Өмнөд солонгосчуудыг нэгтгэх дараагийн удирдагч хэн бэ?

Өмнөд солонгосчуудыг нэгтгэх дараагийн удирдагч хэн бэ?

Өмнөд солонгосчуудыг нэгтгэх дараагийн удирдагч хэн бэ?

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд богино хугацаатай цэргийн онц байдал зарласныхаа төлөө импичменттэй тулгарч, эцэст нь "ялагдал хүлээн" өнгөрсөн Баасан гаригт албан ёсоор огцров. Дараагийн ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 3-нд явуулахаар Мягмар гаригт товлосон.

Зургадугаар сарын 3 гэдэг тов батлагдсан учир тавдугаар сарын 11-ний дотор нэр дэвшигчдийг бүртгэх бөгөөд сонгуулийн сурталчилгааны албан ёсны хугацаа тавдугаар сарын 12-ноос эхэлнэ. Мөн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй төрийн албан хаагч сонгууль болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө огцроно гэж хуульд заажээ. Тиймээс тухайн нэр дэвшигчийн хувьд тавдугаар сарын 4 эцсийн хугацаа болно. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч сонгуулийн дүн гарсны дараа шууд албан тушаалдаа шилжинэ.

Одоогоор ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ хэд хэдэн хүн зарлаад байна.

Солонгосын либерал Ардчилсан намд хамгийн хүчтэй өрсөлдөгч буюу намын дарга Ли Жэ Мён бий. Тэгвэл тэднээс ялгаатай нь консерватив Ардын хүчний намд тэр гээд хэлэх тоймтой нэр дэвшигч алга. Иймд тус намаас 10 гаруй өрсөлдөгч анхан шатны сонгуульд нэр дэвшиж байна.

Юун түрүүнд тус намын гишүүн Ан Чеол Су 21 дэх ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэлтэй байгаагаа Мягмар гаригт мэдэгдсэнээр энэ мэдэгдлийг хийсэн намынхаа анхны гишүүн болов. Тэрбээр "Бид дотоод зөрчилдөөнөөс намын эв нэгдэл рүү, үндэсний хуваагдлаас нийгмийн эв найрамдал руу, улс төрийн эмх замбараагүйтлээс үндэсний хөгжил дэвшил рүү урагшлах ёстой. Өмнөд Солонгос улсад гажуудсан үзэл бодлоор хүмүүсийг хооронд нь хагалан бутаргадаг бус нийгмийн бүх давхаргыг ойлгож, нэгтгэж чаддаг удирдагч хэрэгтэй" гэжээ.

Мөн Юн Сук Ёлыг 2022 онд ерөнхийлөгч болоход түүний үүрэг тодорхой хэмжээнд байсан гэдгийг дурдаад, олон нийтээс уучлалт гуйсан байна. Тухайн үед Ан Чеол Су Юныг дэмжихийн тулд өрсөлдөөнөөс татгалзаж, дараа нь Юны ерөнхийлөгчийн шилжилтийн хороог удирдахаар томилогджээ.

Тэрбээр ерөнхийлөгч дөрвөн жилээр хоёр удаа ажиллах боломжтой байхаар, сонгуулийн тойрог бүрт нэгээс олон төлөөлөгч сонгох боломжтой байхаар Үндсэн хуулийг өөрчлөхөө амлав. Одоогийн Үндсэн хуулиар Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нэг л бүрэн эрхийн хугацаанд ажиллах боломжтой.

Цаашилбал, мөн хиймэл оюун ухаан, квант тооцоолол, кибер аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт нэг сая мэргэжилтэн бэлтгэх, инновацийг нэмэгдүүлэхэд чиглэсэн таван жилийн эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээ амлав. Тэтгэвэр, боловсрол, хөдөлмөр, эрүүл мэнд, төрийн удирдлага гэсэн таван чухал салбарт томоохон шинэчлэлт гаргахын зэрэгцээ дипломат харилцаа, үндэсний батлан ​​хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдлыг шинэчлэх өргөн хүрээний санаачилга гаргахаа мөн амлажээ.

Дээр дурдсанчлан, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй төрийн албан хаагч сонгууль болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө огцрох ёстой.

Энэ дагуу Хөдөлмөрийн сайд Ким Мүн Сү Мягмар гаригт нэр дэвшихээ зарлаж, огцрох өргөдлөө өгөв. Тэрбээр консерватив эвслээс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжит хүмүүсийг нэрлэхэд санал асуулгыг байнга тэргүүлж байсан нэгэн.

Нэр дэвших мэдэгдлээ хийхдээ тэрбээр "Ард түмэн үүнийг хүсч байгаа, намайг таньдаг хүмүүс ч хүсч байгаа. Иймд огцрох шийдвэрээ гаргаж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо. Бидэнд тулгараад байгаа олон улсын сорилтуудыг шийдвэрлэхэд миний үүрэг оролцоо байгааг би хүчтэй мэдэрсэн. Үндэсний хямралыг даван туулахын тулд иргэн бүр нэгдэж, Солонгос улсаа илүү том үндэстэн болоход нь туслах нь чухал гэж би үзэж байна. Би энэ хүчин чармайлтад өөрийн хувь нэмрээ оруулах болно" гэжээ.

Цэргийн онц байдал, импичмент гээд бүх цаг үед тэрбээр ерөнхийлөгч асан Юныг дэмжиж, хамгаалснаараа хатуу консерватив үзэлтэн гэж алдаршсан. Өнгөрсөн Баасан гаригт явуулсан санал асуулгын дүнг харвал Ким либерал Ардчилсан намын дарга Ли Жэ Мёны дараа хоёрдугаар байранд оржээ. Тодруулбал, Ли 34, Ким 24 хувийн санал авсан.

Дараагийн нэр дэвшигч бол Дэгү хотын дарга Хон Жун Пё. Тэрбээр Юныг огцруулахыг эсэргүүцэж байсан бөгөөд энэ Баасан гаригт албан ёсоор огцорно.

Үүний зэрэгцээ Ардын хүчний намын дарга асан Хан Дун Хун, хууль тогтоогч асан Ю Сон Мин, Сөүл хотын дарга О Се Хун нар ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ энэ долоо хоногт албан ёсоор зарлах төлөвтэй байна. Тэд бүгдээрээ Юн Сук Ёлыг огцруулахыг дэмжиж байсан улстөрчид юм.

Нэр нь тодорсон дээрх нэр дэвшигчдээс гадна өөр 6-7 хүн ч өрсөлдөөнд оролцох төлөвтэй байна. Хууль тогтоогч Ким Ги Хён, На Кён Вон, Юн Сангхён нарыг нэр дэвших боломжтой гэж таамаглаж байна. Мөн Юны ойрын холбоотон, Газрын сайд асан Вон Хи Рён, ерөнхийлөгч асан Пак Гын Хэтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан Сангийн сайд асан Чой Гын Хван, Пусан хотын дарга Пак Хён Жун, Өмнөд Чунчон мужийн захирагч Ким Тэ Хэм нар өрсөлдөх магадлалтай.

Удахгүй болох ширүүн өрсөлдөөнийг угтан Ардын хүчний нам сонгуулийн хороогоо хэдийнэ байгуулж, түр удирдагч асан Хван Ву Еаг даргаар нь томилжээ. Тус хороо Лхагва гаригт /2025.04.09/ анхны хурлаа хийж, анхан шатны сонгуулийн хуваарь, дүрэм зэргээ хэлэлцэхээр төлөвлөөд байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж