Дэлхийн улс орнууд Дональд Трампийн нэрлэсэнчлэн "Америкийн либералчлалын өдөр"-т бэлтгэж байна. Тодруулбал, хэдхэн хоногийн дараа АНУ-ын худалдааны түншүүддээ харилцан татвар ногдуулах эцсийн хугацаа болно.
Трампийн татварын давалгаанд өртөж магадгүй байгаа дараагийн улс бол Вьетнам. Ихэнх улс Вашингтонд хариу цохилт өгч байгаа бол Вьетнамын ерөнхий сайд Фам Мин Чин илүү дипломат арга барилаар үзэх бололтой. Тэрбээр нэгэнтээ Трампийн Мар-а-Лаго дахь харшид зочилж, эх оронд нь ашигтай бол бүтэн өдөржин гольф тоглоход бэлэн гэж хэлж олныг хөгжөөж байсан удаатай. Энэ санаа хэрэгжих боломжтой болов уу?
Трамп өмнө нь Вьетнамыг Хятадаас ч дор гэж хэлж байсан удаатай. АНУ-ын хувьд Вьетнам худалдааны алдагдлаараа Хятад, Мексикийн дараа орох боловч Трамп одоогоор тэдэнд гаалийн татвар оногдуулаагүй байна. Шинжээчдийн үзэж буйгаар хоёр улсын харилцаа муугүй байгаа ч Вьетнам татварын нэмэгдлийн төлөвлөгөөнд чиглэсэн дорвитой арга хэмжээ авахгүй байгаа бололтой.
АНУ-ын Худалдааны яамны ажилтан асан Стивен Олсон "Вьетнамын ерөнхий сайд гольфийн сонирхлоороо дамжуулан Трамптай ойр харилцаатай байсан Шинзо Абэгээс санаа авч байх шиг байна. Гэхдээ АНУ бодлогын үүднээс Вьетнамд онцгой хандана гэж бодохгүй байна. Трампийн хувьд хувийн харилцаа чухал ч энэ тохиолдолд худалдаа наймаанд хатуу байр суурь баримталдаг дүр төрхтэй харагдах хүсэл нь ялна гэж бодож байна" гэжээ.
Вьетнам АНУ-тай худалдаагаа хязгаарлах төлөвлөгөөгүй ч одоогоор зарим импортын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулдаг.
Тэгвэл тус улс энэ долоо хоногт Трампийн ойрын холбоотон Элон Маскийн эзэмшдэг "SpaceX"-ын "Starlink" хиймэл дагуулын интернетийн үйлчилгээг Вьетнамд туршилтын журмаар ажиллуулахыг зөвшөөрнө гэж мэдэгдлээ. Мөн эрчим хүч, автомашин зэрэг АНУ-ын импортын хэд хэдэн бүтээгдэхүүний татварыг бууруулна гэж мэдэгдсэн. Эдгээр нь АНУ-ын татварын нэмэгдэлд өртөхгүйн тулд авч буй арга хэмжээ гэж шинжээчид үзэж байна.
Хэрвээ АНУ-аас Вьетнамд татварын дарамт үзүүлбэл хариуд нь зочлох үйлчилгээ, казиногийн салбарын хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, дэвшилтэт техник хэрэгсэл худалдан авах, Вьетнамын газрын ховор ашигт малтмал руу нэвтрэх боломж зэрэг санал тавьж магадгүй юм.
Шинзо Абэ тухайн үед Трамптай дотно нөхөрлөснөөр япон автомашиныг татвараас чөлөөлж чадсан гэдэг. Вьетнамын ерөнхий сайдын гольф тоглох санаа дипломат харилцаанд түлхэц өгөх эсэх нь одоогоор тодорхойгүй. Жинхэнэ шалгалт ирэх долоо хоногт Трампийн татварын шинэ жагсаалт хүчин төгөлдөр болох үед ирнэ.
Битнаам 2025-03-28 202.9.47.95
Казино л аварна