Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт хүний эрхийн алба (АИХЭА) Сонгуулийн ерөнхий хорооны хүсэлтээр Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт хийж байгаа. Уг хууль олон улсын стандарт, ЕАБХАБ-ын хэмжигдэхүүнд нийцэж байгаад анхан шатны үнэлгээ хийх зорилготой байгаагаа төлөөлөгчид танилцууллаа.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт хийх хүсэлтийг хүлээн авсанд талархал илэрхийлээд хуулийг сайжруулах санал боловсруулах, улс төрийн намын үйл ажиллагааны болон санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд уг дүгнэлт ач холбогдолтойг онцлов.
Хуулийн хэрэгжилтийг бүрэн хангахад шаардлагатай хүний нөөцийг бэхжүүлэх, улс төрийн намын санхүүжилтийн цахим систем нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байгаагаа Сонгуулийн ерөнхий хорооны дарга танилцуулсан юм.
Энэ удаагийн уулзалтаар Улс төрийн намын тухай хууль, хэрэгжилтэд тулгарч буй асуудлаар төлөөлөгчид дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм. Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн урьдчилсан дүгнэлтээ маргааш (2025.04.08) Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулах олон улсын семинарын үеэр танилцуулахаа илэрхийллээ. Эцсийн дүгнэлт бэлтгэхдээ дахин Монгол Улсад ажиллахаа мөн мэдэгдсэн.
Холбоотой мэдээ