НЭМЭЛТ:
Мьянмарын газар хөдлөлтөөр амиа алдагсдын тоо 1000 давжээ. Мөн 2300 гаруй хүн гэмтэж бэртэв. Газар хөдлөлтийн гамшиг нүүрлэсэн боловч иргэний дайн зогсоогүй бөгөөд агаарын цохилт үргэлжилсээр л байгаа аж. Харин Бангкок хотод нурсан өндөр барилгын нуранги дор дор хаяж 15 хүн амьд байгаа гэж албаныхан мэдэгдсэн бол 100 гаруй хүн сураггүй хэвээр байна.
Мьянмарын төв хэсэгт өчигдөр /2025.03.28/ 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, чичиргээ нь Хятад, Энэтхэг, Тайландад мэдрэгдсэн билээ. Ялангуяа Тайландын нийслэл Бангкокт баригдаж байсан 30 давхар барилга нурж, олон хүн дарагдсан, нас барсан харамсалтай явдал болоод байна. Тодруулбал, "BBC" агентлагт өчигдөр орой мэдээлснээр гурван хүн нас барж, 68 хүн гэмтжээ. Энэ тоо цааш нэмэгдэх магадлалтай.
Газар хөдлөлтийн дараа Тайландын засгийн газар шуурхай хуралдаан зарлаж, онц байдал тогтоосон.
Бангкокт 30 давхар барилга нурсны дараа 81 ажилтан сураггүй байна. Өмнө нь 43 хүн сураггүй болсон гэж мэдээлж байсан ч сүүлд нь энэ тоог шинэчилжээ. Тухайн барилгыг засгийн газрын зориулалтаар ашиглах байжээ. Барилга нурах үед 409 хүн тэнд байсан гэж Тайландын Нийтийн эрүүл мэндийн сайд Сомсак Тепсутин хэлэв.
Эхний газар хөдлөлт 13:30 цагийн орчимд болсон бол ердөө 12 минутын дараа дахин нэг удаа газар хөдөлсөн байна. Хоёр дахь удаадаа 6.4 магнитудын хүчтэй байжээ. Нийт дөрвөн удаа афтершок мэдрэгдсэн.
Бангкок хотын иргэд газар хөдлөлт болсон даруйд гэр, байшингаасаа гарч, гудамж талбайд цугласан байсныг цахим сүлжээний зураг бичлэгүүдээс харж болно. Тэр бүү хэл, эмнэлгийн өвчтөнүүдийг гадаа гаргаж, төрөлт, мэс засал зэрэг нарийн явцтай эмчилгээнүүд ч гадаа үргэлжилсэн байна. Бангкок хотын гудамжинд нэгэн хүүхэд төрсөн бичлэгийг "BBC" нийтэлжээ.
Мьянмарт Тайландыг бодвол илүү олон давтамжтай газар хөдөлдөг. 1930-1956 оны хооронд л гэхэд 7.0 магнитуд орчмын хүчтэй газар хөдлөлт зургаан ч удаа болсон байдаг. Харин Тайландын хувьд газар хөдлөлтийн бүсэд оршдоггүй бөгөөд ойролцоох улс орнуудын газар хөдлөлтийн чичиргээ л мэдрэгддэг. Тиймээс Тайландын барилга байшингуудыг хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар тооцоолж бариагүй байдаг.
Энэ удаагийн газар хөдлөлтийн талаарх мэдээ олон улсын хэвлэлүүдээр гарч байгаа ч Мьянмарын зүгээс хийсэн албан ёсны тайлбар, мэдэгдэл ховор байна. Учир нь цэргийн хунта 2021 оноос хойш тус улсын засгийн эрхийг барьж буй бөгөөд бараг бүх төрлийн хэвлэл мэдээлэл төрийн хяналтад байдаг. Интернетийн хэрэглээ ч хязгаарлагдмал.
Гэрчүүдийн мэдээлснээр өмнө зүгийн Шан мужийн Мандалай болон Сагаингд нурж, сүйдсэн эртний барилга, гүүр, зочид буудал, сургууль, орон сууц маш их байгаа аж. Тухайлбал, 1850-аад онд баригдсан Мандалай ордон гэх түүхэн барилга ихээхэн эвдэрч гэмтжээ. Энэхүү ордонг Мьянмарын хааны гэр бүл бариулсан бөгөөд 1990-ээд онд сэргээн засварласан. Түүнчлэн 1000 жилийн настай гэгддэг "Shwe Sar Yan Pagoda" сүм нурсан байна.
Нас барагсдын тоо ч маш олон байгааг Мандалайд ажиллаж буй аврах багийн гишүүн хэлжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр 144 хүн нас барсан гэлээ.
Газар хөдлөлт болохоос ч өмнө Мьянмар иргэний дайны улмаас хүндхэн байдалтай байсан. Энэ удаад байгалийн гамшиг нөхцөл байдлыг улам хүндрүүллээ гэж хүмүүнлэгийн байгууллагууд санаа зовниж байна. Газар хөдлөлтийн голомтын ойролцоох Сагаинг муж нь иргэний дайн ид үргэлжилж буй бүс нутаг билээ. Дайнаас болж 3.5 сая хүн орон гэрээсээ дүрвэсэн бөгөөд өлсгөлөн аюулын харанга дэлдэхүйц хэмжээнд хүрсэн. Бараг 20 сая орчим хүн буюу нийт хүн амын гуравны нэгд нь хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаа гэж НҮБ газар хөдлөлтийн өмнөхөн мэдээлж байв.
Газар хөдлөлтийн дараа Мьянмар даяар гурван цагийн турш цахилгаан тасарсны эцэст хэсэгчлэн сэргэжээ. Мөн үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч хамгийн том хоёр операторын үйлчилгээ тасалдаад байна. Үүрэн холбооны үйлчилгээ сэргэвэл муу мэдээнүүд ар араасаа дуулдах байх гэж санаа зовниж буйгаа иргэн ярьжээ.
Мьянмарын цэргийн хунтагийн дарга Мин Аун Хлаин зурагтаар мэдэгдэл хийхдээ олон улсаас тусламж хүсчээ. Энэ нь нэн ховор үзэгдэл юм. Тэрбээр "Бусад улс, байгууллага, цаашилбал Мьянмарт байгаа хэн бүхнийг гамшигийн бүсэд ирж туслаач гэж хүс байна. Гадаадын тусламж орж ирэх бүх замыг нээсэн" гэв.
Одоогоор АНУ, Европын холбоо, Хятад, АСЕАН-ы орнууд туслана гэдгээ илэрхийлсэн бөгөөд эхнээсээ зарим нь хэдийнэ Мьянмарт иржээ. Тодруулбал, Хятадын Юннань мужаас 37 хүнээс бүрдсэн гамшигт хариу арга хэмжээ авах мэргэжлийн баг иржээ. Тэд аврах тоног төхөөрөмжөөс гадна газар хөдлөлтөөс эрт сэрэмжлүүлэх систем, дрон, зөөврийн хиймэл дагуул зэргийг авчирсан аж.
Нэргүй 2025-03-29 14.1.81.106
2025 оны гуравдугаар сарын 28-нд Мьянмарын төв хэсэгт, Сагаинг хотоос баруун хойд зүгт 16 км-ийн зайд 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлтийн бүсэд хамаарах Сагаинг хот нь ойролцоогоор 300,000 орчим хүн амтай. Мөн нийслэл Нейпидо хот нь газар хөдлөлтийн голомтоос хойд зүгт 100 орчим км зайд оршдог бөгөөд тус хотын хүн ам 1 сая орчим байдаг. Тиймээс нийтдээ энэ газар хөдлөлтийн нөлөөнд өртсөн бүс нутагт 1.3 сая гаруй хүн оршин суудаг гэж тооцоолж болно.
Нэргүй 2025-03-29 139.5.217.180
ANUSDI80955876SEXSEER VANXANDI
Нэргүй 2025-03-29 59.153.115.53
мэдээгээ солиоч. үхэгсэд 1000 давлаа.
Харамсалтай 2025-03-29 202.9.47.95
Бээжид хусахгүй яав даа, хайран газрын хөдөлгөөн гэмгүй ядуу газар тохиох ч гэж