Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан, одоо материал хүлээн авч байгаа зарим онцлох ажлуудын тендерийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, худалдан авах ажиллагааны үр ашигтай тогтолцоог бий болгон хөгжүүлэх чиг үүрэг бүхий тус газраас хэд хэдэн өндөр өртөг бүхий тендерийн сонгон шалгаруулалт зарлажээ.
1.9 ИХ НАЯДЫН ТӨСӨВТ ӨРТӨГТ АЖЛЫН ТЕНДЕР ИРЭХ 7 ХОНОГТ ХААГДАНА
Туулын хурдны замын ажил нь нийт 1.9 их наяд төгрөгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих эх үүсвэртэй. Үүнээс энэ жил 538 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдохоор тусгасан байна. Тендерийн материал ирэх долоо хоногийн Мягмар гариг /2025.04.01/ хүртэл хүлээж авах аж. Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт бичигт тусгаснаар тендер шалгаруулалтыг Сангийн сайдын баталсан Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журмын дагуу худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр зохион байгуулна гэжээ.
Туулын хурдны зам нь 33 км байх бөгөөд нийт зургаан эгнээтэй, 18.6 км далангаар 12.8 км нь гүүрэн байгууламжаар явах бүтээн байгуулалт.
Бүтээн байгуулалтын ажлыг ирэх сарын сүүлээр эхэлж, 2027 оны дөрөвдүгээр сард хүлээн авахаар төлөвлөж буй.
ОРОН СУУЦНЫ ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР ХОРООЛЛЫН БАГЦ-1, 2 ЗАРЛАГДЖЭЭ
Сэлбэ дэд төвд Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд нийт 156 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнүүлж буй. Тус дэд төвийн цогц бүтээн байгуулалтад:
- Орон сууцны хороолол
- Спорт цогцолбор
- Авто зам
- Цахилгаан холбоо
- Дулаан, ус хангамж
- Мэдээлэл холбооны төв
- Дэд станцууд болон бусад бүтээн байгуулалтууд багтана.
Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын 1,2 дугаар багц нийт 827 тэрбумын төгрөгийн санхүүжилттэй. Санхүүжилтийн эх үүсвэр нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт.
Төслийн үзэл баримтлал нь Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд хотыг тэнцвэртэй хөгжүүлэх чиглэлээр зургаан дэд төвийг байгуулахаар тусгаж хөтөлбөрийн суурь судалгаа болон үндсэн бодлогыг 2009 оноос эхлэн боловсруулж Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг 2013 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр УИХ-аар соёрхон баталсан. Энэхүү нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлыг есөн жилийн хугацаанд гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" нь дэд төвүүдийг бий болгох суурь "Дэд бүтэц"-ийн ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа билээ.
ХУРДНЫ ЗАМЫГ ХОЛБОХ ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖИЙН ТЕНДЕР ИРЭХ САРЫН 14-НД ДУУСНА
Зам тээврийн яамны захиалгаар өнгөрсөн 2024 оны зургадугаар сард Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбох Наадамчдын гүүрний зураг төслийн ажил дууссан. Наадамчдын авто зам дээгүүр барих энэхүү гүүр нь 800 гаруй метр урттай.
Тус бүтээн байгуулалт нь Монгол Улсын анхны дүүжин буюу татлагат гүүр болох юм.
Гүүр нийт хоёр урсгал, 4-6 эгнээ, хоёр талдаа явган хүний замтай байх бөгөөд тулгуурын өндөр нь 65 метр байхаар тооцоолж байгаа аж. Нийт 74 сая ам.долларын төсөвтэй уг гүүрийн нийт урт 846.5 метр байх бол татлагат хэсгийн урт 270 метр урттай байна.
Нэргүй 2025-03-28 202.131.234.123
халаасны хүмүүс нь авад дамлаад ашиг хонжоог олж байгаа