамгийн ихээр сонирхож байна. “Европын хууль эрх зүй” хөтөлбөрийг ихэвчлэн Нидерланд, Герман, Итали, Польш, Румын улсуудын оюутнууд сонгодог.

Мэдээллийн технологи

  • Мэргэжлийн эрэлт: 2022 оноос хойш 25.7 хувиар өссөн
  • Суралцах хүсэлтэй оюутнуудын тоо 2.7 дахин нэмэгдсэн

Мэдээллийн технологи нь ихэнх бизнесийн үйл явцын цөм нь байдаг учраас эл мэргэжил нь дэлхий даяар эрэлттэй, нэр хүндтэй хэвээр байгаагийн зэрэгцээ тухайн чиглэлийн боловсролын хөтөлбөрүүдийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.

Шүдний эмч

  • Мэргэжлийн эрэлт: 2022 оноос хойш 24.1 хувиар өссөн
  • Суралцах хүсэлтэй залуусын тоо 2.9 дахин нэмэгдсэн

Манай гаргийн алслагдсан бүс нутгуудад чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ бий болсноор шүдний эмчийн хэрэгцээ байнга нэмэгдэж байна. Өмнөд Африк, Пакистаны залуучууд шүдний эмч болохыг хамгийн ихээр хүсэж байгаа ажээ.

Олон улсын бизнес 

  • Мэргэжлийн эрэлт: 2022 оноос хойш 15.5 хувиар өссөн
  • Суралцах хүсэлтэй залуусын тоо 2.9 дахин нэмэгдсэн

Даяаршил ба улс орнууд хоорондын эв нэгдэлгүй байдал гэсэн хоёр чиг хандлага газар аваад буй өнөө үед олон улсын бизнес, худалдааны харилцааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ байнга нэмэгдэж байна.

Программ хангамж хөгжүүлэгч

  • Мэргэжлийн эрэлт: 2022 оноос хойш 12.4 хувиар өссөн
  • Суралцах хүсэлтэй залуусын тоо 2.6 дахин нэмэгдсэн

Программ хангамж хөгжүүлэх хөтөлбөрүүдийн эрэлт хэрэгцээ нь дээр дурдсан мэргэжлүүдээс арай бага хурдацтай нэмэгдэж байгаа боловч хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг хэвээр байна.

Гэрэл зургийг О.Болорсувд 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-10 66.181.190.218

зөв шүүгээ. аав ээж нь болохоор хуульч, эдийн засагч болгох гээд байдаг. гэтэл зөндөө олон сайхан мэргэжил байна шүүдээ

Avatar

Нэргүй 2025-04-10 202.126.90.111

үнэндээ альфа, зет г.м инээдтэй нэршилд тохирох залуус Монголд цөөхөн шүү. Энэ цөөнх маань л ирээдүйн монголыг эргүү тэнэгүүдтэй нь хамтад нь авч явна . Их хүнд ачаал үүрэх нь дээ. ядаж бхад тэнэгүүд нь олширсоор л бна.

Avatar

Э 2025-04-10 66.181.176.238

ээж ааваасаа мөнгө нэхэхээ больсны дараа заалгахаа болих хэрэгтэй

Avatar

70 80 оныхон 2025-04-10 202.171.211.190

Хүнийг альфа зет гэх мэтээр ялгах нь утгагүй юм. Дээр үед одоогийн залуус өөр боллоо гэж байсан. Одоо хүүхдүүд цахим технологийг дамжуулаад биднээс илүү байгаа мэт харагдавч ч бидэнтэй ялгаагүй илүү чих, илүү тархи илүү нүдтэй болоогүй жирийн л хүмүүс, хэрэв гай гамшиг, эрчим хүч,
сүлжээ унаад хэд хоновол бид үр хүүхдүүддээ сургаж заахаас өөр аргагүйд хүрнэ цаадуул чинь баларна.

Avatar

MGL 2025-04-10 103.229.177.34

Таалагдахгүй бол дахиад өөр мэргэжил эзэмшиж болно оо

Avatar

Нэргүй 2025-04-10 184.144.51.152

Манайд ийм үеүүд тоxироxгүй, стрэсдэлгүй олдсоныг нь автал xожиx ч байдаг зөнд нь орxи ам\драл өөрийнxөө голдрилоор оруу;аад аваад явчихна, нүсээ аниад явж байсан нь дээр

Avatar

Нэргүй 2025-04-10 66.181.178.135

засс аав ээжийнхээ сонгож зөвлөсөн мэргэжлээс татгалзаад өөрийн дураар явсаад сүүлд оройтсон хойно нь ухаарч ойлгоод толгойгоо шааж яваа хүмүүс маш олон шүү.амьдрал хэлээд өгдөг цаг хугацаа харуулахд өгдөг.өарөө сонгоод амжилтанд хүрдэг нь олонч буруу сонголд харамсдаг нь бас л олон байдаг шүү . Аливаа үеэл баримтлалд хэт туйлширах нь утгагүй

Avatar

Нэргүй 2025-04-10 66.181.191.139

ГЭРИЙН УЛАМЖЛАЛТ ХАРИЛЦААНД ТУЛГУУРЛААГҮЙ ЗҮЙЛ ӨЧҮҮХЭН Ч ҮГҮЙ.

Avatar

Нэргүй 2025-04-10 14.1.81.128

Энэ АНУ Хүн ам зүйдээ хийсэн судалгаагаар M, Z, Alfa үе гэж нэр томъёогоор тодорхойлсоныг Монголчууд шууд аваад өөртөө наагаад ашиглаад байх_ тэр M,Z,Alfa нь Монголчуудад ямар ч хамааралгүй тодорхойлолт доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж