Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, ятгач Г.Солонго шинэхэн уран бүтээлээрээ үзэгч, сонсогчдодоо бэлэг барьж байна. Тэрбээр Монгол Төрийн үндэсний хөгжмийн их найрал хөгжимтэй хамтран "Эх" хэмээх цоо шинэ уран бүтээл олны хүртээл болгожээ. Авьяаслаг хөгжимчин бүсгүй өөрийн нэрээр нэрлэсэн “Solongo” пянзаараа “Мөнгөн мод-2024” наадмын "Дуу хөгжмийн шилдэг бүтээл"-ээр шалгарсан юм.
Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын ятга хөгжмийн төрөл зүйл, хөг хөглөгөөний онцлогийг шингээн туурвисан ардын дууны найруулгаас эхлээд симфони зураглал, ятга төрийн их найралд зориулсан бүтээл, chill out зэрэг хөгжмийн олон хэлбэрт бичигдсэн зохиол бүтээлүүдээс энэхүү пянз бүрдсэн гэдгээрээ онцлог.
Солонгын долоон өнгө, хөгжмийн долоон эгшгийг бэлгэдэн нэрлэсэн “Solongo” пянзаар ятгын солонго мэт эгшиг аялгууг сонсогчдодоо хүргэхээр зорьсон бөгөөд Олон улсын хөгжмийн сүлжээ болох "Aplle music", "Spotify", "Deezer", "Soundcloud", "iTunes store" болон Монголын "M Music" цахим сүлжээ, “Chinzo’s Record room”, “Welcome records” зэрэг хөгжмийн дэлгүүрүүдээр дотоодын болон олон улсад түгээн үзэгч сонсогч, хэрэглэгчдэд хүрсээр байна.
0 сэтгэгдэл