-Нийслэлийн газрын албанаас иргэддээ хувьчлах газар шинээр бий болгох талаар ямар нэгэн ажил зохиож байгаа юу?
-Нийслэлийн газрын албанаас 2008 онд газрын нөөцийг тогтоох судалгаа явуулсан. Судалгаагаар Налайх, Багахангай, Багануур, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутагт 9,8 мянга орчим га газрын нөөц байна гэдэг нь тогтоогдсон. Энэ нь өмнө өмчлүүлсэн газраас хоёр дахин олон буюу 108-110 мянга орчим мянга орчим иргэнд өмчлүүлэх нөөц газар байгаа гэсэн үг. Гэхдээ энэ нөөц газрын дэд бүтцийг нь шийдэхгүй бол иргэд суурьшихгүй л болов уу. Хэзээ гэрэл цахилгаан, ус, унаа нь ирэх нь мэдэгдэхгүй газарт хүмүүс суурьшдаггүйг олон жишээ харуулсан.
-Зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх ажил ямар шатандаа байна вэ?
-Одоогийн байдлаар хот орчмын ногоон бүсийн зусланд 17-18 мянган айл өрх суурьшаад байгаагаас 13 мянга орчим нь албан ёсны эзэмших зөвшөөрөлтэй. Өмчлүүлэх боломжтой нь 9,2 мянган нэгж талбай байдаг. Жил жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, 2003 оноос хойш ярьж байгаа зүйл бол зуслангийн газрын өмчлөл. Зуслангийн газрын тооллогыг 2003, 2005, 2008 онд явуулж, ойн болон усны сав бүхий газраас бусад газрыг өмчлүүлж болох юм гэж дүгнэсэн. Одоогийн байдлаар хотын ногоон бүсийн 18 аманд зуслангийн 9,2 мянган нэгж талбайг иргэдэд өмчлүүлж болохоор байгаа. Гэхдээ яг одоогийн эзэмшсэн байдлаар нь буюу хашсан хэмжээгээр нь өмчлүүлэхгүй. Айл бүрт хүрэх боломжтой зам харгуй, гудамж талбайг гаргахын дээр цахилгаан, дулаан,ус ундыг нь хэрхэн хүргэж болох вэ гэдгийг тусгасан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. Уг төлөвлөгөөнд хэд хэдэн удаа тодотгол оруулсан. 2009 оны арваннэгдүгээр сард хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тодотгож дууссан. Одоо НИТХ-аар батлах ёстой. Төлөвлөгөө батлагдмагц иргэдийн өргөдлийг хүлээн авч, зуслангийн газрыг өмчлүүлж эхэлнэ.
-Зуслангийн газрыг өмчлүүлэх ажил 2003 оноос өнөөг хүртэл үргэлжилж байна гэлээ. Яагаад ийн удаашраад байгаа хэрэг вэ?
-Зусланд айлууд шинээр их нэмэгдэж байгаа. Тиймээс хэд хэдэн удаа тодотгол хийсэн. Гэхдээ нэг зүйлийг онцлоход одоогоор зусланд суурьшсан бүхэн газраа өмчлөн авна гэсэн үг биш шүү. 18 орчим мянган нэгж талбайгаас ердөө 9,2 мянгыг нь л өмчлүүлнэ гэдгийг дахин хэлмээр байна. Мөн зуслангийн газрыг өмчлүүлнэ гэдгийг хүмүүс шинээр газар олгох нь гэж ойлгодог. Тийм биш, одоо эзэмшиж байгаа газрыг нь хуулинд нийцүүлэн хувьчилна гэсэн үг.
-Зусланг тэлэх боломжтой юу?
-2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Налайх дүүргийн хоёр амыг зуслангийн зориулалтаар иргэдэд олгохоор тусгасан. Гэвч одоогоор тэнд хүмүүс төдийлөн суурьшаагүй байгаа.
-Өмчлүүлэх газар хомс гэдгийг та дахин дахин санууллаа. Гэтэл хүн болгон газартай болохыг хүсч байна. Газар хүрэлцэхгүй тохиолдолд яах вэ. Шинэ суурьшлын бүс байгуулах боломжгүй юу?
-Иргэн нэг бүрт өмчлөх газар нийслэлд үнэхээр байхгүй. Иргэд заавал нийслэл гэлгүйгээр төрсөн нутаг орондоо газраа өмчлөн авах бүрэн боломжтой. Одоогийн байдлаар нийслэлийн харъяат 1400 гаруй иргэн хөдөө орон нутагт газар өмчлөн аваад байгаа. Ингэж л газар өмчлөх эрхээ эдлэхээс аргагүй. Бид өмнө нь төлөвлөгөө гарган шинээр суурьшлын бүс гарган айл суурьшуулсан. 2008, 2009 онд 361-ийн гарам, Хурганы САА зэрэг газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулан, худаг гаргаж шинэ суурьшлын бүс байгуулан айлууд буулгасан. Яг тийм байдлаар дээр хэлсэн 9,8 мянган га газарт иргэдийг суурьшуулна.
-Иргэд газар өмчлөх гэхээр өгөх газар байхгүй гээд өргөдөл авахгүй байна гэдэг. Тэгвэл шинэ суурьшлын бүсэд газар авъя гээд өргөдөл өгвөл авах уу. Ер нь иргэдэд газрыг хэрхэн яаж олгодог юм бэ. Хэн түрүүлж хашаа хатгасан нь авах ёстой юу, хэн өргөдлөө өгсөн нь авах юм уу?
-Иргэдэд газар олгохдоо хоёр зүйлийг л иш үндэс болгодог. Тэр газарт өргөдөл гаргасан иргэдийн тоо болон газрын нөөцийн хэмжээг үндэслэж шийдвэрлэдэг. Газрын нөөц байгаа бол иргэдийн өргөдлийг авах л ёстой. Иргэдийн өргөдлийг цаг хугацааны дарааллаар нь шийдвэрлэдэг. Өргөдлийг хариуцсан байгууллага хүлээн авахдаа он сар өдөр төдийгүй цаг минутыг ч тэмдэглэн авах ёстой. Хэрэв тухайн газрыг авахаар давхар өргөдөл өгсөн бол аль түрүүлсэнд нь л өгөхөөр заасан байгаа. Түүнчлэн иргэн бүрт заавал 700 ам метр талбайг өгөх албагүй. Газрын алба аль болох олон хүнд газар хүртээх үүднээс газрын хэмжээг багасган тогтоож байгаа. Зарим газарт 400-500 ам метрээр ч олгож байгаа. Өргөдөл гаргасан иргэдийнхээ тоог харгалзан хэмжээг тогтоож байгаа.
-Нэг хүн олон айлын газар авчихаад өндөр үнээр зарж борлуулах тохиолдол байгаа нь нууц биш. Газрын наймаа эрхлэгчдэд хариуцлага ногдуулах хуулийн заалт байдаггүй юм уу?
-Газар өмчлөх, эзэмших хоёр ялгаатай. Газар эзэмшинэ гэдэг төрийн өмчийн газрыг тодорхой нөхцөл, болзол, хугацаатайгаар өөрийнхөө мэдэлд байлгахыг хэлнэ. Тэгвэл өмчилнө гэдэг нь захиран зарцуулах эрхтэйгээр бүрмөсөн авахыг хэлж байгаа. Өмчилсөн газраа иргэн машин, байраа зардаг шиг зарах эрхтэй. Энэхүү өмчлөх эрхийг иргэдэд зөвхөн ганц удаа л үнэгүй олгож байгаа. Дахин үнэгүйгээр авах эрхгүй. Гэхдээ мөнгөтэй хүмүүс өмчилсөн газрыг олноор нь худалдан авах, ялангуяа барилгажиж буй талбайд хэд хэдэн газар авах тохиолдол түгээмэл байдаг. Бүр түүнийгээ үнэ нэмэн зарах нь ч бий. Үүнийг хуулиар хориглоогүй. Үнэ мөнгийг нь төлөөд өмчлөгчтэй нь тохиролцсон тохиолдолд арван айлын газрыг ч ганцаар худалдан авч болно шүү дээ.
-Одоогийн байдлаар газрын үнэлгээг хэрхэн тогтоосон бэ?
-Төрөөс нэг ам метр газрыг 13200 төгрөгөөр үнэлсэн байдаг. Үүнийг 700 ам метрээр үржүүлбэл есөн сая 240 мянган төгрөгийн үнэтэй газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлж байгаа гэсэн үг.
-Төрөөс иргэн бүрт газар өмчлүүлнэ гэсэн атал газрын алба хүүхдэд газар өмчлүүлэхгүй гэж байсан. Энэ нь хууль зөрчсөн хэрэг биш үү?
-Хүүхдэд газар өмчлүүлж байгаа. Харин газар эзэмших эрхийг 18 нас хүрсэн, эрхзүйн бүрэн чадамжтай иргэнд олгоно гэсэн заалт Газрын тухай хуулинд заасан байдаг. Үүнийг хүмүүс газар өмчлөхтэй андуурсан байх магадлалтай. Түүнээс биш манайхаас 18 нас хүрээгүй иргэнд газар өмчилсөн шийдвэрийг зөндөө гаргасан.
Ярилцсан Д.Цээпилмаа