"Хүн тооны машин" нэг өдөрт 6 рекорд эвдэв

Хуучирсан мэдээ: 2025.03.28-нд нийтлэгдсэн

"Хүн тооны машин" нэг өдөрт 6 рекорд эвдэв

"Хүн тооны машин" нэг өдөрт 6 рекорд эвдэв

"Хүн тооны машин", "Математикийн гайхамшиг" зэрэг нэрээрээ танигдсан 14 настай Аарьян Шуклагийн хувьд тоо гэдэг түүний цусанд байдаг зүйл. Тэрбээр Гиннесийн зургаан амжилтыг нэг өдрийн дотор эзэмшиж, гэрлийн хурдаар сэтгэн боддог ур чадвараа батлав.

Түүний амжилтуудыг дурдвал: 

  • 4 оронтой 100 өөр тоог 30.9 секундэд цээжээр нэмж,
  • 4 оронтой 200 өөр тоог 1 минут 9.68 секундэд цээжээр нэмж,
  • 5 оронтой 50 өөр тоог 18.71 секундэд цээжээр нэмж,
  • 20 оронтой тоог 10 оронтой тоонд хуваах 10 өөр бодлогыг 5 минут 42 секундэд цээжээр бодож,
  • 5 оронтой тоог хооронд нь үржүүлэх 10 өөр бодлогыг 51.69 секундэд цээжээр,
  • 8 оронтой тоог хооронд нь үржүүлэх 10 өөр бодлогыг 2 минут 35.41 секундэд цээжээр бодож Гиннесийн амжилт тогтоожээ.

Аарьян Шукла Энэтхэгийн Нашик хотын Дели сургуулийн есдүгээр ангид сурдаг. Тэрбээр хурдан бодох чадвараа зургаан наснаасаа хөгжүүлсэн бөгөөд өдөр бүр 2-3 цагийг бэлтгэлдээ зарцуулдаг. Гиннесийн амжилтаас гадна тэр Оюуны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга.

Түүний анхны олон улсын тэмцээн Туркийн аварга шалгаруулах тэмцээн байжээ. 2022 онд болсон тус тэмцээнээс Аарьян Шукла долоон алт, нэг мөнгө, хоёр хүрэл медал хүртэж байжээ. Түүнчлэн 2020 онд Өсвөрийн оюуны олимпиадын аварга, 2021 онд Дэлхийн оюуны спортын олимпиадын аварга,  2022, 2024 онд Лондонд болсон "Эверестийн оргил" тэмцээний аварга болсон амжилтуудтай.

Тэрбээр нэмэх, үржих, язгуур олох, хуанлийн өдөр тооцоолох зэрэг олон ур чадвартай.

"Тоонууд миний оюун санаанд гэрлийн хурдаар орж ирдэг. Би тэдгээрийг төсөөлж, секундыг хэд хуваасантай тэнцүү хугацаанд тооцоолсны эцэст дараагийнх руугаа шилждэг. Энэ үйл явц маш хурдан бөгөөд тайлбарлахад хэцүү" гэж Аарьян хэлжээ.

Түүний эцэг эх нь Энэтхэгт бизнес эрхэлдэг бөгөөд оюуны аяллыг нь анх эхэлсэн цагаас нь л дэмжжээ.

Оюуны өндөр ачааллын хажуугаар йога, бясалгал, уншлага, крикет зэрэг дуртай зүйлсээ тэр хийдэг. Анхаарал бага зэрэг алдагдахад л их зүйл өөрчлөгддөг учир тогтвортой байдал хамгийн чухал гэдгийг тэр онцолж байна. Оюуны спортдоо тэр сайн ч уламжлалт математикийн хичээлдээ багагүй цаг зарцуулдаг аж. Тэр энэ авьяасаа математик юм уу сансрын инженерчлэлд зориулахыг хүсдэг.

ЭХ СУРВАЛЖ: KHALEEJ TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж