Байр суурь: Хөрөнгө санхүү биш уялдаа холбоо дутаж байна

Байр суурь: Хөрөнгө санхүү биш уялдаа холбоо дутаж байна

Байр суурь: Хөрөнгө санхүү биш уялдаа холбоо дутаж байна

Монгол Улсад нүхэн жорлонг халж, эрүүл ахуйн хүртээмжтэй инновацлаг шийдлүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Дэлхийн зөн ОУБ, ЮНИСЕФ, Дэлхийн жорлонгийн байгууллага хамтран дугуй ширээний уулазлт зохион байгууллаа. Энэ үеэр талууд олон санал санаачилга гаргасан юм.  Ингээд оролцогч талуудын байр суурийг хүргэж байна.

ХӨРӨНГӨ САНХҮҮ БИШ САЙН УДИРДЛАГА, УЯЛДАА ХОЛБОО Л ДУТАЖ БАЙНА 

ДЭЛХИЙН ЖОРЛОНГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ЖАК СИМ:

-Зарим хүн ариун цэврийн байгууламжийг сайжруулах талаар ярихаа мартаж, зөвхөн усны талаар ярьдаг байсан. Тийм учраас би Дэлхийн Жорлонгийн байгууллагыг байгуулсан. Дэлхий даяар жорлонгийн хувьсгалыг эхлүүлсэн. Үүний үр дүнд хүмүүс ариун цэвэр, эрүүл ахуй нь хүний эрүүл мэнд, бүтээмж, амьдралын чанар, бүр охид сургуулиасаа гардаг шалтгаантай ч холбоотой гэдгийг ойлгож эхэлсэн. Охид ариун цэвэрийн хэрэглэлээ солих газаргүйгээс болж сургуулиа орхидог тохиолдол ч бий. Мөн Энэтхэг, Африк зэрэг улсад эмэгтэйчүүд нүхэн жорлон явахдаа хүчирхийлэлд өртдөг нь гэмт хэргийн асуудалтай ч холбоотой. Энэ хөдөлгөөнийг анх эхлүүлэхэд хүмүүс “жорлон ярих хэрэггүй” гэдэг байсан.н. Гэхдээ хэсэг хугацааны дараа энэ сэдвийг маш ноцтой хүлээж авдаг болсон. Ариун цэврийн байгууламжийг сайжруулах тухай асуудалд хэвлэл мэдээлэл маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Хүмүүсийн дунд энэ сэдвийн ач холбогдлыг ойлгуулахад тусалсан. Нэгэнт хүн бүр яриад эхэлмэгц, энэ нь жирийн зүйл болдог. Тэгээд хүмүүс “тэгвэл шийдэл нь юу вэ?” гэж бодож эхэлдэг.

Монгол Улс маш хурдацтайгаар хотжиж байгаа учраас энэ үеийг шилжилтийн чухал үе гэж харж байна. Гэсэн хэдий ч Монгол Улсын ариун цэврийн байгууламжтай холбоотой дүрэм журам стандарт нь Зөвлөлтийн үеийнх хэвээр байна. Амьдралын чанар сайжирч байгаа ч ариун цэврийн байгууламж, жорлонтой холбоотой стандартын асуудал орхигдсон байна. Монгол Улсыг нүхэн жорлонгоос нь салгах асуудалд төр, хувийн хэвшил бас олон улсын байгууллагууд санаа зовж, өөр өөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Гэсэн хэдий ч  салбар хоорондын уялдааг холбоог хангах нэг удирдлагын байгууллага дутмаг байна гэж харж байна. Учир нь жорлон, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудал нь аялал жуулчлал, боловсрол, байгаль орчны хамгаалал, тээвэр зэрэг олон салбарыг хамардаг ч салбар бүр зөвхөн нэг хэсэгт нь л хариуцлага хүлээдэг. Тиймээс энэ бүх уялдаа холбоог хангаж ажиллах төв байгууллага хэрэгтэй. Тухайн байгууллага стандарт тогтоож, шинэ хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, эдгээр салбар хоорондыг уялдааг хангаж ажиллах ёстой. Хэрвээ нэгдсэн бодлого, удирдлагаар хангаж ажиллах байгууллага байхгүй бол, салбар тус бүрд тус тусдаа өөрчлөлт хийхэд маш хэцүү. Түүнчлэн төсөв, хөрөнгө, хүн хүч нь ч тарамдана.  УИХ-ын гишүүд өөрийн тойргийн иргэдийн амьдралд их санаа тавьдаг. Тиймээс тэднийг ч бас оролцуулах хэрэгтэй. Хамгийн үр дүнтэй нэг арга нь улсын удирдагч өөрөө тэргүүлж, хөдөлгөөн эхлүүлэх явдал юм. Энэтхэгт ерөнхий сайд Моди “Цэвэр Энэтхэг” хөдөлгөөнийг тэргүүлж, 110 сая жорлон барьж, асар том хувьсгал хийсэн. Хятадад Ши Жиньпин дарга “Жорлонгийн хувьсгал”-ыг өөрөө ахалж, 1.4 тэрбум иргэний нийтийн жорлонг сайжруулсан. Хэрвээ Монгол Улсын Ерөнхийлөгч жорлон, ариун цэврийн асуудлаар манлайлбал, бүх зүйл өөрчлөгдөнө гэж харж байна.

Нүхэн жорлонг сайжруулах ажил энгийн зүйлээс эхэлдэг. Сургуулийн жорлон сайжирвал, айлын жорлон сайжирна. Нүрэн жорлонгоос үүдэх хөрс, гүний ус, худгийн усны бохирдол буурна. Түүнийг дагаад хүний эрүүл мэнд сайжирна. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал хөшүүрэг болдог. Монголын үзэсгэлэнт байгальд аялах хүсэлтэй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж, аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна.

Тэдэнд тулгамддаг хамгийн хүндрэлтэй асуудлын нэг нь нүхэн жорлонгийн асуудал байдаг гэдгийг олон хүн хэлж байсан. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ариун цэврийн байгууламжийн чанар, стандарт чухал нөлөө үзүүлнэ гэж харж байна.  Монгол Улс жилийн дөрвөн улиралтай. Тэр дундаа өвлийн улиралд -40 хэм хүрдэг учраас бүх зүйл хөлддөг. Өтгөн, шингэн мөсөн багана шиг царцаж, дээш чиглэн хөлддөг. Бид Хятадын хойд нутгаас, Хэйлонжян, Харбин болон Өвөр Монголд хэрэгжүүлсэн сайн тухшлагуудынхаа шийдлийг Монголд нутагшуулахаар ирсэн. Дээрх бүс нутаг мөн л адил хүйтэн уур амьсгалтай. Тэнд янз бүрийн шийдлүүд хэрэгжүүлсэн. Маш хямд өртөгтэй буюу хэн ч авч хэрэглэх боломжтой хувилбараас эхлээд зочид буудал, амралтын газарт зориулсан илүү дэвшилтэт хувилбарууд ч байна. Хэдэн хүн хэрэглэхээс шалтгаалаад тохирох технологийн сонголтууд бэлэн болсон. Эндээс ойлгох ёстой хамгийн чухал зүйл бол Монголд тулгарч буй аливаа асуудлыг өөр газар хэн нэгэн аль хэдийн шийдсэн байдаг. Дэлхийн Жорлонгийн Байгууллагын үүрэг бол энэ бүх шийдлийг технологи, санхүүжилт, бодлого, стандарт, хууль болон салбар хоорондын уялдаатай нь хамт Монголд нутагшуулах юм.

Дэлхийн улс оронтой харьцуулахад Монгол Улс дундаас дээш орлоготой, хөгжиж буй орны тоонд ордог. Хөрөнгө санхүү дутаж байна гэхээс илүүтэй сайн удирдлага, уялдаа холбоо л дутаж байна гэж дүгнэж байна.

Хэрвээ бид дараа жил Дэлхийн Жорлонгийн Чуулганыг Монголд зохион байгуулж чадвал, бүх оролцогчдыг цуглуулж, тэдэнд үзүүлэх үр өгөөжийг урьдчилан гаргаж өгвөл тэд итгэл үнэмшил дүүрэн оролцоно. Цаашлаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулвал бүр ч нөлөө үзүүлнэ. Нөлөөллийн ажилд төрийн өндөр албан тушаалтан оролцоу уриалга гарвал Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд анхаарал хандуулна. Улмаар шат шатны төрийн албан хаагчид, шийдвэр гаргагчид ч идэвхтэй оролцоно.  Улмаар олон улсын болоод хувийн хэвшилийн байгууллагуудтай ч хамтран ажиллаж чадна. Монгол Улс үнэндээ нүхэн жорлондоо хувьсгал хийх бүрэн боломжтой, нөөцтэй улс. Монголчуудад хамгийн хэрэгтэй зүйл бол сайн жорлон гэж харж байна.

НҮХЭН ЖОРЛОНГООСОО САЛЖ ЧАДААГҮЙ ШАЛТГААН НЬ ЖОРЛОНДОО АЧ ХОЛБОГДОЛ ӨГДӨГГҮЙТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ

УСНЫ ГАЗРЫН ДАРГА З.БАТБАЯР:

-Одоогоос 15 жилийн өмнө  нэг нүхэн жорлон ямар хэмжээнд бохирдол тарааж байгааг судалгаагаар тогтоосон. Тухайн үед ямар хөрсөнд байгаагаасаа шалтгаалаад 250-600 метрын радиуст нүхэн жорлонгоос гарч байгаа гэдэсний савханцар нян тарж байгаа нь тогтоогдсон. Гэтэл уг судалгаанаас хойш өнөөдөр хэдэн нүрэн жорлонтой байгаа талаар тоймтой хариу өгөх хүн алга. Бид улсын хэмжээнд хэдэн төгрөгийн орлого олж, зарлага гаргаж байгаа гэдгээ хэмжиж чадаж байгаа боловч хэдэн нүхэн жорлонтой гэдгээ нарийн тооцож чадаагүй байна. Миний хувьд сүүлийн хоёр жилд 680 мянган нүхэн жорлон байгаа талаар тооцоолол танилцуулахад уг тоог няцааж байгаа ч хүн алга. Нөгөө талдаа баталж байгаа ч хүн алга. Улаанбаатар хотод 700 орчим мянган автомашин байгаа гэсэн судалгаа бий. Дээрх тээврийн хэрэгслээс үүдэн нийслэлчүүд асар их зүйл алдаж байгаа. Гэхдээ нэг ширхэг автомашин нэг ширхэг нүхэн жорлон хоёрын аль нь хортой вэ. Дараагийн ээлжинд дурдах тоо бол худагтай холбоотой. Нийслэл Улаанбаатар хотод энэ жилийн байдлаар 18 мянган гүний худаг бий.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээг 4700 км гэж үзэх юм бол 200 метр тутамд нэг ширхэг гүний худаг байна. Гэтэл 680 мянган жорлонгоо тоолоод үзвэл 60 метр тутамд нэг жорлон байна гэсэн үг. Үүнээс үзэхэд дээр дурдсан 250-600 метрын радиуст тарж байгаа гэдэсний савханцар нян тэр чигтээ тарчихсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр нийслэл Улаанбаатарчууд голынхоо усанд сэлж болохооргүй нөхцөл байдалд оччихсон байна.

Өнгөрсөн жилийн наймдугаар сард Улаанбаатар орчмын гадаргын усанд сэлэхийг хориглосон. Нэг үеэ бодвол иргэд голын усанд автомашинаа угаахаа больсон. Нэг талаар сайн жишээ юм шиг боловч нөгөө талдаа тухайн голын ус гэдэсний савханцар нянгаар бохирдчихсон учраас автомашинаа угаахаа больсон. Гэтэл зарим эцэг эхчүүд ийм бохирдолтой усанд хүүхдээ оруулж байна. Өнөөдөр хүүхдүүд эмнэлэгт багтахгүй коридорт хэвтэж байна. Үүний шалтгаан нь бид бүхний хэрэглэж байгаа нүхэн жорлонтой шууд холбоотой. Нүхэн жорлон гэхээр зөвхөн гэр хорооллын иргэд хамаатай, тэд буруутай юм шиг ташаа ойлголт бий. Орон сууцанд амьдарч байгаа 750 гаруй мянган хүн, дээр нь үйлдвэр аж ахуйн газруудын гаргасан бохирдол Туул голыг тэр чигээр нь бохирдуулж байна. Туул голын бохирдлын үндсэн эх үүсвэр нь төв цэвэрлэх байгууламж болчихсон.  Хөрсний бохирдлыг цэвэрлэдэг зүйл нь ус. Гэтэл хөрсний бохирдол битгий хэл урсгал устай голын уснаас гэдэсний савханцар өвчний нян илэрч байна. Үнэнийг хэлэхэд өнөөдрийг хүртэл олон нийтийг хамарсан халдварт өвчин дэгдчихгүйхэн шиг, олон мянган иргэн амь насаа алдчихгүйхэн шиг амьдарч байгаа нь их юм. Ус гол цэвэр байх нь бүү хэл Улаанбаатар хотын ирээдүйд аюул тулгараад байна. Уранаас ч илүү аюул учруулах нь нүхэн жорлонгийн аюул болчихоод байна. Сүүлийн үед элдэе янзын халдварт өвчний тохиолдол  олон бүртгэгдэж байна. Хүн гараа угаах үндсэн шалтгаан гэдэсний савханцар нянгаар халдаврлахаас сэргийлдэг. Гэтэл өнөөх нянгийн халдвар нь гол дотор нь, борооны уснаас тогтсон тогтоол усанд байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа 1.5 сая хүн улиралд нэг удаа ханиад хүрч байна. өөрөөр хэлбэл жилд нийт 6 сая удаа ханиад хүрч байна гэсэн үг.

Нэг хүн хамгийн багаар бодоход 15-20 мянган төгрөг эмчилгээний зардалд зарцуулдаг гэж тооцвол 6 сая удаа ханиад хүрсэн өртөг хэд болох вэ. Бидэнд ийм хэмжээний эдийн засгийн аюул учруулж байгаа буруутан нь нүхэн жорлон. Нүхэн жорлонгоосоо салах маш олон арга бий. Гэхдээ өнөөдрийг хүртэл шийдэж чадахгүй байгаа үндсэн шалтгаан бол бид жорлондоо анхаарч, ач холбогдол өгдөггүйтэй шууд холбоотой.

Макро болон микро түвшинд шийдэж болно. Макро түвшинд бетонон ширэнгэ босгож барилга барих биш гэр хорооллыг тэр чигээр нь цэвэр бохирын шугамд холбож болно. Гэтэл гэр хорооллоо тэр чигээр нь дэд бүтэцтэй холбочихлоо гэж бодоход усны нөөц нь хүрэлцэхгүй. Дээр нь бохир усаа цэвэршүүлж дийлэхгүй. Тийм учраас олон жил яригдсан Туул голын усан сан барих асуудлыг ажил хэрэг болгох шаардлагатай. Гэр хорооллын айл өрхүүд нүхэн жорлонгоо шинэчлэхэд харилцан адилгүй зардал гарна. Ойролцоогоор 1.5 сая төгрөгөөс эхлэх байх. энэ бол тийм ч өндөр өртөг биш. Нэг айлд 3-5 сая төгрөгийн өртөгтэй гар утас хэрэглэдэг хүн хэд байна. Тухайн гар утасны өгч байгаа ач холбогдол өндөр байж болох ч нүхэн жорлонгийн улмаас үүдэлтэй хор хөнөөлөөс бага гэсэн үг. Нөгөө талдаа нүрэн жорлон хөрсөнд шингэж, эргээд өөрсдийг нь бохирдуулаад байгаа учраас нүхэн жорлонгоо соруулдаг болгож шинэчилж болно. Маш энгийн. Дээр нь 20-30 мянган төгрөгөөр суултуур аваад био суултуур ашиглаж болно. Заавал ямар нэг зүйлээс ашиг хонжоо хайхаас илүү миний үр хүүхдийн эрүүл мэнд, эргэн тойрон дахь орчны бохирдол буурснаар таны өвчлөлд зарцуулах өртөг хэд дахин буурна. Нүхэн жорлонгоо сайжруулаад олох ашиг хонжооны талаар бодоод хэрэггүй. Харин шийдэхгүй бол гарах зардал нь ямар өндөр өртэгтэй байх талаар бодох хэрэгтэй. Тиймээс микро түвшинд айл гэрийн эзэн, эзэштэй бүр жорлонгийнхоо рор хөнөөлийг хэрхэн бууруулах вэ гэдэгт ач холбогдол өгч, анхаарч,шийдвэрлэх нь чухал. Нүрэн жорлонгоо соруулах, хөрс рүү нэвчдэггүй болгох цаашлаад нэг айлын биш хөрш айлуудаараа нэгдэж сайн жишиг нэвтрүүлэх боломжтой. Монголчууд бид нүүдлийн соёл иргэншилээс суурьшмал соёл иргэншил рүү шилжиж байгаа учраас жорлонгийн соёлгүй ард түмэн. Тиймээс жорлонгоо хаана барих, яаж барихаас авахуулаад жорлонгийн соёлд суралцах цаг нь болсон. Жорлон гэхээр жийрхдэг сэдэв байж болохгүй. Энэ бол эцэст нь хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал. Хөгжил дэвшлийг өндөр барилга байгууламжаар хэмждэг үе ард хоцорсон. Харин ус, ариун цэврийн байгууламжийн хангамж ямар байгаагаар хэмждэг болсон.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАЖ НҮХЭН ЖОРЛОНГООС САЛАХ БОЛОМЖ БИЙ

АРИУН ЦЭВРИЙН ЗӨВЛӨХ КРИСТИН ЛИ:

-Миний хувьд жилийн өмнө Монгол ирсэн. Энэ үед гэр хорооллын нөхцөл байдалтай танилцаж нүхэн жорлонгийн нөхцөл байдал хүнд байдалд байгааг олж харсан бас өөрийн биеэр мэдэрсэн. Өнгөрсөн жилийн яг өдийд маш хүйтэн, халтиргаатай, цастай өдөр байсан. Тийм хүнд нөхцөлд надад нүхэн жорлонд бие засах нь маш хүндрэлтэй байсан. Ариун цэврийн өрөөний асуудал хүний анхдагч хэрэгцээ болох идэхтэй холбоотой. Тиймээс та бүхэн энэ асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой. Ариун цэврийн байгууламж тав тухтай байх нь хүний үндсэн анхдагч хэрэгцээ. Тийм учраас энэ анхдагч хэрэгцээгээр хангах нь аз жаргал, эрүүл мэнд, тав тухтай байдалд маш чухал нөлөө үзүүлдэг. Хүн амын нягтрал их, хатуу шингэн хог хаягдлын тээвэрлэлт хангалтгүй, хөрсний элэгдэлд орсон айл өрхийн 80 гаруй хувь нь стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлон ашиглаж байгаагаас хөрсний бохирдол үүсгэж, гэдэсний өвчлөлтийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.  Тиймээс сайжруулсан ариун цэврийн байгууламжийн талаар иргэдэд сурталчилгаа мэдээлэл ойлголт бий болгох эрүүл амьдрах хэв маягийг төлөвшүүлэх нь нэн чухал учраас Дэлхийн зөн ооон улсын байгууллагад энэ талаар хэлсэн. Мөн Дэлхийн жорлонгийн холбоог үүсгэн байгуулагч Жак Симтэй холбогдож нөхцөл байдлыг талаар ярилцсан. Түүний хувьд Энэтхэг, Хятад, Сингапур, Африк гэх мэт дэлхийн олон орныг нүхэн жорлонгоос нь салгах ажлыг хийсэн арвин туршлагатай. Тийм учраас бид хамтарч ямар нэгэн өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж үзсэн учраас өнөөдөр энд тал талын төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж байна. Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутагтай мөн эрс тэс уур амьсгалтай учраас бусад улс орноос онцлог талтай. Тийм учраас Монгол Улстай ижилхэн уур амьсгалтай улс оронд амжилттай хэрэгжүүлсэн сайн туршлуудыг нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байна. Тухайлбал, БНХАУ-ын Харбин хотын уур амьсгал Монгол Улсын цаг агаартай илүү дөхөж очих учраас тэнд хэрэгжүүлсэн хоёр сайн туршлагыг санал болгомоор байна. Нэгдүгээрт, хөрсийг бордоо болгож хувиргаж ашиглах технологи юм. Хоёрдугаарт,Монгол Улс эрчим хүчний дутагдалтай орон учраас сэргээгдэх эрчим хүч ашиглах тэр дундаа нарны эрчим хүч ашиглах технологийг ашиглаж болно. Мөн түүнчлэн нүхэн жорлонгийн хор хөнөөлийн талаарх асуудлыг олон нийт болоод бодлого шийдвэр гаргачидад сурталчилан танилцуулах, энэ төрлийн боловсрол олгох ажилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүс бол хэвлэл мэдээллийн байгууллага юм. Нүхэн жорлонг өөрчлөхөд тодорхой хэмжээний цаг хугацаа шаарддаг. Үр дүн гарах хүртэл тийм ч амархан биш. Гэсэн ч ариун цэврийн байгууламжаа сайжруулснаар хүрэх үр дүнгийн талаар сайн туршлагууд, мэдрэмжүүдийг хуваалцаж бусдыг уриалан дуудах нь нэн чухал. Энэхүү нөлөөллийн ажилд ч хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй.Монгол Улсад нүхэн жорлонгийн шинэчлэлд анхаарал хандуулдаг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд ч бий. Хамгийн гол нь нэгдсэн  нэг удирдлага хангах тогтолцоо алга.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Аялал жуулчлал 2025-04-10 66.181.181.184

Монголчууд бөөгнөрөөд ирэхээрээ орчноо завааруулдаг.Улаанбаатар хот бол жорлонгийн асуудлаа шийдэж чадаагүй байж метро барина гэж байгаа. Хотын ногоон бүсүүдийн одоо бас жорлон болсон. Богд уул туул гол. Цаашлаад рашаан усууд хүртэл жорлонгоор бохирдсон харагдсан шүү.
Хануй рашаан гэж ариун онгон сайхан газар байж билээ. Сүүлийн жилүүдэд очих хүмүүс ихсэж рашаандаа ойрхон яг үерийн голдрил дотор жорлон барьсан харагдсан. Тэр рашаан руу дахиад очихоо больсон.

Avatar

Нэргүй 2025-04-10 14.1.81.128

ха ха ха ха Монголд Төрийн албанд аль газар албан тоот аялаад л байдаг аялаад л байдаг Алба хаагчид нь " Дандаа Би мэдэхгүй Надад хамаагүй Над дээр тийм юм ирээгүй Тэр Даргаас асуу"….гм юмс ярьж Иргэдэд Хүндрэл учруулж суудаг тэ. Гадныхан ирээд бүр их гайхна……Аль ч Төрийн газар очсон өмхөрч илжирсэн өмхий муухай үнэх хан хийж, чадваргүй боловсролгүй болхи алба хаагчид дарга нараар дүүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж