Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит компаниудад бүтээмж, хяналтын менежер томилж ажиллуулах нь зөв гэж үзэн уг шийдвэрийг гаргаад буй. Ингэсээр төрийн өмчийн компаниудын бүтээмж сайжирна гэж тооцоолж байгаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар зарим компаниуд эхнээсээ бүтээмж, хяналтын менежерүүдээ томилоод эхэлжээ.
Гадаад, дотоодын улс төр халуурахын хэрээр эдийн засагт улаан гэрэл анивчиж эхэлсэн. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн албан хаагчдыг цомхотгохоор болсноо нэг бус удаа зарласан юм. Гэсэн хэдий ч бодит байдал дээр цалин өндөр бүтээмж багатай албан тушаалтнуудын тоо нэмэгдсээр. Энэ нь төсвийн урсгал зардалд сөргөөр нөлөөлж байна. Хамтарсан Засгийн газарт ажилд орж буй бүтээмжийн, хяналтын менежерүүдийн орон тоо 400, дээр нь БЭТ болон зөвлөх гээд утгаа алдаж буйг УИХ-ын гишүүд эсэргүүцэх болсон. Тэдгээр төрийн менежерүүд нь өндөр цалинтай. Гэтэл төсөв бүрдүүлж өгдөг татвар төлөгчид нь ажлын байраа алдаж, ажиллах хүчээ цомхотгож байна. Тэгвэл Монголд хэн хамгийн өндөр цалин авдаг вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдана.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд байдаг найман компанид бүтээмж хариуцсан менежер, хяналт хариуцсан менежер нийт 16 хүн томилогджээ.
Эдгээр менежерүүдийн сарын дундаж цалин 5-6 сая төгрөг байна.
Тэгвэл дээрх нэр томьёо бүхий менежерүүд “Эрдэнэс Монгол” нэгдлээр хязгаарлагдахгүй, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, Хөгжлийн банк, Төрийн банк, МИАТ зэрэг компаниудад мөн томилогдох аж.
Эдгээр албан тушаал бүхий хүмүүс компаниудын орлого, зарлагаас хамаарч хамгийн багадаа 5-6 сая төгрөг түүнээс дээш цалин хөлс авах тооцоо гарчээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төсөл дээр ажиллаж буй хүмүүсийн цалин хамгийн багадаа гурван саяас таван мянган ам.доллар аж.
УИХ-ын гишүүний цалин 5.7 сая төгрөг бол зөвлөхийнх нь цалин 2.7 сая төгрөг байдаг.
Мөн УИХ-ын гишүүдийн сарын урамшуулал 23 сая. Энэ мөнгө УИХ-ын гишүүдийн зардалд хүрэлцэхгүй байгаа тул 100 сая болгох саналыг УИХ-ын гишүүн О. Амгаланбаатар гаргах болсон.

БАГШ, ЭМЧ НАРЫН ДУНДАЖ ЦАЛИН 1.4-2.0 САЯ ТӨГРӨГ
Улс орны эдийн засаг хүндхэн байгаа энэ үед аль болох үргүй зардлаа танана, төрийн өмчит компаниудын орон тоог цөөлнө гэсэн атлаа ингэж нэмэгдүүлж дээрээс нь монголын дундаж цалингаас хоёр дахин их цалинтай байгаад иргэд бухимдаж байгаа юм.
Тэгвэл нийгмийн хамгийн хүнд, ачаалалтай салбарт ажилладаг эмч, багш нарын цалин хөлс бага хаанаа ч хүрдэггүй гэдгийг хүн болгон ярьдаг.
- Багш нар ажилласан жил, ур чадвар илүү цаг зэргийн нэмэгдлээсээ шалтгаалаад дунджаар 1.5-1.8 сая төгрөгийн цалин гар дээрээ авдаг байна.
Эмч нарын хувьд мөн ялгаагүй ажилласан жил, алслагдсан аймаг, сумд ажилладгаасаа шалтгаалаад харилцан адилгүй цалин авдаг байна.
- Ингэснээр дунджаар 1.4-2.0 сая төгрөгийн цалин гар дээрээ авдаг аж.
Автобусны жолооч нарын цалинг 2023 оны арваннэгдүгээр сард сарын 1000 ам.долларт хүргэнэ гэж хотын дарга мэдэгдсэн. Ингэснээр тухайн оныхоо гуравдугаар сараас эхлэн автобусны жолооч нарын цалин 3.5 сая төгрөг болсон.
ТҮК-ийн ажилчдын цалин 2024 оны зургадугаар сарын 1-нээс нэмэгдэж 3.5 сая төгрөгийн цалин авч байна.
3,569.17






















































Холбоотой мэдээ