Хятадын цагаан сараар хүн дүрст роботууд ардын дуун дээр үндэсний бүжиг хийн, дэлхий нийтийг алмайруулсан. Тэдний үйл хөдлөл, их биеийн бүтэц, уян хатан байдал зэрэг нь хүнээс ялгаагүй байв. Нэг тэрбум хүн үзсэн тус үзүүлбэрийг харахад Хятад улс робот үйлдвэрлэл, хөгжүүлэлтээрээ дэлхийд хол тасархай тэргүүлж байна гэлтэй. Сүүлийн хоёр сарын хугацаанд л гэхэд олон нийтийн цахим сүлжээнд Хятадад үйлдвэрлэсэн дугуй унаж байгаа, үсрэлттэй өшиглөж, агаар дээр эргэж буй роботуудын бичлэг шуугиан тарив. Тус улсын төрийн хэвлэлүүд ч роботыг эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйл гэдгийг хангалттай сурталчилж буй.
Хэдийгээр робот үйлдвэрлэдэг, энэ чиглэлээр судалгаа, хөгжүүлэлт хийдэг улс орон тун цөөн боловч энэ салбарын өрсөлдөөн улам ширүүсч байгааг Теслагийн Илон Маск анзаарчээ. Түүний компани гэрийн ажил хийдэг, хүүхэд асардаг "I, Robot" гэх роботыг удахгүй зах зээлд нэвтрүүлнэ гэж ам гарсан. Ерөнхийдөө Хятад, АНУ-ын өрсөлдөөнд технологийн компаниуд л түүчээлж, ялагчийг шийдэх шинжтэй. Үүний илэрхийлэл болж, дээрх хоёр улсын хүн дүрст робот үйлдвэрлэдэг компаниуд албан ёсоор өрсөлдөж эхэллээ.
Майкрософт, Nvidia болон Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос нар Америкийн хүн дүрст робот бүтээгч "Figure AI" компанид хөрөнгө оруулалт хийжээ. Үүний зэрэгцээ, "Мета" өнгөрсөн сард "Bloomberg-"ийн тайланд дурдсанаар хүн дүрст роботын зах зээлд томоохон хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа аж.
Маскын хамт олны бүтээсэн "Optimus" хүн дүрст робот нь 2022 онд анх танилцуулагдсан цагаасаа хойш дэлхий нийтийг анхаарлыг татаж байгаа бөгөөд энэ төсөл дангаараа 10 их наяд ам.долларын орлого олох боломжтой гэж тооцоолжээ.
Хүн дүрст роботууд хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд нэвтрэхэд дахин 5-10 жилийн хугацаа шаардлагатай ч нэгэнт хэрэглээнд өргөнөөр нэвтэрвэл борлуулалт, зах зээл нь богино хугацаанд хурдацтай томорно гэж Хонг Конгийн их сургуулийн робот техник, автоматжуулалтын тэнхимийн профессор Си Нин тодотгов. Тэрбээр "Робот нь автомашин, гар утас шиг хүн бүрт хэрэг болно. Зах зээлийн боломжит хэмжээ нь ч асар их байх болно" гэлээ.
"Goldman Sachs" өнгөрсөн онд дэлхийн хүн дүрст роботын зах зээлийг 2035 он гэхэд 38 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байсан. Таван жилийн дараа гэхэд үйлдвэрлэлийн зориулалтаар голчлон 250,000 хүн дүрст робот худалдаанд гарах бол 10 орчим жилийн дараа хэрэглэгчид жилд нэг сая орчим хүн дүрст роботыг худалдан авах төлөвтэй байна.
Хятадууд ч робот үйлдвэрлэлээр дэлхийн төв болохыг зорьж, энэ оны эхээр дэлхийг алмайруулсан хиймэл оюун ухаан "DeepSeek"-ийн загвар дээр тулгуурлан энэ салбараа хөгжүүлэх төлөв харагдана. Хэдийгээр АНУ-ын Тесла, "Boston Dynamics", "Figure AI" компаниуд энэ салбарт тэргүүлэгч, шилдэг гэж тооцогдож байгаа ч Хятадын компаниуд энэ ялгаа, зөрүүг маш хурдтайгаар багасгаж, техник, технологи, санаа, шийдлийн хувьд дутахааргүй болж байгаа гэнэ. Хамгийн гол давуу тал нь Хятадын компаниуд нийлүүлэлтийн сувгаа оновчтой болгож, зардлаа бууруулах зорилготой ажиллаж байгаа нь роботын масс үйлдвэрлэлийг хурдасгаж байна.
Хятад улс 2021 оноос хойш жил бүр дэлхийн бүх улс орныг нийлүүлснээс илүү олон роботыг үйлдвэрлэж, зах зээлд нэвтрүүлсэн гэх тооцоо гарчээ.
Хятад улс 2023 онд бодлогын баримт бичигтээ хүн дүрст роботын салбарыг технологийн шинэ гарц гэж тодорхойлон, 2025 он хүртэл масс үйлдвэрлэлдээ онцгой анхаарна гэсэн. Мөн робот үйлдвэрлэлийн гол эд анги, түүхий эд, бүрэлдэхүүн хэсгүүдийг аюулгүй, тогтвортой нийлүүлэх сүлжээг бий болгожээ.
Сүүлийн гурван жилийн хугацаанд Бээжин, Шанхай, Шэньжэн зэрэг томоохон хотууд робот хөгжүүлэлтэд зориулсан хөрөнгө оруулалтын сан байгуулна гэдгээ мэдэгдэж, нийт 73 тэрбум юань буюу 10 тэрбум ам.доллар төлөвлөрүүлэх тооцоо гаргасан гэх.
Өнгөрсөн сард Хятадын дарга Ши Жиньпин улсынхаа томоохон бизнесийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Энэхүү уулзалтын нүүрний эгнээнд Хятадын робот үйлдвэрлэлийн тэргүүлэх компани, цагаан сараар бүжиглэдэг роботыг бүтээсэн "Unitree" компанийн гүйцэтгэх захирал Ван Саншин байсан нь Бээжин энэ чиглэлд онцгой анхаарч байгаагийн илрэл.
"Unitree"-ээс гадна дотоодын бусад томоохон тоглогчид болох Шэньжэн хотод байрладаг "UBTech", Хятадын "BYD"-ийн дэмжлэгтэй "Agibot", Бээжинд байрладаг "Robotera" болон Шанхайд төвтэй "Fourier Intelligence", мөн цахилгаан машин үйлдвэрлэгч "XPeng" зэрэг компаниудын төлөөлөл байжээ.
Хүн дүрс роботын зах зээлийн 56 хувийг эзэлж байгаа гэх Хятадын гол асуудал нь процессорын чип, өндөр нарийвчлалтай мэдрэгч, роботын үйлдлийн систем зэрэг юм. Хүчирхэг чипүүдийн тусламжтайгаар роботууд мэдээлэл боловсруулах, хариу үйлдэл үзүүлэх, тунгаах, эргэцүүлэх, шийдвэр гаргах гэх мэт зүйлсийг хийдэг. Гэтэл америк компани "Nvidia" тэдгээр чипүүдийн дийлэнхийг үйлдвэрлэдэг. Саяхан л гэхэд тус компани хүн дүрст роботуудад зориулсан шинэ загвараа танилцуулсан. Гэтэл Дональд Трамп экспорт, импорт дээр хатуу бодлого баримталж буй.
Нөгөө талд Европ, Японы компаниуд роботын гол бүрэлдэхүүн хэсгүүдийг үйлдвэрлэж, нийлүүлж байгаа. Тэд Хятадын сонирхлыг ч ихээр татаж байна.
Хүн дүрст роботын зах зээлийн үнийн хувьд Шэньжэн хотод байрладаг "Engine AI" компани өнгөрсөн оны сүүлээр "PM01" загвараа ердөө 88,000 юань буюу 12,175 ам.доллараар гаргасан бол "Unitree"-ийн G1 загвар нь 99,000 юань буюу 13,697 ам.долларын үнэтэй. Харин Илон Маск өөрийн "Optimus"-ийн үнийг 20-30 мянган ам.долларын үнэтэй байна гэж мэдэгдсэн.
Xужаа 2025-03-28 202.9.47.95
xятадууд л атгачихгүй бол америк япон хэн ч байсан яахав.
Нэргүй 2025-03-28 139.5.219.84
Урд хөршөөс авах суралцах юм их байна даа. Монголчууд бид муусайн х***а нар гэсээр байгаад 2 хөршөөсөө юу ч олж авч чадахгүй хоорондоо бие биенийхээ мууг үзэх гэж хэрэлдсээр эсхүл барууныг л мундаг гэсээр байгаад Д.Нацагдоржийн Хуучин хүү шиг хөмөрсөн тогоон дотроо үлдэх вий дээ
Нэргүй 2025-03-28 139.5.217.152
Тэгж байхдаа таарсан амьтан чи