ХЭҮК-ын дарга Д.Сүнжидээс Малайз улсад амиа алдсан монгол эмэгтэйн гэр бүлд учирсан хохирлыг барагдуулах шүүх хурлын талаар тодрууллаа. Тэрбээр "Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос Женевийн хуралд оролцож, Малайз улсын хүний эрхийн байгууллагын удирдлагатай уулзсан. Малайз улсын хүний эрхийн байгууллагын удирдлагууд хэдийгээр хараат бус ажиллах үүрэгтэй ч төрийн байгууллагад зөвлөх хэмжээнд ажилладаг гэдгийг хэлсэн. Удирдлагуудынх нь зүгээс "Бид аль болох энэ хэргийн талаар олон нийт болон засгийн газартаа нөлөөлөхийг хичээнэ" гэдэг хариу өгсөн. Малайзын анхан шатны шүүхээс Монгол Улсын иргэний амь нас хохирч, гэр бүлд нь нөхөн төлбөр оногдуулна гэж тогтоосон. Мөн энэ хэрэгт холбоотой хоёр хүнд цаазаар авах ял оноосон байхад тус улсын засгийн газар нь дахин шүүхэд давж заалдсан. Бид энийг ойлгохгүй байгаагаа хэлж, улсынхаа засгийн газарт нөлөөлөх хүсэлтийг тавьсан.
Хоёрт, энэ хэргийн давж заалдах шатны шүүх хэзээ болох нь тодорхойгүй байсан. Бид өнгөрсөн жилээс эхлэн хоёр дахь удаагаа Малайзын хүний эрхийн байгууллагатай уулзаж, шүүх хурлыг товлож өгөхийг хүссэн.
Тодорхой байдал нь талийгаачийн аавын хувьд тун хэцүү байна гэж хандсаны үндсэн дээр хурлыг 2025 оны тавдугаар сарын 19-нд товлосон. Мөн Малайз улсад ганцаараа ажиллаж буй өмгөөлөгчид нь дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Ганцхан өмгөөлөгч тус улсын засгийн газрын эсрэг ажиллаж байгаа учраас олон нийтэд зөв ойлголт өгөх талаас нь дэмжих хүсэлт тавьж, өмгөөлөгчийн зүгээс талархлын захидал ирүүлсэн. Үр дүнд нь тус улсын анхан шатны шүүхийн шийдвэрээр олгох ёстой мөнгийг нь баталгаажуулсан дансанд байршуулсан. Хэргийн давж заалдах шатны шүүх хурал болмогц энэ мөнгийг хохирогчийн ар гэрт олгох ёстой.
Ойролцоогоор баталгаажуулсан 5000 ринггит байршуулсан. С.Шаарийбуу гуай монгол талын өмгөөлөгч болон Малайзад нэг өмгөөлөгчтэй. Хүний эрхийн үндэсний комиссоос байнгын уулзалт хийж, мэдээлэл солилцож байгаа.
Шаардлагатай бол ХЭҮК-оос Малайз улс руу төлөөлөл явж, дэмжлэг үзүүлэх боломжтой. Гэхдээ зөвхөн шүүх хурлын ажиглагчаар оролцоно. Тийм учраас С.Шаарийбуу гуайн өмгөөлөгчтэй нь санал солилцож шийднэ. Монгол Улсын Засгийн газраас амиа алдсан эмэгтэйн аав С.Шаарийбууг шүүх хуралд оролцох зардлыг гаргаад өгчих болов уу гэж бодож байна. ХЭҮК-оос дэмжлэг хүссэн албан бичиг явуулсан. Ер нь зардлын асуудлыг нь шийдчих байх" гэв.
ХОХИРОГЧ ИРГЭНИЙ ӨМГӨӨЛӨГЧИЙН ДАНС РУУ 1.42 САЯ АМ.ДОЛЛАР БАЙРШУУЛАХЫГ ТУШААСАН

Малайзын засгийн газарт 2025 оны хоёрдугаарын 12-нд сард 30 хоногийн дотор тус улсад амиа алдсан Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгчийн данс руу 1.42 сая ам.доллар байршуулахыг шүүгч Мумати Муругиа тушаасан. Мөн тус улсын засгийн газар давж заалдах хүсэлт гаргасны дагуу уг шүүх хурлыг 2025 оны тавдугаар сарын 19-нд товлоод буй. Хэрэв дахин гэм буруутай гэдэг нь тогтоогдвол тухайн хохирол барагдуулах мөнгө Ш. Алтантуяагийн гэр бүлд бүрэн очно.
Ерөнхий сайд асан Нажиб Разакийн зөвлөх асан Абдул Разак Багиндаг мөн адил Ш.Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгчийн данс руу 1.42 сая ам.доллар байршуулахыг шүүгч Муругиа үүрэг болгосон байдаг. Гэрчүүдийн мэдүүлснээр, Малайз 2002 онд Францын төрийн өмчит компаниас шумбагч онгоц худалдаж авсантай холбогдуулан Ш.Алтантуяа түүний орчуулагчаар ажиллаж байжээ.
Ш.Алтантуяагийн үхэлд улс төр судлаач Абдул Разак Багинда, ахлах байцаагч Азила Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нарын гурван хүнийг, мөн засгийн газрыг буруутай гэж үзэж буй.
Одоогийн байдлаар, Сирул Австрали руу зугтсан бөгөөд Малайз улс түүнд ногдуулсан цаазаар авах ялыг хүчинтэй хэвээр байлгаж байна. Улмаар Австралийн засгийн газар Сирулыг шилжүүлж өгөхөөс татгалзаж байна. Харин Азила бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн бол Нажиб эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт буруутгагдан мөн адил хоригдож байна. Тэрбээр өнгөрсөн онд ялын хэмжээгээ зургаан жил болгож бууруулсан бөгөөд үлдсэн хугацаагаа гэртээ өнгөрүүлэх хүсэлт гаргажээ.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
3,569.17





















































Холбоотой мэдээ