Хөндөх сэдэв: Тэд халамж бус хүртээмжтэй нийгмийг хүсч байна

Хөндөх сэдэв: Тэд халамж бус хүртээмжтэй нийгмийг хүсч байна

Хөндөх сэдэв: Тэд халамж бус хүртээмжтэй нийгмийг хүсч байна

Хүн болгон адилгүй. Харах, сонсох, тулгуур эрхтний гээд олон төрлийн бэрхшээлтэй хэдэн мянган хүн бидэнтэй зэрэгцэн амьдарч буй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд халамж горьдож, хүний гар харж суухгүйгээр ажил хийж, өөрсдийнхөө хэмжээнд тохирсон бизнес эрхэлж амьдрал ахуйгаа өөд татаж энгийн хүний адил  хөдөлмөрлөх сонирхолтой байдаг. Энэ ч утгаараа тэд энэ нийгэмд хэнээс ч тусламж гуйхгүйгээр бор зүрхээрээ л амьдарч явна.

СОНГУУЛЬД НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХГҮЙ ГЭЖ БОДДОГ УЧИР ТООДОГГҮЙ Ч БАЙЖ МЭДЭХ!

Саяхан үзэгчдэд хүрсэн “Дүлий нүүдэлчид" баримтат кинонд аймгийн төвөөс алслагдсан газарт мал маллаж, ахуй  амьдралаа бусдын адил авч яваа сонсгол тааруу малчдын талаар гардаг. Тэд ярихгүй, сонсохгүй учир хэзээ, хэн ирээд малыг нь авчих бол, хээрийн амьтан ирээд зооглочих вий гэсээр бүтэн нойртой хонож үзээгүй талаараа ярьсан юм. Мөн улсаас нэг ч удаа тусламж авч үзээгүйгээ хэлж байв. Тухайлбал, 2023 оны зуднаар малаа алдсан айлуудад тусламж ирэхэд тэд хамрагдаж чадаагүй. Учир нь УИХ-ын гишүүд, аймгийн Засаг дарга нар гээд асуудлыг шийдэх боломжтой төлөөллүүд ирсэн ч дохионы хэлмэрч байдаггүй учир ойлголцож, санал бодлоо хэлж чаддаггүйгээ учирлаж байсан юм. Энэ ердөө ганцхан жишээ.  Магадгүй тэд сонгуульд нэг их нөлөө үзүүлэхгүй гэж боддог учир тоодоггүй ч байж мэдэх!

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭЭЛГҮЙ "СОНГУУЛЬ"

Өнгөрсөн 2024 оны УИХ-ын сонгуульд 112 хэсэгт  тэргэнцэртэй сонгогч санал авах байр руу орох боломжгүй. 29 хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэгээс доошгүй санал авах бүхээг бэлдээгүй, 16 хэсэгт харааны бэрхшээлтэй иргэд саналаа өгөхөд саналын хуудсыг унших брайл үсэгтэй хавтас байгаагүй.

Дээрээс нь санал авах байранд сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн мэдээ, мэдээлэл хангалтгүй, хэл ярианы бэрхшээлтэй хүнтэй харилцах арга зүйг эзэмшээгүй ажилтнууд байсан гэх мэдээллийг Хүний эрхийн үндэсний комиссоос танилцуулж байсан.

Монгол Улсад 111 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Эдгээр иргэдээс 80 гаруй мянган иргэн ажил хийх боломжтойгоос ердөө 15 мянган иргэн нь ажил, хөдөлмөр эрхэлдэг байна. Үүнээс 4500 хүн төрийн албанд үлдсэн 10 мянга орчим иргэн нь хувийн хэвшилд ажиллаж байгаа юм. Угтаа тэдний хувьд ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ч тэдэнд зориулсан хүн бүрт хүртээмжтэй нийгмийг бид бүтээж чадаагүй, цаашид бүтээх нь ч эргэлзээтэй. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй битгий хэл эрүүл, саруул хүн амьдрахад, ажил хөдөлмөр эрхлэхэд хүндхэн байна гэхэд хилсдэхгүй биз.

ҮЙЛДВЭР ГЭДЭГ УТГААРАА НДШ-Д 13.5 ХУВИЙГ ТӨЛДӨГ

Иргэн Д.Бат-Эрдэнэ тулгуур эрхтний бэрхшээлтэй. Түүний хувьд анх 2000-аад оны эхээр гэр бүлээрээ оёдол хийж эхэлсэн байна. Тэрбээр "2007 оноос эхлэн гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болж, 2010 оноос эхлэн Морьтхас ХХК-иа байгуулж 10 гаруй ажилтантай болсон байна. “Морьтхас" гэсэн брэндийг 2010 онд үүсгээд зургаан жилийн дараа аж ахуй нэгж гэдэг нэршилтэй болж "Морьтхас" компани болгосон. Яагаад компани нэршилтэй болгосон гэхээр тухайн үед НӨАТ-ын хууль гарч заавал хуулийн этгээдтэй харилцана, хувь хүнтэй харьцахгүй гэсэн. Тэр үед учрыг нь ч сайн ойлгоогүй. Таван цаас нь хаа юм гээд л аж ахуй нэгж нэршилтэй болгосон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл "Морьтхас" ХХК гээд явж байна. Одоо НДШ, НӨАТ гээд бүхий л татвараа төлөөд явж байна. Аль болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж ажиллахыг зорьдог. Бидний хувьд энгийн иргэдтэй адилхан төлөх ёстой даатгал, шимтгэлээ бүгдийг нь төлдөг ямар нэг хөнгөлөлт байхгүй. Анх 10 гаруй ажилтантай байсан. Одоо бол гурван л ажилтантай. Covid-19 цар тахлын дараагаас хүнд байдалд орсон. Борлуулалт муу, цалин мөнгөө тавихад хүндрэлтэй болсон. Нийгмийн даатгалын шимтгэл, татварын дарамт бизнес эрхлэхэд маш хүндрэлтэй байдаг.

Манай компанийн хувьд үйлдвэрлэл эрхэлдэг гэдэг утгаараа ямар нэг осол гэмтэл гарах эрсдэлтэй гэж үздэг. Тиймээс НДШ-д 13.5 хувийг төлдөг.

Гэхдээ гадуур явахад үнэхээр бэрхшээлтэй байдаг. Тэргэнцэртэй хүн гарч орох орц гарц ховор. Нийтийн тээвэрт ч ялгаагүй. Мөн таягтай, тэргэнцэртэй хүн явахад зориулсан зам байхгүй бид нар битгий хэл энгийн иргэд цас, бороо орсны дараа явахад бэрх гантиг чулуун замтай гээд дурдаад байвал болохгүй зүйл олон бий. Нэг үеэ бодвол хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн. Бидний хувьд халамж авч амьдрахаас илүү бид нарт зориулсан хүртээмжтэй нийгэм, биднийг байдаг гэж бодолцож зам, шат, барилга байгууламжаа төлөвлөж барьж байгаасай л гэж хүсч байна” гэсэн юм.

Энэ мэт тэд сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, үйлчилгээ авахын тулд алхам тутамдаа асуудалтай нүүр тулгарч, нийгмийн нэг эд эс болох гэж хэд дахин хичээж байна. Хичээж байгаагийн цаана бидний гадуурхлыг даалгүй цоожтой хаалганы ард өөрийгөө тусгаарлаж байгаа хэдэн мянган хүн байгааг мэдэхгүй.

Тэдэнд хөгжлийн бэрхшээл гэхээс илүү хүндээ ээлгүй нийгэм бэрхшээлтэй байдаг ажээ.

Гэрээс гарахаас эхлээд л тэд саадтай тулгарч бусдын туслалцаа хэрэг болдог байна. Монгол Улсын Үндсэн хуульд, үндэс угсаа, яс үндэс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахгүй гэж заасан байдагчлан хүн бүрт хүртээмжтэй нийгмийг бүтээж чадвал олонд хүнд итгэл найдвар төрүүлэх байх!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж