Татварын багц хуулийн шинэчлэлийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр боловсруулж буй. Хуулийн төслөөр дөрвөн хуулийг шинэчилнэ.
- Татварын ерөнхий хууль,
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль,
- Хувь хүний орлогын албан татварын тухай хууль,
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль

Татварын ерөнхий хуулийн төслийн ОНЦЛОХ өөрчлөлтүүд
Борлуулалтын нэхэмжлэх: Энэхүү ойлголтыг шинээр нэмж оруулна. Ингэснээр и-нэхэмжлэх албан ёсны цахим баримтын нэг төрөл болно.
Үнэ шилжилтийн тайлан:
- Тус тайланг дараа оны 06.30-ны өдрийн дотор бэлтгэж илгээнэ.
- Борлуулалтын орлого нь 10 тэрбум ₮-өөс дээш бол Дотоод ҮШТ болон Ерөнхий ҮШТ-г бэлтгэнэ.
Маргаан таслах зөвлөл:
- Татвар төлөгч нь Зөвлөлд гомдол гаргахдаа маргах гэж байгаа актны үнийн дүнгийн 5%-ийг урьдчилан төлж дэнчин тавина.
Татвар төлөх хугацааны хөнгөлөлт:
- Хөнгөлөлтөнд хамаарах татварын өрийн дүн нь 30 сая ₮-өөс доош бол барьцаа хөрөнгө шаардахгүй.
Скоринг оноо гэх шинэ ойлголт:
- Энэхүү оноо нь 100 хүртэл хэмжигдэх бөгөөд татвар төлөгчдийг онооноос нь хамааран маш сайн, сайн, дунд, хангалтгүй гэж ангилна.
- Тус оноог сар, улирал, жилээр тодорхойлж, татвар төлөгчид цахим татварын системээр мэдэгдэнэ.
- Тус оноог НӨАТ төлөх хугацааг хойшлуулах, гааль, татварын албаны зөвлөн туслах үйлчилгээг хэрэгжүүлэхэд ашиглана.
ААНОАТ-ын хуулийн төслөөс ОНЦЛОХ зарим зүйлүүд
Хөнгөлөлт, Чөлөөлөлт:
- Жилийн борлуулалт нь 2.5 тэрбум ₮ хүртэлх (жижиг, дунд) ААН-үүд ашгаасаа 10%-ийн татвар төлөөд 90%-н хөнгөлөлт, буцаалт эдэлнэ.
- Монгол Улсын ААН-ийн өөрийн 100 хувь эзэмшдэг ААН-ээс авсан ногдол ашгийг татвараас чөлөөлнө.
Хувь хэмжээ:
Жижиг, дундаас бусад ААН-үүдийн үйл ажиллагааны орлогод шаталсан хувиар татвар ногдуулна.
| Ашиг ₮ | Суурь % | Нэмэлт % (ИТХ-с тогтооно) |
| 6 тэрбум хүртэлх дүнд | 6 | 0-4 |
| 6-с давсан 10 тэрбум хүртэлх дүнд | 9 | 0-6 |
| 10 тэрбумаас давсан дүнд | 15 | 0-10 |

Орлого нь 300 сая ₮ хүртэлх бичил жижиг ААН-үүдийн ашгаас 1%-аар тооцдог байсныг хүчингүй болгоно.
Хасагдах зардлын хязгаарлалт:
- Сургалтын зардал нь цалингийн сангийн 10%-аас хэтрэхгүй.
- Ажилчдын хувийн хэрэгцээний бараа, ажил, үйлчилгээний зардал цалингийн сангийн 5%-с хэтрэхгүй.
Бусад:
- МУ-ын ААН-ийн 50%-с дээш хэсгийг эзэмшдэг Гадаадын ААН-ийн хүртсэн ногдол ашгийн орлогод 15%-р татвар ногдуулна.
- Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэмж хувьцаа гаргаж хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор эцсийн эзэмшигчийн хувь оролцоо, саналын эрхийн бүтэц өөрчлөгдсөн тохиолдолд эрх шилжүүлсэн гэж үзэхгүй буюу татвар ногдуулахгүй.
НӨАТ-ын хуулийн төслийн ОНЦЛОХ өөрчлөлтүүд
Хөнгөлөлт, буцаалт: Иргэний худалдан авалтын НӨАТ-ыг доорх шаталсан хувиар хөнгөлж буцаалт өгнө.
| Сарын худалдан авалт | Хөнгөлөлт, буцаалт |
| 500,000₮ хүртэлх дүнд | 100% |
| 500,000₮-800,000₮ дүнд | 50% |
| 800,000₮-с давсан дүнд | 20% |
НӨАТ-ын босго ба хувь хэмжээ:
- Бизнес эрхлэгчийн жилийн борлуулалт нь 400 сая ₮-т хүрээгүй бол НӨАТ суутган төлөгч болохгүй.
- Хувь хэмжээнд өөрчлөлт байхгүй. 10% хэвээрээ (Экспорт 0%)
НӨАТ ногдох орлогыг хүлээн зөвшөөрөх:
- ААНОАТ-ын хуульд заасантай адил зарчимаар НӨАТ ногдох борлуулалтын орлогыг тодорхойлно.
- Өөрөөр хэлбэл Аккруэл суурийг баримтална (Урьдчилж орсон орлогод НӨАТ ногдуулахгүй)
НӨАТ-ын хасалт буюу авлага:
- Үндсэн хөрөнгийн худалдан авалтын НӨАТ-ыг шууд бүрэн хасна (Хувь тэнцүүлэхгүй)
- Оршин суугч бус этгээдээс худалдан авсан ажил үйлчилгээнд ногдуулан төлсөн татварыг хасна.
- Суудлын автомашины худалдан авах, импортлоход төлсөн татварыг хасна.
- НӨАТ-гүй, И-баримттай худалдан авалтын төлбөрийг бэлэн бусаар төлсөн бол үнийн дүнд нь НӨАТ-ын 10% шингэсэн гэж үзэж төлөх татвараас хасна.
- Ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, ажилтны сургалт, ажилтны хувийн хэрэгцээнд авсан худалдан авалтын НӨАТ-ыг ААНОАТ-ын хуулинд заасан харгалзах хэмжээ хязгаарыг баримтлан хасна.
Хувь хүний орлогын татварын хуулийн төслөөс ОНЦЛОХ зүйлүүд
Хөнгөлөлт, чөлөөлөлт:
- Цалин хөлсний болон Үйл ажиллагааны жилийн орлогын 9.6 сая ₮ хүртэлх дүнд ногдох татварыг 100% хөнгөлнө (сар бүр тэнцүү хэмжээгээр эдлүүлнэ)
- Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдан авах, барьж байгуулах, амины сууцаа “ногоон” болгож засаж тоноглох, орон нутагт анх удаа орон сууц авах, барихад хөрөнгө зарцуулсан бол 15 сая ₮ хүртэлх татварыг хөнгөлнө.
- Алслагдсан бүсийн 50%, 90%-ийн татварын хөнгөлөлтийг хассан.
Хувь хэмжээ:
- Цалин хөлснөөс шаталсан татвар 10%-15%-20% хэвээрээ.
- Иргэний хувиараа эрхэлсэн үйл ажиллагааны ашгийг 10%-15%-20%-р шаталсан татвар тооцох орлогын бүрэлдэхүүнд нэмэлтээр оруулсан. Үйл ажиллагааны нийт орлогоос 1%-ийн татвартай Хялбаршуулсан тайланг байхгүй болгосон.
- МУ-ын ААН-ийн хувьцааны 50%-аас дээш хэсгийг эзэмшдэг оршин суугч бус гадаад иргэний ногдол ашигт 15%-аар татвар тооцно.
Тайлагнал:
- Татварын алба өөрт байгаа тоо, мэдээлэлдээ үндэслэн иргэний ХХОАТ-ын тайланг цахимаар урьдчилан бэлтгэж өгнө.Иргэн татварын албанаас бэлтгэж өгсөн ХХОАТ-ын тайлангаа дараа жилийн 06.30-ны дотор хянаж баталгаажуулна.

3,569.17






















































Холбоотой мэдээ