Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэмэгдэл, үнийн өсөлт, эдийн засгийн ирэх онуудын төлөвийн талаар эдийн засагч Ч.Сосорбарамтай ярилцлаа.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдрөөс 792 мянган төгрөг болж нэмэгдэж байгаа. Ингэснээр үнийн хөөрөгдөл үүсгэх эрсдэлтэйг иргэд шүүмжилж байна. Энэ тохиолдолд эдийн засагт ямар эерэг болон сөрөг нөлөө гарах бол?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж байгаа нь сонсоход сайхан мэдээ боловч эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь авч үзвэл нэлээн хохиролтой байх нь гарцаагүй. Сүүлийн гурван жил дараалан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж байна. Энэ нь эдийн засагт суурь цалинг нэмэгдүүлж байгаа хэрэг. Ийнхүү суурь цалинг нэмснээр аж ахуй нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийн шимтгэл төлөлтийг нэмэгдүүлэхээс гадна албан бус салбар болон нэмүү өртөг бага шингэдэг, ур чадвар бага шаарддаг аж ахуй нэгжүүдэд ирэх дарамт нэмэгдэж байгаа.
Аж ахуй нэгжүүд энэхүү зардлын өсөлтийг хэрхэн нөхөх вэ гэдэг нь маш сонирхолтой асуулт болж байгаа. Товчхондоо бол аж ахуй нэгжүүд бараа, бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх замаар зардлыг нөхөх эсвэл ажилчдаа цомхотгох, ажлын цагийг багасгах замаар зардлыг бууруулах гэсэн сонголттой тулж байна.
-Төрөөс үнийн өсөлтийг хязгаарлах ямар нэгэн бодлого, шийдвэр гаргавал үр дүн нь бодит байх боломжтой юу?
-Бид төр үнийн өсөлтийг хязгаарлах гэж оролдох нь эргээд эдийн засагт хэчнээн хор хөнөөлтэй талаар олон жишээг авч болохоор туршлагатай болсон шүү дээ. Тиймээс төрийн зүгээс эхлээд суурь цалин, хөлс болон бусад үнийг нэмэгдүүлэхдээ урьдчилан тооцоо судалгааг сайтар хийж, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг хэмждэг болох тал дээр илүү анхаарах хэрэгтэй гэж бодож байна.
"ТАТВАР ТӨЛДӨГ ХЭСЭГТЭЭ АЧААГ ҮҮРҮҮЛЖ ТУЙЛДУУЛДАГ ТОГТОЛЦОО БОЛ ГАЖУУДЛЫН ШИНЖ ЧАНАРТАЙ"
-Аж ахуй нэгж, үндэсний үйлдвэрлэгчдэд татвар болон бусад зардал хэт өндөр ногддог. Энэ нь эцсийн хэрэглэгчид хямралын өртгийг төлөхөд хүргэж байна. Үүнд гаргалгаа байгаа болов уу. Аж ахуй нэгжүүд зардлаа танаад ч нэмэргүй учраас ажиллах хүчээ цомхотгож, бүтээгдэхүүнийхээ ханшийг нэмж байна шүү дээ.
-Татварын бодлого болон бусад зардлын хувьд Монгол Улсын хувьд бусад ижил төстэй оронтой харьцуулахад харьцангуй дундаж хэмжээнд байдаг орнуудын тоонд орно. Татвар төлж байгаа хэсгээс авах татварыг нэмэх замаар татварын орлогыг бүрдүүлэх биш татвар төлөхгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа албан бус секторыг албажуулах, тэднээс хэрхэн татвар авдаг болох тал дээр илүү их анхаарлаа төвлөрүүлэх ёстой.
Бид одоогийн нөхцөл байдалд татвар төлдөг хэсэгтээ ачааг нь үүрүүлээд л тэднийг туйлдуулдаг. Гэтэл цаана нь татвар төлөхгүй өндөр ашиг орлоготой ажиллаж болдог хэсэг бүлэг секторууд байгаад байдаг. Энэ тогтолцоо нь өөрөө гажуудлын шинж чанартай байгаа юм.
Харин нийгмийн даатгалын шимтгэлийн хувьд бол нэгнээс нь аваад нөгөөд нь хуваарилдаг, дээр нь төсвийн орлогыг бүрдүүлдэг хэрэгсэл болгон ашиглаж байгаа нь өөрөө системийн гажуудал юм. Угтаа бол нийгмийн даатгал бол тухайн ажилтан ирээдүйд учирч болох эрсдэл, ирээдүйд зарцуулах мөнгөний төлөө төлж байгаа шимтгэл. Ерөөсөө л татварын бодлого нь татвар төлдөг хэсгээс илүү их авах, нийгмийн даатгал төлж байгаа хэсгийг илүү дарамтад оруулах нөхцөл байдал руу шилжихээр энэхүү зардлын өсөлтийг нөхөхийн тулд үнээ нэмэх, эсвэл ажилчдын тоог бууруулахаас өөр сонголтгүй болгодог.
-Саяхан Засгийн газраас ирэх саруудад нэмэх дулаан, ус, цахилгааны төлбөрийг нэмэх шийдвэрээ түр хугацаанд хойшлуулсан тухай мэдэгдсэн. Гэсэн ч энэ жилдээ багатаж хэрэглээний төлбөрүүд нэмэгдэх учир иргэдийн зүгээс хүнд байдал руу шилжиж байгааг хэлж байна. Ирэх саруудад эдийн засгийн өсөлт айл өрх, аж ахуй нэгжүүдэд хэрхэн мэдрэгдэх вэ?
-Суурь үнийг нэмэхээр эргээд энэ нь үнийг нэмэгдүүлж, инфляцийг тодорхой хэмжээнд хөөрөгддөг болохыг 2025 оны хоёрдугаар сарын инфляци 9.6 хувьтай гарснаас л харж болно. Тухайлбал, инфляци 9.6 болж нэмэгдэхэд 22 хувийг нь орон сууц, ус, цахилгаан, түлшний үнийн нэмэгдэл тайлбарлаж байна. Ийнхүү инфляц нэмэгдэж байгаа нь иргэдийн амьжиргааны түвшин, худалдан авах чадварт нөлөөлж эхэлдэг. Тийм ч учраас иргэдийн хувьд эдийн засаг өсөлттэй сайн байна, цалин нэмэгдсэн хэдий ч амьдралд хүрэлцэхгүй байна гэсэн шүүмжлэл гарах нь аргагүй юм.
Энэ оны хувьд гадаад эдийн засгийн нөхцөл байдалд тодорхой бус байдал улам бүр л нэмэгдэж байна. Ялангуяа, АНУ болон Хятад Улсын хооронд өрнөж байгаа худалдааны болон технологийн дайны нөлөө нь Хятад Улстай худалдаа хийдэг жижиг орнуудын хувьд ихээхэн хүндээр тусч болзошгүй олон улсын байгууллагууд онцолж байна.
Нөгөө талаас Монгол Улсын эдийн засгийн хувьд уул уурхайн түүхий эд буюу нүүрс, зэс, алтны үнээс ихээхэн хамаардаг. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурч байна энэ нь Монголд бол сөрөг мэдээ. Дээр нь уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засагтай улсуудын хувьд эдийн засгийн өсөлтийн нөлөө их хожуу мэдрэгддэг. Уул уурхайн салбар болон түүнийг дагасан тээвэр логистикийн салбарт ажиллаж байгаа өрхүүдийн хувьд л тодорхой хэмжээний эерэг нөлөө мэдрэгддэг.
-Татвар, хураамж, хэрэглээний зардлуудыг шат дараатай нэмэхээ Засгийн газар мэдээлсэн. Тэгвэл ирэх жилүүдэд Монгол Улсын эдийн засаг төлөв хэрхэх вэ?
-Юун түрүүнд эрчим хүч, дулааны зардлыг нэмэгдүүлж тус салбарт хөрөнгө оруулалт орох, тус салбарт үйл ажиллагаа явуулах хувийн байгууллагуудад орон зай гаргаж өгч байгаа нь сайн хэрэг. Ийнхүү тодорхой хэмжээнд үнэ нэмэгдсэн нь энэ салбарт үйл ажиллагаа явуулах хувийн байгууллагууд нэмэгдэж бид алсдаа эрчим хүч, дулааны хараат байдлаас гарах боломжийг бүрдүүлэх боломжтой гэж харж байгаа. Гэвч нөгөө талаас төрийн оролцоотой байгууллагууд нь хэт үрэлгэн, технологийн шинэчлэл байхгүй, муу менежменттэйгээс гадна хувийн секторыг оруулахгүй хэт давамгайлсан нөхцөл байдалтай байвал энэ нь эргээд аж ахуй нэгжүүдэд дарамт болохоос өөр ямар ч нэмэргүй. Ийнхүү аж аху нэгжүүдийн урсгал зардлуудыг нэмэгдүүлэх нь эргээд төсвийн орлого тасалдах, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа хумигдах, ажилгүйдэл нэмэгдэх гээд эдийн засагт үзүүлэх сөрөг үр дагаврууд нь хэмжээлшгүй их.
Бид үнэ нэмээд л бүх асуудал шийдэгдэнэ гэж итгэхээ болих хэрэгтэй.
Үнээ нэмсэн бол одоо төрийн өмчид байгууллагууд засаглалаа сайжруулах, менежментээ сайжруулах, технологийн шийдлийг эрчимтэй нэвтрүүлэх гээд л маш олон асуудлыг эхнээс нь хурдацтай хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэмэгдсэн үнийн өртөг өдөр бүр аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүний үнэд шингэж, эргээд тэрийг иргэд хэрэглэж байгаа гэдгийг маш сайн ойлгох ёстой.
3,569.17





















































Холбоотой мэдээ