Японы засгийн газар болзошгүй газар хөдлөлтийн улмаас урьдчилан сэргийлэх яаралтай сэрэмжлүүлгийг гаргажээ. Тодруулбал, ирэх 30 жилийн дотор Номхон далайн эргийн Нанкай хотгорт есөн магнитудын хүчтэй чичирхийлэл болох магадлал 80 хувьтай гэж мэргэжилтнүүд үзэж байсан. Учир нь тус бүс нь 100-200 жилд нэг удаа хөдлөх тектоник хавтангийн зааг дээр үүссэн далайн гүн суваг юм. Энэ оны эхээр Мияазаки мужийн ойролцоо 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь илүү хүчтэй газар хөдлөлт удахгүй болж магадгүй гэх айдсыг нэмэгдүүлсэн юм.
Засгийн газрын шинэ тайланд хэрэв уг гамшигт үзэгдэл тохиолдвол 300 мянган хүний аминд хүрэх аюултай гэж дурджээ.
Жишээлбэл, газар хөдлөлтийн улмаас 30 метр өндөр цунамийн давлагаа үүсч, 215 мянган хүн нас барна гэж тооцоолжээ. Мөн 2.35 сая барилга, байгууламж нурж, 12.3 сая хүнийг нүүлгэн шилжүүлж магадгүй гэж тооцоолсон бөгөөд энэ нь нийт хүн амын 10 хувийг нүүлгэн шилжүүлсэнтэй тэнцүү юм.
Япон улс нь Номхон далайн галт цагираг гэгддэг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог тул үхлийн аюултай газар хөдлөлтөд өртөмхий байдаг. Тухайлбал, олон тооны тектоник хавтангийн нэгдэл дээр оршин тогтнодог тул дэлхийн томоохон газар хөдлөлтийн 81 орчим хувь нь Японд тохиолдож байжээ. Эдгээрээс Филиппиний тэнгисийн хавтан нь Евроазийн хавтангийн доор шахагдсан Нанкай хотгор нь хамгийн аюултай бүс юм.
Нанкай хотгор нь 900 км урттай бөгөөд мега чичиргээ гэгддэг маш том, онц ноцтой үхлийн аюултай газар хөдлөлт үүсч болзошгүй эрсдэл өндөр далай доорх бүс юм.
Өнгөрсөн жил Японы баруун өмнөд хэсэгт 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны дараа Японы засгийн газар Нанкай хотгорын болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн талаар анхааруулсан. Мөн ойрын хугацаанд хүчтэй газар хөдлөлт болох эрсдэл нэмэгдэж байгаа тул Японы засгийн газрын хэрэг эрхлэх газар 2013 оноос хойш анх удаа нөлөөллийн тооцоогоо шинэчлэн гаргасан юм. Тодруулбал, мэргэжилтнүүд Нанкай хотгор мега газар хөдлөлтийн бүсэд есөн магнитудын хүчтэй газар хөдлөлт үүсч болзошгүйг болон үер, цунамийн эрсдэлийг тооцоолжээ. Дашрамд дурдахад, энэхүү тайланд барилгын стандартын хатуу шаардлага, үерийн хамгаалалтыг нэмэгдүүлсэн нь сүүлийн 10 жилийн хугацаанд байгалийн гамшигтай холбоотой нас баралтын тоог бага зэрэг бууруулсан болохыг харуулсан байна.
ХЭРЭВ МЕГА ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛБОЛ ЮУ БОЛОХ ВЭ?
Хэрэв Нанкай хотгорт есөн магнитудын хүчтэй газар хөдлөлт болбол зарим бүс нутагт хоёр минутын дотор л мэдрэгдэх болно. Токио болон зүүн өмнөд эрэг дагуух 12 мужийг 10 метр хүртэл өндөр давлагаа дайрах бол Кочи мужийн Күрошио, Тосашимизүг 34 метр өндөр цунамийн давлагаа дайрч, хохирол учруулж болзошгүй юм. Улмаар дор хаяж 30 см ба түүнээс илүү гүнзгий үер 444 хавтгай дөрвөлжин миль талбайг хамрах аюултай. Бараг 300 мянган хүний амь насанд заналхийлж магадгүй бөгөөд хүмүүсийн 215 мянга нь цунамийн давлагаа, 73 мянга нь барилгын нуралт, 8700 нь гал түймрийн улмаас амь үрэгдэж болзошгүй гэж мэргэжилтнүүд эмээж байна. Ойролцоогоор хоёр их наяд ам.долларын хохирол учруулна.
Түүнчлэн газар хөдлөлт, үерийн дараа өвчин, эмгэг тархаж, гамшгийн дараах нас баралт 26 мянгаас 52 мянгын хооронд хэлбэлзэнэ гэж тооцоолсон байна.
Хэрэв мега газар хөдлөлт болбол тус улсын засаг захиргааны 47 мужийн 10-д нь долдугаар зэрэглэл бүхий газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх аюултай. Энэ нь Японы газар хөдлөлтийн түвшний хамгийн өндөр шатлал юм. Харин бусад 24 мужид газар хөдлөлтийн түвшин зургаан магнитуд хүрнэ гэж эмээж байна.
Байшин, барилга нурснаас болж 73 мянган хүний амь нас эрсэднэ гэж тооцоолсон ч хамгийн аюултай үр дагавар нь арлын улсыг бүхэлд нь хамарч болзошгүй асар том цунамийн давлагаа юм.
Далайн ёроолд газар хөдлөлт болоход хэр хүчтэйгээс нь хамаарч усны долгион үүсдэг тул есөн магнитуд нь аймшигтай үр дагаврыг авчирч болзошгүй. Жишээлбэл, 2011 онд есөн магнитудын хүчтэй газар хөдлөлт Номхон далайн хойд эргээс 130 км зайд болсон. Үүнээс болж зарим бүс нутагт 40 метр өндөр цунами үүсч, 15.5 мянган хүний аминд хүрсэн маш харамсалтай явдал болсон билээ. Мөн үерийн улмаас Фүкүшимагийн цахилгаан станцын гурван цөмийн реактор хайлж, хорт хог хаягдал байгальд хаягдаж, олон мянган хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүргэсэн байдаг.
Гэсэн хэдий ч Нанкай хотгорт болж магадгүй газар хөдлөлт нь Японы түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт болох 2011 оны Тохокүгийн газар хөдлөлтөөс ч илүү аймшигтай байж магадгүй.
Хэрэв Нанкай хотгор мега газар хөдлөлтийн бүсэд газар хөдлөлт болбол зарим бүс нутаг цунамийн давлагаа ирэхээс хоёр минутын өмнө мэдэх боломжтой гэж Японы засгийн газар таамаглаж буй. Цунамигаас үүдэлтэй их хэмжээний үер нь халдварт өвчин тархах таатай нөхцөлийг бүрдүүлдэг бол орон сууц сүйрснээс болж олон сая хүний эрүүл мэндэд заналхийлж магадгүй. Тухайлбал, 2011 оны Тохокүгийн газар хөдлөлтийн дараа тохиолдсон гамшгийн дараах шалтгаанаар нас барсан хүмүүсийн тооноос 13 дахин их хүний амь насанд заналхийлж болзошгүй юм.
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.185.152
Өвөг дээдэс нь тэгээд л эх газар руу шунаад довтлоод байж дээ. Алсын бодолтой.
ҮГЛЭЭ.ӨВГӨН 7 цагийн өмнө 66.181.177.225
Японд.тохиолдох газар хөдлөлт бүх газрыг хамарвал яах вэ?!
Зочин 2025-04-08 139.5.219.133
урьдчилаад мэддэг судалгаа шинжилгээ сайн улс юм даанч байгалийн давагдашгүй хүчин зүйлийг яалтай билээ одооноос сэрэмж дүрвэлт хийж бгаа бх