ХӨСҮТ-өөс өнөөдөр /2025.03.28/ менингоккокт халдвар болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяр:
-Он гарсаар менингоккокт халдварын дөрвөн тохиолдол батлагдлаа. Хамгийн сүүлд Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгдэж, таван настай хүүхэд эндсэн. Тухайн хүүхдийн биеийн байдал маш хүнд, амь тэмцсэн байдалтай аймгийн төвийн эмнэлэгт ирсэн. Улмаар аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч тухайн хүүхдийн биеийн байдал маш хүнд байсан учраас харамсалтайгаар нас барлаа. Монгол Улсад тууралтат халдварын улирал үргэлжилж байна. Тиймээс халуурсан, тууралт гарсан шинж тэмдэгтэй хүүхдээ яаралтай эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхийг эцэг, эхчүүдэд анхааруулж байна. Менингоккокт халдвараар нас барсан хоёр тохиолдол цаг алдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас болсон. Тиймээс халуурсан шинж тэмдэг илэрсэн бол тууралт гарахаас нь өмнө эмнэлэгт хандах хэрэгтэй гэдгийг дахин хэлье. Менингококкт халдварын үед огцом өндөр хэмээр халуурах бөгөөд тууралт гарах нь хүндэрснийг илтгэнэ.
Халуурах, толгой өвдөх, гэрэлд мэдрэг болох, бөөлжих, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандана уу.
Мөн өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан 114 тохиолдол, сэжигтэй 123, эдгэрсэн 32 тохиолдол байна. Сүүлийн үед улаанбурхан, салхин цэцэг, хоолны хордлого ихээр бүртгэгдэж байна. Тиймээс эцэг, эхчүүд цаг алдалгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваарай гэж зөвлөе.
ХӨСҮТ-ийн Тандалтын албаны их эмч Н.Сувдмаа:
–Улаанбурхан өвчний хавьталд орсон 7220 хүнийг хяналтад авч, ажиглалт хийж байна. Анх хоёрдугаар сарын 14-нд бүртгэгдсэн зөөвөрлөгдсөн тохиолдлоос хойш сүүлийн 14 хоногт улаанбурхан өвчний халдвар огцом нэмэгдсэн. Тухайлбал, Улаанбаатар хот, Дундговь, Өмнөговь аймгуудад хамгийн ихээр бүртгэгдэж, тохиолдлын тоо буурахгүй байна. Батлагдсан тохиолдлыг насны хувьд авч үзвэл 10-14 насныхан илүүтэй өвчилж байна. Тийм учраас бид ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудаар дамжуулж, эцэг эхчүүдтэй холбогдож хүүхэд нь товлолт вакцин хийлгэсэн эсэх мэдээллийг нягталж байна.
Бид 1950 хойш халдварт өвчнүүдийг бүртгэж эхэлсэн. Тухайн халдварт өвчний бүх үзүүлэлтээр нь хөдлөл зүйг нь хардаг. Ингэхдээ хэтийн төлөвлөлт гаргаж, улмаар дархлаажуулалт хийх насыг тогтоодог. Тиймээс Улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамрагдаагүй, хоцорсон бол өөрийн харьяа эрүүл мэндийн төв дээрээ очоод дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байна.
Түүнчлэн Улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрч байна гэж үзвэл 24 цагаар утсаар зөвлөгөө авах боломжтой.
Нэргүй 2025-03-28 66.181.186.213
Насанд хүрсэн хүн өвчилсөн юм уу? Аль аймаг ба дүүргийнх зонхилж байна вэ? Монголын сэтгүүлзүй ямар муу юм бэ.
ө 2025-03-28 210.148.94.144
Вакцин эсэргүүцсэн лалруудын гай