Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Тодруулбал, өнөөдөр /2025.04.07/ ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Агаарын температур шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5…-10 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0…-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус дулаан, бусад нутгаар 0…+5 градус. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +2…+7 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +12…+17 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй.
Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -6…-8 градус, бусад хэсгээр -2…-4 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.
Холбоотой мэдээ