Газар хөдлөлтөд нэрвэгдсэн мьянмарчуудад аадар бороо нэрмээс болов

Газар хөдлөлтөд нэрвэгдсэн мьянмарчуудад аадар бороо нэрмээс болов

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Газар хөдлөлтөд нэрвэгдсэн мьянмарчуудад аадар бороо нэрмээс болов

Мьянмарт гуравдугаар сарын 28-нд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 3471-д хүрээд байна. Мөн 4671 хүн гэмтэж бэртэж, 214 хүн сурагга алга болсныг мэдээлэв. Харин дэд бүтцийн хохирлын тухайд 5223 барилга, 1824 сургууль, 4817 сүм хийд, 167 эмнэлэг, 169 гүүр, 198 далан, гол хурдны замын 184 хэсэг эвдэрч сүйджээ.

Тэгвэл газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт хэт халж, аадар бороо орж, цаг агаар эрс тэс байгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн мэргэжилтэн Тун Тун хэллээ. Аадар бороо аврах ажиллагааг хүндрүүлж, холер гэх мэт элдэв өвчлөл нэмэгдэх эрсдэлийг үүсгэж байгаа аж. Амьд үлдэгсдийн хоргодож буй майхан сав бороонд норж, хүмүүсийн эд зүйл усанд автжээ. Мөн энэ өдрүүдэд агаарын хэм 37 хүрч байна.

Газар хөдлөлтөөс хойш олон хоног өнгөрсөн ч чичирхийлэл үргэлжилсээр байгаа аж. Дөрөвдүгээр сарын 4-ний Баасан гаригт л гэхэд Мандалайн өмнөд хэсэгт 4.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Газар хөдлөлтийн дараах аврах ажиллагааг саадгүй явуулах үүднээс Мьянмарын цэргийн засгийн газар түр гал зогсоох шийдвэр гаргасан. Гэсэн ч эл мэдэгдлийг үл харгалзан цэргийнхэн өнгөрсөн Пүрэв, Баасан гаригуудад Каренни, Шан мужуудад бөмбөг хаяж, наад зах нь таван хүний ​​аминд хүрсэн байна. Гал зогсоох шийдвэрээс хойш цэргийнхэн дор хаяж долоон удаа халдлага үйлдсэн гэдгийг эх сурвалж мэдээлэв.

Дашрамд дурдахад, Мьянмарын газар хөдлөлтөөс болж хөрш Тайландад амиа алдагсдын тоо 24 хүрчээ. Тэдний 17 нь нийслэл Бангкокт баригдаж байсан барилгад дарагдаж нас барсан байна. Мөн 77 хүн сураггүй хэвээр байгааг "Al Jazeera" мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж