Пёньян олон улсын марафон гүйлтийн уламжлалаа сэргээв

Пёньян олон улсын марафон гүйлтийн уламжлалаа сэргээв

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Пёньян олон улсын марафон гүйлтийн уламжлалаа сэргээв

Хойд Солонгос улс Пёньяны олон улсын марафоныг зургаан жилийн дараа анх удаа зохион байгуулж, цар тахлын улмаас түр зогсоосон байсан уламжлалаа сэргээв. Энэхүү марафоныг Хойд Солонгосын үүсгэн байгуулагч Ким Ил Суны төрсөн өдрийг тохиолдуулан 1981 оноос хойш жил бүр зохион байгуулжээ.

Хойд Солонгосоос гадна Хятад, Марокко, Этиоп болон бусад орны сонирхогчид марафонд оролцжээ. Арга хэмжээний хүрээнд бүтэн болон хагас марафон, мөн эрэгтэй, эмэгтэй 10 км, 5 км-ийн гүйлтийг зохион байгуулсан байна. Нээлтийн ёслол Пёньян дахь Ким Ил Суны цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд тус улсын ерөнхий сайд, Спортын хорооны дэд дарга Пак Жон Гун, Спортын сайд Ким Ил Кук нарын албаныхан оролцжээ.

Марафончдыг гүйж өнгөрөхөд Хойд Солонгосын ажилчид болон оюутнууд замын хажуугаар гар даллан, алга ташиж, дэмжсэн байна.

Бүрэн марафон гүйлтийн эрэгтэй, эмэгтэй төрөлд Хойд Солонгосын гүйгчид алтан медаль хүртжээ. Харин мөнгөн медалийг эрэгтэйчүүдийн төрөлд Этиопын тамирчин, эмэгтэйчүүдийн төрөлд Хойд Солонгосын тамирчин хүртэв. Хүрэл медалийг эрэгтэйчүүдийн төрөлд Хойд Солонгосын тамирчин, эмэгтэйчүүдийн төрөлд Этиопийн тамирчин хүртсэн.

Тэгвэл хагас марафон гүйлтийн төрөлд бүх медалийг Хойд Солонгосын гүйгчид түүжээ.

Сонирхогчдын эрэгтэй марафон гүйлтийн төрөлд Польшийн гүйгчид бүх медалийг түүсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд Хонгконгийн гүйгч алтан медаль хүртэв.

Хойд Солонгос ийнхүү олон улсын арга хэмжээ зохион байгуулсан нь гадаадын жуулчдад хилээ нээж магадгүй гэх таамаглалыг дахин төрүүлэв. Олон жилийн хязгаарлалтын дараа Хойд Солонгос хэсэгчлэн хилээ нээсэн боловч тодорхойгүй шалтгаанаар дахин хаагаад байсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж