"УИХ-ын гишүүд орлого, зарлагаа тайлагнадаг байх ёстой"

"УИХ-ын гишүүд орлого, зарлагаа тайлагнадаг байх ёстой"

“News” агентлаг энэ долоо хоногийн ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


 

УИХ-ын гишүүн Г. Лувсанжамцтай ярилцлаа.


–Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдээс таны гол анхаарал хандуулж ажиллах хуулийн төсөл юу байх вэ?

-Олон чухал хуулийн төслүүдийг энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцэн батлах байх гэсэн хүлээлттэй байна. Хамгийн нэгдүгээрт, 2021-2025 оны Засгийн газрын чиглэл, ирэх дөрвөн жилийн хөтөлбөр, өнгөрсөн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт үнэлгээн дээр анхаарч ажиллана. Энэ бол маш чухал асуудал. Өмнөх намрын чуулганы үеэр ч  бид үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлт, төсөөлөлт, хянан шалгалт, үнэлгээ гэсэн энэ тогтолцоо руу шилжих ёстой гэдэг асуудлуудыг хөндөж байсан. Тиймээс дээрх төлөвлөлт, төсөөлөлдөө нийцсэн байна уу, үгүй юү гэдэг дээр нь маш анхаарал хандуулж байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нар өөрсдийнхөө хийсэн ажлыг зөв дүгнэж байна уу, төлөвлөгөө нь зөв байгаад, үр дүнгээ зөв хэмжиж чадаж байна уу гэдэг бол бүх хүний анхаарах асуудал мөн. Хоёрдугаарт, Татварын багц хууль, Нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтөд анхаарч анхаарч ажиллана.  Эдгээр хуулийн өөрчлөлт, зохицуулалт яалт ч үгүй Монгол Улсын нийгэм эдийн засгийн хувьд, ажлын байр нэмэгдүүлэх,төсвийн ачааллыг бууруулах ч байдаг юм уу эсвэл татварын дарамтыг бууруулах, мөн түүнчлэн халамж тэтгэмжийн зөв бодлого руу чиглэх чухал өөрчлөлтүүд орох хуулиуд юм.  Дахиад нэг анхаарах асуудал бол энэ удаагийн хаврын чуулганаар ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэнэ. Дээр хэлсэнчлэн  бид өнгөрсөн хугацааныхаа үр дүнг зөв үнэлсэн байна уу, үгүй юү. Одоогийн байдлаар бол буруу явж  байгаа. Тиймээс ирэх 2026 оныхоо төлөвлөгөөг зөв төлөвлөөд, ирэх намрын чуулганаар төлөвлөгөөндөө нийцсэн төсөвлөлт гэдэг зүйл нь орох ёстой учраас тогтолцооны хувьд алдаагүйгээр хийх ёстой гэж харж байна.

МАН-ын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж, УИХ-ын гишүүн болоод удаагүй байхад тань хоёулаа ярилцаж байсан. Та тэр үед хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, төлөвлөгөөгөө дагалдуулж төсөв мөнгийг нь уялдуулах эргээд үр дүнг нь хэмжиж болохуйц  байдлаар дүгнэх ёстой гэдэг агуулгыг ярьж байсан. Өнгөрсөн хугацаанд УИХ болоод Засгийн газраас батлан гаргасан төлөвлөгөө, төсөөлөлд дээрх зарчим агуулагдаж чадав уу. Тухайлбал, Монгол Улсын 2025 оны төсвийг батлахдаа төсөл хөтөлбөрүүдтэйгээ төсөв санхүүг нь уялдуулж тавьж чадсан уу?

-УИХ-ын намрын чуулганаар 2025 оны төсвийг баталсан. Энэ оны төсвийг хэлэлцэн батлах үед ажлын хэсэг, байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаан дээр 20 гаруй зарчмын зөрүүтэй санал оруулсан нь зөв, үр дүнтэй, үр дүн дээрээ суурилсан, хэмжих бололцоотой төсвийн төсөл болох ёстой гэдэг санал гаргаад олонх санал нь нэгдсэн чуулган дээр дэмжигдсэн. Төсөв өөрөө маш олон шалгуур үзүүлэлттэй. Тэднийг бүгдийг нь засах ёстой. Тиймээс уг өөрчлөлтийг энэ хаврын чуулганаар хийхийн тулд ажлын хэсэг байгуулаад манлайлаад ажиллая гэсэн бодолтой байна. Тэгэхгүй бол Засгийн газар өөрсдөө санаачилгаараа өөрсдийнхөө одоо үнэлгээг гаргах бичиг баримтыг засч залруулахад багагүй хугацаа орох юм шиг санагдаж байна. Тийм учраас УИХ ч  гэсэн энэ тогтолцооны өөрчлөлтийг нь дэмжээд, засч залруулаад, чиглүүлээд явах нь зөв байх. Хоёрдугаарт, ирэх жилүүдийн төсвийн төсөөллийг удахгүй хэлэлцэнэ. Харамсалтай нь, Монгол Улсын төсвийн төсөөлөл гэдэг зүйл ерөөсөө нэр төдий зүйл болчхоод байгаа юм. Бид гаднын орнуудын жишгээр дунд хугацаандаа төсвөө төсөвлөдөг болох ёстой. Тэгж байж томоохон хэмжээний төслүүд дээрээ бодитоор хөрөнгө оруулалтаа төлөвлөөд, төсвөө тавьж,бодитой хэрэгжүүлдэг болох ёстой. Гэтэл яг үнэнийг хэлэхэд манайх төсвөө дагаад төсвийн төсөөлөл нь өөрчлөгддөг.

Тиймээс төсвийн төсөөлөл, төлөвлөлтийг ч мөн голдиролд нь оруулах ёстой гэдэг байр суурийг тогтмол илэрхийлсээр ирсэн. Тиймээс ирэх оны төсвийн төсөөлөл дээр холбогдох байгууллагуудаас ямар шинэчлэл хийж оруулж ирэх бол гэсэн хүлээлттэй байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2792123/ линк рүү орж унших боломжтой.


"Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэмэгдэл сонсоход сайхан ч хохирол их"

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэмэгдэл, үнийн өсөлт, эдийн засгийн ирэх онуудын төлөвийн талаар эдийн засагч Ч.Сосорбарамтай ярилцлаа.


-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдрөөс 792 мянган төгрөг болж нэмэгдэж байгаа. Ингэснээр үнийн хөөрөгдөл үүсгэх эрсдэлтэйг иргэд шүүмжилж байна. Энэ тохиолдолд эдийн засагт ямар эерэг болон сөрөг нөлөө гарах бол?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж байгаа нь сонсоход сайхан мэдээ боловч эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь авч үзвэл нэлээн хохиролтой байх нь гарцаагүй. Сүүлийн гурван жил дараалан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж байна. Энэ нь эдийн засагт суурь цалинг нэмэгдүүлж байгаа хэрэг. Ийнхүү суурь цалинг нэмснээр аж ахуй нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийн шимтгэл төлөлтийг нэмэгдүүлэхээс гадна албан бус салбар болон нэмүү өртөг бага шингэдэг, ур чадвар бага шаарддаг аж ахуй нэгжүүдэд ирэх дарамт нэмэгдэж байгаа.

Аж ахуй нэгжүүд энэхүү зардлын өсөлтийг хэрхэн нөхөх вэ гэдэг нь маш сонирхолтой асуулт болж байгаа. Товчхондоо бол аж ахуй нэгжүүд бараа, бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх замаар зардлыг нөхөх эсвэл ажилчдаа цомхотгох, ажлын цагийг багасгах замаар зардлыг бууруулах гэсэн сонголттой тулж байна.

-Төрөөс үнийн өсөлтийг хязгаарлах ямар нэгэн бодлого, шийдвэр гаргавал үр дүн нь бодит байх боломжтой юу?

-Бид төр үнийн өсөлтийг хязгаарлах гэж оролдох нь эргээд эдийн засагт хэчнээн хор хөнөөлтэй талаар олон жишээг авч болохоор туршлагатай болсон шүү дээ. Тиймээс төрийн зүгээс эхлээд суурь цалин, хөлс болон бусад үнийг нэмэгдүүлэхдээ урьдчилан тооцоо судалгааг сайтар хийж, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг хэмждэг болох тал дээр илүү анхаарах хэрэгтэй гэж бодож байна.

-Аж ахуй нэгж, үндэсний үйлдвэрлэгчдэд татвар болон бусад зардал хэт өндөр ногддог. Энэ нь эцсийн хэрэглэгчид хямралын өртгийг төлөхөд хүргэж байна. Үүнд гаргалгаа байгаа болов уу. Аж ахуй нэгжүүд зардлаа танаад ч нэмэргүй учраас ажиллах хүчээ цомхотгож, бүтээгдэхүүнийхээ ханшийг нэмж байна шүү дээ.

-Татварын бодлого болон бусад зардлын хувьд Монгол Улсын хувьд бусад ижил төстэй оронтой харьцуулахад харьцангуй дундаж хэмжээнд байдаг орнуудын тоонд орно. Татвар төлж байгаа хэсгээс авах татварыг нэмэх замаар татварын орлогыг бүрдүүлэх биш татвар төлөхгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа албан бус секторыг албажуулах, тэднээс хэрхэн татвар авдаг болох тал дээр илүү их анхаарлаа төвлөрүүлэх ёстой.

Бид одоогийн нөхцөл байдалд татвар төлдөг хэсэгтээ ачааг нь үүрүүлээд л тэднийг туйлдуулдаг. Гэтэл цаана нь татвар төлөхгүй өндөр ашиг орлоготой ажиллаж болдог хэсэг бүлэг секторууд байгаад байдаг. Энэ тогтолцоо нь өөрөө гажуудлын шинж чанартай байгаа юм.

Харин нийгмийн даатгалын шимтгэлийн хувьд бол нэгнээс нь аваад нөгөөд нь хуваарилдаг, дээр нь төсвийн орлогыг бүрдүүлдэг хэрэгсэл болгон ашиглаж байгаа нь өөрөө системийн гажуудал юм. Угтаа бол нийгмийн даатгал бол тухайн ажилтан ирээдүйд учирч болох эрсдэл, ирээдүйд зарцуулах мөнгөний төлөө төлж байгаа шимтгэл. Ерөөсөө л татварын бодлого нь татвар төлдөг хэсгээс илүү их авах, нийгмийн даатгал төлж байгаа хэсгийг илүү дарамтад оруулах нөхцөл байдал руу шилжихээр энэхүү зардлын өсөлтийг нөхөхийн тулд үнээ нэмэх, эсвэл ажилчдын тоог бууруулахаас өөр сонголтгүй болгодог.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2792312/ линк рүү орж унших боломжтой.


"Аутизмыг хэр эрт оношилно, тэр хэрээр нийгэмшүүлэх боломжтой"

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр бол аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг ойлгож, хүлээн зөвшөөрч, бас хайрлахыг уриалсан өдөр. Энэ өдөр олон нийтийн үйл ажиллагаа болон сайн дурын хөдөлгөөнүүд дэлхийн өнцөг булан бүрт өрнөдөг. Уг өдрийг тохиолдуулж Аутизм Монгол-Анд ТББ-ын захирал, сэтгэл зүйч Б.Мөнх-Оргилтой ярилцлаа.


-Хүмүүс аутизмын талаар харьцангуй ойлголттой, мэдээлэлтэй болж байх шиг байна. Яг өнөөдрийн байдлаар Монголд аутизмыг хаана, хэрхэн оношилж байна.

-Аутизмын эмгэгийг бусад өвчин шиг яг тэгж оношилно гэж хэлэх боломжгүй л дээ. Аутизм бол өвчин биш эмгэг. Аутизмтай хүн бүрийн шинж тэмдэг нь өөр өөр байдаг. Тэдний чадвар, шаардлагатай тусламжийн хэрэгцээ ялгаатай. Өнөөдрийн байдлаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд /СЭМҮТ/ аутизмыг оношилж байна. Ингэхдээ сэтгэцийн эмч нарын баримталдаг асуумж хэлбэрийн хэд хэдэн арга байдаг. Түүнийг баримталж оношоо тавьдаг. Сэтгэл зүйчдийн хувьд онош тавьдаггүй зөвхөн дүгнэлт бичдэг. Дөрөвдүгээр сарын 2-нд СЭМҮТ ADOS II гээд аутизмыг оношилдог аргыг нэвтрүүлж байгаа. Сүүлийн жилүүдэд аутизмыг ялгаж таних нь арга нь илүү сайжирсан. Аутизмтай хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Монголд 0-18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй 14609 хүүхэд байдаг. Үүнээс аутизмтай 2394 хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдэд улсаас тэтгэмж өгдөг юм билээ. Монголд 19 мянга орчим аутизмын эмгэгтэй хүн байх магадлалтай гэсэн судалгааны дүнг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан байдаг. Дээр хэлсэн яг аутизм гэж оношлогдсон 2394 хүүхдийн цаана оношлогдоогүй 17 мянга гаруй хүн байх магадлалтай гэсэн үг. Аутизмын талаарх ойлголт харьцангуй нэмэгдэж байгаа хэдий ч хангалттай биш байна гэж харж байгаа.

Улаанбаатар хотынхны хувьд нэг үеэ бодвол аутизмыг мэддэг, ойлгодог болсон. Гэтэл хөдөө, орон нутгийн иргэдийн хувьд мэдлэг, мэдээлэл хангалтгүй байна.

Орон нутагт ажлаар явж байхад аутизмтай байх магадлалтай олон хүүхэд харагддаг. Тиймээс орон нутагт, ялангуяа алслагдсан сум, хөдөөд амьдардаг хүмүүст аутизмыг таниулах, ойлгуулах, мэдээлэл өгөх тал дээр анхаармаар санагдсан.

-Та дээр хэлсэн Монгол Улсын хүн амын дунд 19 мянга орчим аутизмын эмгэгтэй хүн байх магадлалтай гэж. Тэгэхээр энэ өвчин саяхнаас гэнэт бий болчихсон өвчин биш мэдэхгүй, оношлохгүй яваад байж. Яг тийм зүйлээс болж үүсдэг гэсэн тийм судалгаа байдаг уу?

-Энэ талаар олон эрдэмтэд судалгаа хийсэн байдаг. Гэхдээ яг тийм зүйлээс болж аутимз үүсдэг гэсэн батлагдсан зүйл, судалгааны үр дүн байхгүй. Ихэнх эрдэмтэд генийн мутацаас үүсэлтэй гэж ярьдаг ч генийн мутаци юунаас үүсдэгийг олоогүй байгаа.  Иргэдийн дунд  орой төрснөөс, агаарын бохирдлоос, зарим нь вакцинаас хүртэл үүсдэг гэж ярьдаг. Энэ бүгдийг яг нотолсон зүйл байхгүй.

-Аутизм удамшдаг уу, хүүхэд эхээс төрөхдөө зүгээр төрөөд өсч, хөгжих явцдаа аутизмтай болох боломжтой юу?

-Эхээс төрөхдөө аутизмын эмгэгтэй төрдөг. Түүнээс төрсөн хойноо аутизмтай болно гэж байхгүй л дээ. Зарим хүмүүсийн хувьд хүүхэд нь хоёр нас хүртлээ энгийн, зүгээр байж байгаад 2-3 настайд нь манай хүүхэд аутизмтай болчихлоо гэдэг. Ерөнхийдөө хүүхэд 0-2 насанд харилцах хүрээ нь бага байдаг болохоор анзаарахгүй өнгөрдөг байх. Гэтэл 2-3 насанд цэцэрлэгт ороод олон хүнтэй харьцаад ирэхээр хөгжлийн хоцрогдол ажиглагдаж эхэлдэг. Тэгэхээр зарим эцэг, эхчүүд манай хүүхэд аутизмтай болчихлоо гэж ойлгоод байдаг.

-Аутизмтай хүүхдүүдийн хамгийн чухал эмчилгээ бол нийгэмшүүлэх, бусадтай сайн харилцах гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. Гэтэл энэ боломж Монголд хангалттай байна уу?

-Хүүхдийг боловсролд тэгш хамруулах бодлого улсаас хэрэгжүүлдэг шүү дээ. Энэ хүрээнд сургууль болон сургуулийн өмнөх боловсролын нэг ангид 1-2 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамруулна гэж заасан байдаг. Гэвч бодит байдал дээр нэг ангид 40, 50-иас дээш хүүхэд сурч байна. Тэгэхээр багш нарын ачаалал мэдээж их, тийм учраас яг аутизмтай ч гэлтгүй ямар нэг хөгжлийн бэрхшээл хүүхэдтэй багш тулж харьцах боломж хомс байгааг үгүйсгэхгүй. Угтаа нэг ангид 1-2 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байлаа гэж бодоход тэдгээр хүүхдүүдэд зориулсан хичээлийн тусгай хөтөлбөр гаргаж өгөх ёстой. Дээрээс нь туслах багштай байна гэсэн журам байдаг. Туслах багш нарынх нь хувьд тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хичээлд хамрагдах, болон бусад зүйлүүдэд нь туслах үүрэгтэй. Гэтэл энэ журам Монголд бүрэн хэрэгжиж байна уу гэвэл үгүй. Нийгэмшил, энгийн, үеийн хүүхдүүдтэйгээ харилцаж тэднээс суралцаж хамт тоглох нь аутизмтай хүүхдэд маш чухал.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2792533/ линк рүү орж унших боломжтой.


Шинэ нэр: "Хамгийн залуу тэрбумтан болохыг мөрөөддөг"

"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор Ой тогтоолтын хамгийн залуу дэлхийн аварга, Олон улсын их мастер, оюуны спортоор Гиннесийн рекорд эзэмшигч Э.Үүрийнцолмонг онцолж байна. Тэрбээр Ой тогтоолтын ДАШТ-ний насанд хүрэгчдийн ангилалд 14 насандаа тэргүүлж, 33 жилийн түүхтэй тус тэмцээний хамгийн залуу дэлхийн аварга болжээ. Түүнчлэн 2022 оны бага насны Дэлхийн аварга, 2023 оны өсвөрийн Дэлхийн аварга, 2024 оны өсвөр болон насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын амжилтыг эзэмшдэг. Түүнийг 2024 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд онцгой амжилт гарган, эх орноо сурталчлан, үе тэнгийнхнээ манлайлсныг үнэлэн 2024 оны "Оны онцлох хүүхэд”-ээр шалгаруулсан юм. Ингээд түүнтэй танилцъя.


Одоо суралцаж буй сургууль:

Оюуны Ирээдүй

Сошиал хуудас:

Uuriin Tsolmon /фэйсбүүк/

uuriintsolmon___/Instagram/

-ОЙ ТОГТООЛТЫН ДАШТ-Д ТҮРҮҮЛСЭНД БАЯР ХҮРГЭЕ. ХАМГИЙН ЗАЛУУ ДЭЛХИЙН АВАРГААР ТОДРОХ МЭДЭЭЖ ГОЁ БАЙСАН БАЙХ. ГЭХДЭЭ ТЭР ОЛОН ЦИФР ТОГТООХ ХЭЦҮҮ БАЙДАГ УУ?

-Маш их баярлалаа. Өнөөдрийг хүртэл олон тэмцээн уралдаанд оролцсон. Тэмцээнд оролцох бүртээ өөртөө итгэлтэй байхыг чухалчилдаг. Үргэлж би зорилгоо биелүүлнэ, чадна гэсэн бодолтой оролцдог. Хамгийн сүүлд оролцсон тэмцээний тухайд 30 минутанд 6465 цифр цээжлэн, алдаагүй санаж шинэ амжилт гаргасан. Оюуны спортоор хичээллэхэд тархинд маш их ачаалал ирдэг. Гэхдээ оюуны спортын тамирчид яваандаа тархины ачааллаа удирдах чадварыг эзэмшдэг гэж би боддог.

-ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХДОО ХЭР ХУГАЦААНД БЭЛДДЭГ ВЭ. ЭСВЭЛ БАЙНГЫН БЭЛТГЭЛТЭЙ БАЙДАГ УУ?

-Дэлхийн аваргын тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчид амралтын газарт очоод, гар утсаа хураалгаад 14 хоногийн эрчимжүүлсэн бэлтгэл хийдэг. Би Монголын оюун ухааны академийн Дарханы салбарт харьяалагддаг. Эрчимжүүлсэн бэлтгэл хийхийн өмнө, Дархандаа аль хэдийн бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн байдаг. Ер нь аравдугаар сараас эхлээд л өөрийнхөө эрчимжүүлсэн бэлтгэлийг багш нартайгаа хамтраад хийж эхэлдэг.

Миний хувьд бүх зүйл дээр бодлын хүчийг ашигладаг. Анх энэ талаар Б.Баасандорж багш маань тайлбарлаж өгч байсан.

Тэмцээн дээрээ өөрийнхөө төлөвлөснөөр цээжлээд, ямар ч асуудалгүй санаж байгаагаа, сүүлд нь баярлаад багшдаа хэлээд инээж байгаагаа гэх мэт нэг нэгэнгүй бүгдийг нь яг л кино шиг бодол дотроо өдөр бүр дахин дахин төсөөлдөг. Энэ үнэхээр хүчтэй арга шүү.

-ЯАГААД ОЮУНЫ СПОРТЫГ СОНИРХОХ БОЛСОН ЮМ БЭ?

-Би анх цэцэрлэгт байхдаа оюуны спортын нэг төрөл болох спорт өрөлтөөр хичээллэж эхэлсэн. Тэгээд энэ төрлөөрөө тэмцээнд орохоор Дарханаас хотод ирсэн юм. Ингэж л анх Монголын оюун ухааны академитай танилцсан. Харин 2022 оноос оюун ухааны академийн бүх төрлөөр хичээллэж, ой тогтоолтын спортын тамирчин болсон. Дунд нь 1-2 жил орчим завсарлага авсан. Гэхдээ академийн хамт олон маань үнэхээр гоё байсан учраас буцаж орж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тууштай хичээллэж байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2792930/ линк рүү орж унших боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-04-05 202.126.88.162

Энэ засгийг тараах хэрэгтэй , хуулиа өөрчилж намын заалтаар их хурлын гишүүн болгодгийг болих хэрэгтэй , сонгууль бол сонгууль ард түмнээс л сонгогдоогүй бол эргүүлэн тат . Хөгийн авилгачид намын заалтаар гарсан шүү . Нэг л жишээ нь Наараа гэдэг боловсролгүй , сэтгэцийн эмгэгтэй , их хурлын гишүүн гэгдэж ард түмнийг доромжлох хэрэггүй , хүчирхийлэгч , насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн рарьцаанд уру татаад одоо дарамтлаад , хүчирхийлээд амьдарч байгаа нь үнэн

Avatar

Ялгааа 2025-04-05 14.1.81.153

Улс орнууд хөгжихийн тулд бүгд л хэцүү зам туулдаг байх гэхдээ ХӨгжихүү Хөгжихгүй юу гэдэг нь тухайн улсын Иргэн нэг бүрээс шууд шалтгаална. Солонгос гэхэд л Авилгал, Дайн самуун гээл зөндөө бэрхшээл туулсан ч Иргэн бүр нь Ажилсаг болохор өнөөдрийн Хүчирхэг Солонгос болсон. Харин Монгол Иргэн бүр Залхуу юу Ажилсаг уу ??

Avatar

Ноён заяа 2025-04-05 202.9.46.151

монголчууд өөрсдийгөө дээд тэнгэрээс заяатай, ноён заяатай гэж боддог тул бүгд л дарга, захирал болох бодолтой тул ажлыг гардан хийх хүн цөөн, ажлаас зугтаадаг, ажил хийж байгаад таньдаг хүнд харагдчих вий гэж ичиж зовдог. ямар сайндаа ажилчин гэж хэлүүлэх дургүй, ажилтан гэж нэрлэж байхыг хүсдэг шүү дээ. тэгэхээр ажилд дургүй гэсэн үг шүү дээ.

Avatar

сонгогч 2025-04-05 202.9.46.142

УИХ-ын гишүүд орлого, зарлагаа тайлагнадаг нь идэж уусанаа , хулгайлж дээрэмсэнээ нуух гэсэн ичгүүргүй үйлдэл мөн. ЗААВАЛ ТАЙЛАГЛАХ ЁСТОЙ.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Манай нийгмийн ёс суртахууны түвшин нэг иймэрхүү болчихоод байгаа юм 2025-04-05 139.5.218.151

Батчулуун эмчийг хамгаалах компанит ажил өрнөж байна.Хүний амийг аврах гээд хэлмэгдлээ гэцгээнэ.Энэ нь асуудлын нэг тал нь. Асуудлын нөгөө тал нь зөөлөн хэлэхэд ёс суртахуунгүй, хатуухан хэлэхэд хүнлэг бус үйлдэл гаргасан байна.2 эрхтэнийг нь авна гэчихээд бусад олон эрхтэнийг нь аваад хөндий зайнд нь юм чихээд төмөр утсаар боогоод шарилыг нь ээжид нь өгч. Охиных нь шарил ийм болсныг үзсэн ээжийн сэтгэл ямар байхав.Араас нь хөөцөлдөх хүнгүй 3 өнчин зээтэй үлдсэн хөгшин яав гэж бодоогүй баймаар.

Avatar

Нэргүй 2025-04-05 139.5.217.198

SEKSEER VANXANDI80955877

Avatar

Зочин 2025-04-05 139.5.218.151

ддд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж