МАН болон АН-ын бүлэг 15:00 цагт хуралдана

МАН болон АН-ын бүлэг 15:00 цагт хуралдана

МАН болон АН-ын бүлэг 15:00 цагт хуралдана

УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн Даваа гаригт хуралддаг. Тэгвэл өнөөдөр /2025.03.31/ УИХ дахь АН болон МАН-ын бүлгүүд 15.00 цагаас хуралдахаар болжээ. Хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн төсөл болон цаг үеийн асуудлыг авч хэлэлцээр тогтжээ. Өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригт хуралдсан АН-ын бүлгийн хуралдаантай холбоотой дараах мэдээллийг хийсэн юм.

“Энэ хавар эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч магадгүй гэдэг асуудал яригдаж байгаа учраас бизнесийн орчныг сайруулах чиглэлээр хийж байгаа асуудлын талаар бүлэг хэлэлцлээ. Инфляци өсч байгаа шалтгаан, төсвийн орлого буурч байгаа талаар бүлгийн гишүүдэд холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө. Инфляци энэ оны хоёрдугаар сард 9.6 хувь болсон. Төсвийн орлого өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 23 хувиар буурсан байна. Эдийн засаг хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл дээр тодорхой саналыг бэлэн болгосон байна.

Мөн бүлгээс Татварын багц хуулийн төсөл дээр ажлын хэсэг байгуулж ажиллах шийдвэр гаргалаа. Татварын дарамтыг багасгах, эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр санал санаачлага гаргах дээр санал нэгдлээ.

Үүнээс гадна хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах хамгаалах асуудлаар сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Хууль зүйн сайдаас мэдээлэл авлаа. Ардчилсан Үндсэн хуулиар баталгаажсан, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудал дээр Ардчилсан намын  бүлгин гишүүдийн байр суурь хөдлөхгүй байх ёстой. Хэвлэн нийтлэх эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцсээр ирсэн байр сууриа илэрхийлэх нь чухал юм гэж үзлээ гэв.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн өмнөх долоо хоногийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүд нь 100 хувийн саналаар дэмжсэн байна. Тодруулбал, Засгийн газраас УИХ-д Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд үзсэн байна. Мөн бүлгээр Монголбанкны мөнгөний бодлогын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн танилцуулга мэдээлэлтэй танилцаж, асуулт асууж хариулт авсан гэж мэдээлсэн юм. Мөн МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа "Бүлгийн гишүүдээ үнэлэх үнэлгээний журмын төсөл"-ийг нууцын журмаар танилцуулж, хаалттай хэлэлцсэн. Бүлгийн гишүүдийг үнэлэх үнэлгээний журмын төсөл нь Засгийн газар, намын бүлгийн шийдвэр, өргөн барьсан хуулийг дэмжихгүй эсрэг байр суурь илэрхийлсэн тохиолдолд 10 оноо хасдаг байх агуулгатай юм. Цаашлаад журмын төслийг зөрчиж удаа дараа Засгийн газар, бүлгийн шийдвэрийнхээ эсрэг байр суурь илэрхийлж, санал өгсөн гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй буюу сонгуульд нэр дэвшүүлэхгүй, албан тушаалд томилохгүй байх зохицуулалтыг тусгасан байна. Мөн бүлэг дэмжсэн хууль, тогтоолыг батлах эцсийн санал хураалтад оролцоогүй гишүүдээс ч оноо хасахаар төсөлд тусгасан байгаа  нь олон нийтийн эсэргүүцэлтэй нүүр тулсан. Гэвч МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь тус журмын төслийг эрс эсэргүүцэж, "УИХ-ын гишүүний ажилд сонгогчид нь үнэлгээ өгдөг болохоос журам гаргаад үнэлчихдэггүй юм, Нам дотроос олон янзын ургалч үзэл гарах ёстой. Бүх асуудлыг бүлгээр шийдээд, бүлгээс үүрэг чиглэл өгөөд бүгд ороод кнопдоод яваад байвал парламентад салбар салбарын төлөөлөл байгаа үр дүн гарахгүй. Нэг үзэл санаатай байх гээд байгаа бол Засгийн газрын гишүүдээ л нэг үзэл санаатай байлгана биз. УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдаж байгаа явдал мөн. Яав ч хүлээн зөвшөөрөхгүй" зэргээр намын удирдлагуудтайгаа маргасан учраас уг хэлэлцүүлгийг тодорхой хугацаагаар хойшлуулж өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр тохирсон гэх мэдээлэл бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж