Сурвалжлага: "Авлига хороолол"-ын нэг мк нь 6.4 саяар зарагдаж байна

Хуучирсан мэдээ: 2025.04.07-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: "Авлига хороолол"-ын нэг мк нь 6.4 саяар зарагдаж байна

Сурвалжлага: "Авлига хороолол"-ын нэг мк нь 6.4 саяар зарагдаж байна

Олон он дамнаж, одоо ч иргэд болоод захиалагчдыг талцуулдаг нийслэлийнхний аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж баригдаж буй нэгэн барилга давуу эрхтэйгээр сүндэрлэж байгаа. Хотын А бүсэд голын голдиролд нөлөөлөх байршилд, анхны зориулалтаас өөрөөр баригдсан тус барилгыг нураах шийдвэр хэрэгжих эсэх талаар сурвалжиллаа.

Усан парк барих нэрээр анх 2008 онд газрын зөвшөөрөл авсан ч өдгөө талбай дээр нь маргаан дагуулсан орон сууцны хороолол баригдсан нь "Aqua garden" буюу олны нэрлэснээр "Авлига хороолол".  Дунд гол орчимд барьсан тус өндөр зэрэглэлийн, үнэтэй барилга Усны тухай хуулийг зөрчсөн болох нь холбогдох газруудын хяналт шалгалтаар тодорхой болж, эцэстээ шүүх дээр асуудал очиж, хоёр блокыг нь нураах заалт хүртэл гарч байсан нь саяхан.

Гэвч өнөөдөр нураах нь бүү хэл тус орон сууцны метр квадратын үнэ ашиглалтад орох хугацаатайгаа зэрэгцээд хоног уралдан өсч байна. Атал энэ жил нийслэлийнхэнд тэр дундаа Сэлбэ, Дунд гол орчмынхонд үерийн эрсдэл дахин гарч болзошгүйг албаныхан анхааруулсаар буй.

"АСУУДАЛГҮЙ АШИГЛАЛТАД ОРНО, ОДОО ЦӨӨН БАЙР ҮЛДСЭН, ЗАХИАЛГА ХЭВИЙН АВЧ БАЙГАА…"

"Aqua Garden" хотхоны метр квадратын үнэ давхраас хамаараад 5.6-6.4 сая төгрөгийн үнэтэй байна. Гэхдээ энэ зөвхөн өнөөдрийн ханш. Харин гурав хоногийн дараагаас буюу дөрөвдүгээр сарын 10-наас үнэ өснө гэдгийг борлуулагч хэллээ. Бид борлуулалтын албатай нь холбогдож тус байрны үнэ, давхрын сонголт, ашиглалтад орох хугацааг тодрууллаа. Мөн ашиглалтад орох баталгаатай эсэхийг ч сонирхлоо.

Борлуулалтын менежерийн хэлж байгаагаар, хотхоны давхар бүрд өрөөний сонголт байгаа бөгөөд үнэ нь давхар өсөх бүрд нэмэгдэнэ гэв. Тухайлбал, хоёр давхарт 5.6 сая төгрөг, гуравдугаар давхарт бол 5 сая 650 мянга, 4-6 давхар 5.7-5.8 сая төгрөг.

7 -13 давхарт 5.8-.6 сая төгрөг, 14-24 давхарт бол 6.4 сая хүртэлх төгрөгөөр метр квадрат зарагдаж байна гэлээ. Мөн захиалга хэвийн авч байгаа, асуудалгүй ашиглалтад орно. Цөөн байр үлдсэн. Үнэ нь удахгүй нэмэгдэнэ гэдгийг ч хэлэв.

Дэлхийн жишигт нийцсэн усан парк бүхий 1000 айлын орон сууцны “Aqua garden” хотхоны сурталчилгаа их үзэмжтэй. Газар хөдлөлтөд тэсвэртэй, чанартай материал, өндөр зэрэглэлийн хийцлэл, усан цогцолбортой гэх мэт. Гэхдээ бодит байдал дээр эрсдэл өндөр гэдгийг тогтоосон байдаг. Тиймдээ ч үе, үеийн хотын дарга нар тус барилгыг албадан нураана гэдгийг мэдэгдэж байв. Эргэн санавал, Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар "Aqua Garden" хорооллын хоёр блокийг албадан нураах захирамжийг 2023 оны наймдугаар сард гаргаж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл шийдвэр албажаагүй. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Авлига хорооллыг нураах эсэх асуудал шүүх дээр гацсан байгаа” хэмээн тайлбарлаж байсан юм. Харин тус барилгыг гүйцэтгэгчид үүнийг үгүйсгэж, хууль зөрчөөгүй учир барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа хэмээн тайлбарлаж байна.

УОК, НОК ДУНД ГОЛЫН УРСАЦ СААРУУЛСНЫГ БАТАЛЖ, ЕРӨНХИЙ САЙД ЧИГЛЭЛ ӨГЧ БАЙВ

2023 оны долдугаар сар. Сэлбэ голын ус хальж, үерлэхэд хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь эрэг дагуух барилга, орон сууцны хорооллууд гэдгийг УОК, НОК-ийн удирдлагууд онцолж, тэдгээрийн нэг нь “Авлига хороолол” гэдгийг зарласан. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК, НОК-ын удирдлагуудад тус барилгуудыг нурааж, үерийн далан, суваг татах үүрэг чиглэлийг өгч байв. Тодруулбал, үер усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай тохиолдолд барилга байгууламжийг нураах үүрэг өгсөн байдаг.

