Өмнөд Солонгосын засгийн газар 2026 онд анагаахын сургуульд элсэгчдийн квотыг 3058 байхаар тогтсон шийдвэрээ энэ сарын эхээр зарласан билээ. Эмч нарын архаг хомсдолыг арилгахын тулд элсэгчдийн тоог 2000-аар нэмэгдүүлэх төлөвлөгөөний хүрээнд энэ шийдвэрийг гаргасан. Анагаахын сургуулийн квотын асуудал жил тойрон яригдаж буй бөгөөд эмч, оюутнууд эсэргүүцлээ илэрхийлэн, ажил, сургуулиа хаяад багагүй хугацаа өнгөрөв.
Засгийн газар энэ сарын эхээр эцсийн шийдвэрээ зарлахдаа сургуулиа хаяж явсан оюутнуудыг дөрөвдүгээр сарын 1-нээс сургуульдаа эргэн ирэхийг шаарджээ.
Анагаахын оюутнууд засгийн газрын саналыг эхэндээ хүчтэй эсэргүүцсэн ч багш нарынхаа ятгалга, сургуулиас хөөгдөх аюул зэргээс болоод байр сууриа аажмаар зөөлрүүлсэн. Оюутнуудыг сургуульдаа эргэж ирснийхээ дараа дахин бойкот зарлавал элсэлтийн квотыг 5058 болгоно гэж Өмнөд Солонгосын Боловсролын яам болон сургуулийн удирдлагууд мэдэгджээ.
Улсын хэмжээнд Кангвон үндэсний их сургууль, Жонбүкийн үндэсний их сургуулиас бусад 38 анагаахын сургууль өнөөдрөөс бүртгэлээ хааж байгаа аж. Дээрх хоёр сургуулийн тухайд бүртгэлийн хугацаагаа дөрөвдүгээр сарын эхэн үе хүртэл сунгаад байна. Сөүлийн үндэсний их сургууль, Йонсей их сургууль, Солонгосын их сургууль, Сунгкюнкван их сургууль, Солонгосын католик их сургууль, Улсан их сургууль, Пусан үндэсний их сургууль, Чуннам үндэсний их сургууль зэрэг бүх томоохон их дээд сургуулийн анагаахын оюутнууд хичээлдээ эргэн орохоор хэдийнэ шийдсэнийг "Korea Times" мэдээллээ.
Дашрамд дурдахад, Өмнөд Солонгос нь нэг өвчтөнд ногдох эмчийн хүртээмжээрээ Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын орнууд дунд хамгийн сүүлд ордог. Тиймээс тус улсын засгийн газар анагаахын сургуульд элсэгчдийн тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байдаг. Гэвч боловсон хүчний тоог нэмэх нь илүү их өрсөлдөөн үүсгэж, цалинг бууруулна гэж салбарын мэргэжилтэн, оюутнууд үзсэн тул ажил, сургууль хаялт, жагсаал цуглаан үргэлжлээд бүтэн жил өнгөрч байна.
Холбоотой мэдээ