Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр сар бүр сэтгүүлчидтэй уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл өгдөг болсон. Энэ удаагийн уулзалт Эдийн засаг, хөгжлийн яам дээр /2025.04.02/нд болсон. Тус уулзалтын үеэр яригдсан зарим зүйлийг үргэлжлүүлэн тоймлон хүргэе.
"Ертөнц ойлгомжгүй байхад бүгдээрээ ойлгомжтой байя" гэх бодлого баримталж байгаагаа Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ тодотгосон. Тиймээс Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тэр дундаа 14 мега төслөө хэрэгжүүлж, нэг хүнд оногддог, ДНБ-ээ 10 мянган ам. долларт хүргэх яриаг бодит болгох зорилт тавин ажиллаж байгаа аж. Он гарсаар эхний 3 сарын байдлаар Монгол Улсын эдийн засгийн бодит нөхцөл байдал тийм ч сайнгүй байгаа. Тэр дундаа Монгол Улсын экспортын голлох түүхий нүүрсний үнэ 30-40 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч сүүлийн 2- 3 өдөр нүүрсний үнэ бага зэрэг өссөн үзүүлэлттэй байгаа гэв. Харин зэс болон алтны үнийн өсөлт алдагдлыг тодорхой хувиар нөхөж байгаа нь эерэг үзүүлэлт болж байгаа аж. Тухайлбал, сүүлийн гурван сарын байдлаар зэсийн баяжмал 24 хувиар өссөн байна. Зэсийн үнэ өссөн энэ үед ойролцоогоор 250 сая долларын зэс Оюутолгойн гадаа овоолоостой байгаа учраас экспортыг эрчимжүүлэх шаардлага байгааг илтгэж байна. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр ч экспортод гаргаж чадаагүй тодорхой хэмжээний төмрийн хүдэр бий. Хэдийгээр төмрийн хүдрийн үнэ харьцангуй тогтвортой байгаа ч үнийн хувьд өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 2 хувиар буурсан үзүүлэлт бий. Нүүрсний экспортын биет хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 хувиар буурсан нь Монгол болон Хятадын цагаан сар аль аль нь энэ жил олон өдөр үргэлжилсэн учраас хил гаалийн байгууллагууд ойролцоогоор 14 хоног хаалгаа барьсантай холбон тайлбарлав.
Монгол Улс энэ жил 83 сая тонн нүүрсийг 105 ам доллараар зарахаар төсөвтөө тусгасан. Тиймээс уг зорилтоо биелүүлэхийн тулд нүүрсний экспортоо 90 сая тонн болгож биет хэмжээг 7 сая тонноор нэмэгдүүлснээр үнийн зөрүүний алдагдлыг бууруулах цаашлаад зэсийн үнэ өссөн энэ үед 30- 45 хувийн нэмэлт борлуулалт хийх, алтны олборлолтыг 5 тонноор нэмэгдүүлэх зэргээр зорилтоо тодорхойлсон байна.
Угтаа Монгол Улс нүүрсний экспортын биет хэмжээгээ 90 саяд хүргэх, алтны олборлолтоо 20 тонн хүртэл өсгөх, зэсийн баяжмалын экспортоо 24 хувийн өсөлттэй энэ үеийг ашиглаж нэмэгдүүлэх зэрэг маш ойлгомжтой зорилтууд тавьж түүндээ хүрэхийн төлөө тал талдаа хичээл зүтгэл гаргаж ажиллаж байгаа аж. Ийнхүү уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурч, экспортын орлого буурсан нь Монгол Улсын гадаад валютын албан нөөцөд нөлөөлнө. Оны эхэнд 5,5 тэрбум ам.доллар байсан ГВАН буурсаар одоогийн байдлаар 5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Экспортын нөхцөл байдал ийм байхад эсрэгээрээ импорт дээр халалт үүссэн нь эрэлттэй шууд холбоотой. Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт идэвхжилтэй байсан учраас тэр хэмжээнд импортыг өдөөсөн. Он гарсаар эхний сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 600 орчим сая ам.долларын алдагдалтай байсан бол одоогийн байдлаар 60 сая долларын эерэг үзүүлэлттэй байгаа аж. Тиймээс цаашид импортоо тодорхой хэмжээнд барихаас өөр арга байхгүйг учирлаж байна.
Эцэст нь дээрх зорилтдоо хүрэхийн тулд мега төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Одоогийн байдлаар 14 мега төслөөс газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилт шийдэгдсэн бол Монгол Францыг хамтарсан уран олборлох гэрээ урагшилж шууд хөрөнгө оруулалт хийгдсэн. Мөн УИХ-аар Ганцмод Гашуунсухайтын төмөр зам холболтын асуудлыг шийдэврлэсэн нь чамалхааргүй амжилт.
Үргэлжлүүлэн цаашид хэрэгжүүлэхэд бэлэн болсон, бэлтгэл ажил нь хангагдсан хэд хэдэн төсөл байгаа талаар тодотгов. Хэдийгээр хууль шүүхийн маргаантай байгаа ч зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төсөл бол Тавантолгойн цахилгаан станц. Уг төслийг хэрэгжүүлэх бүх бэлтгэл ажил хангагдчихсан учраас ирэх долоо хоногийн Засгийн газрын хурлаар уг төслийг богино хугацаанд хөдөлгөхтэй холбоотой асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна. Хоёрдугаарт, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гангийн цогцолбор байгуулахыг зорьж байгаа аж. Гуравдугаарт, ТЭЗҮ, хөрөнгө оруулагчид нь бэлэн болсон зэс боловсруулах үйлдвэр байгуулах асуудал улс төрийн шийдлээ хүлээж байна. Дөрөвдүгээрт, нүүрс химийн үйлдвэрийн ажлыг энэ хавар эхэлүүлэхээр төлөвлөжээ. Эцэст нь алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулахад олон талын санал ирж байгаа учраас ойрын үед хөдөлгөх хүлээлттэй байна. Мөн түүнчлэн олон жил яригдсан Эгийн голын УЦС-ыг барихын тулд ОХУ байгаль орчны үнэлгээгээ энэ жилдээ багтааж хийсэн тохиолдолд хөдөлгөчих байх гэсэн хүлээлттэй байгаа аж. Цаашлаад нар салхины асар их нөөц манайд байгаа учраас сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна экспортод гаргах том амбицтай байгаагаа тодотгов.
3,569.17














