Харамсалтай нь хуулийн байгууллагын хугацаа алдсан шийдвэрүүд, хойшилсон олон удаагийн шүүх хурлын үеэр тус барилгын блокууд баригдаж өнөөдөр ашиглалтад ороход бэлэн болжээ.

Товчхондоо бол шат, шатны шүүх дамжиж хугацаа хожсон барилга удахгүй Улсын комиссоор орж, орон сууцны зөвшөөрлөө авах нь. Уг зүй нь бол Улаанбаатарчуудын эрх ашгийг бодвол энэ барилгыг зарчмын дагуу нураах л ёстой. Нураах заалтыг зөрчиж давуу эрх олгосноос өнөө жил хотод дахин нэг шөнө бороо ороход л Туул, Сэлбэ гол дагасан нийтийн эзэмшлийн орон сууцнууд усанд автаж, хэдэн зуун айл цахилгаанаа хязгаарлуулж, амьдрах аргагүй болох эрсдэл давтагдана. Шударга ёс, шүүх засаглал, нийтийн эрх ашиг ярьдаг ч энэ бүхний эцэст иргэдийн эрх байгалийн гамшгийн үед дахин хүч мөхөсдөх нь дамжиггүй болов. УОК, НОК, улсын Ерөнхий сайд нь үүрэг өгөөд ч урагшлахгүй байгааг бодоход энэ барилга олонхын хэлдгээр авлигаар боссон нь оргүй биш бололтой.

“ШУНХЛАЙ”-Г ШИЛЖҮҮЛЖ, “S’OUTLETS”-ЫГ НУРААСАН Ч ШҮҮХИЙН ШИЙДВЭР АЛБАЖСАНГҮЙ!

2023 оны 11 дүгээр сард “Шунхлай” шатахуун түгээх станцыг шилжүүлж, 2024 оны гуравдугаар сард “S’outlets” дэлгүүрийн барилгыг нурааж байв. Өнөөдөр тэгвэл хувийн өмчид халдсан тус асуудлаар дээрх аж ахуй нэгжүүд албаныханд гомдол гаргах бүрэн эрхтэй. Учир нь, асуудал үүсгэсэн газрууд хэмээн гурван обьектыг нэрлэж байсан ч өнөөдөр жагсаалтаас нэг нь арчигдаж, бүр зогсохгүй хотын А бүсэд дархан эрхтэй баригдаж дууслаа. Тэгвэл үүнд хэн хяналт тавьж, Улсын комисст ямар төлөөллүүд багтах бол?

МОНГОЛД 7 ДАВХРААС ДЭЭШ БАРИЛГА НУРААХ ТУРШЛАГАТАЙ КОМПАНИ ОДОО Ч БАЙХГҮЙ!

Дэлхийн өндөр хөгжилтэй, хөгжиж байгаа хотуудад стандарт мөрдөхөд зайлшгүй шаардлагатай бүх төрлийн үйлчилгээ байдаг. Тэдний нэг нь зориулалтын бус, олон нийтийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй амьдрах орчинд халдсан барилга байгууламж баригдаж байгаа тохиолдолд албадан буулгах. Харин Улаанбаатар хотод энэ үйлчилгээ байдаггүйг иргэд өнгөрсөн 2023 оны Сэлбийн үерээр мэдэж асван. Үйлчилгээ битгий хэл долоогоос дээш давхрын буулгах заалттай барилгыг нураах туршлгатай компани байдаггүй.

2023 оны Сэлбийн үерээр зөвхөн тухайн бүсэд оршиг суугчид болон аж ахуй нэгж эрхлэгчид 35 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон. Ажлын хэсэг одоо ч хохирлыг барагдуулах эсэх дээр ажиллаж байгаа. Хууль эрх зүйн хувьд ч өөрчлөлт хийж, зөрчлөө арилгаж, хариуцлага тооцдог болох асуудлыг мөн гурав дахь жилдээ дамнан ярьж байгаа нь гарцаагүй үнэн. Анхлан гаргасан албаныхны шийдвэрээр “Авлига хороолол”-ыг нураах нөхцөл бүрдсэн. Харамсалтай нь, Монголд 5-7 давхар барилгаас дээш өндөр барилгыг нураах туршлагатай компани байдаггүй. Гэтэл "Авлига хороолол" 25 давхар барилга учраас мэргэжлийн туршлагатай аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллах нь зөв байх гэдэг шийдэлд хүрсэн. Зөвхөн нураах хүрээнд тусдаа ажлын хэсэг хүртэл гарсан байдаг. Харин өнөөдөр тэдгээр олон ажлын хэсэг, албаныхны ам мөчиг, аж ахуй нэгж, иргэдийн хохирол “Aqua garden”-д түй ч хамааралгүй болооп хоцров уу?…

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
11
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж