Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 7

Есдүгээр сарын 7-ны баяр

Энэ өдрийг Бразилид тусгаар тогтнолын өдөр (Independence Day / o Dia de Independкncia do Brasil) болгон зарлажээ. Тусгаар тогтнолын эрмэлзэл ХVIII зуунаас Бразилид гарч ирсэн байв. Тэр үед Португали Бразилийг колончилж, Англи түүний бараа бүтээгдэхүүний гол хэрэглэгч байв. Наполеон Португалийн эсрэг дайныг 1808 онд эхлүүлсний дараа Португалийн хаан VI Дон Жоао ордныхоо хамт Рио-де-Жанейро хотод ирж байсан түүхтэй. Тэр нь Бразилийн тусгаар тогтнолыг ойртуулсан юм. Тус орны колонийн статусыг 1815 онд болиулан Португалитай ижил эрхтэйгээр Нэгдсэн вант улсын гишүүн болов. Хаан VI Дон Жоао 1821 онд нутаг буцахдаа өөрийн залгамжлагчийг дэд ван нэртэйгээр тэнд суулгасан байлаа. Тэр залгамжлагч нь 1822 оны арванхоёрдугаар сарын 1-нд Бразилийн тусгаар тогтнолыг зарлаад өөрийгөө I Педро хаан хэмээн өргөмжилсөн байлаа. Ингээд Бразили хаант улс болсон бөгөөд I Педро нь Португалийн хаан ширээг залгамжлагч хэвээр үлдсэн байв. Есдүгээр сарын 7-ны өдрийг Бразили даяар өргөн тэмдэглэж, баяр наадам хийгдэх бөгөөд амралтын өдөр юм.

Өдрийн ишлэл

“Хүн шөнийг хайрдаа ба бас хулгай, аллагад зориулжээ”
(Оросын зохиолч Александр Иванович Куприн 1870 оны энэ өдөр төржээ)
Бусад ишлэлээс: “Эмэгтэй хүн хүр шахуу л хайрлаж байвал хамгийн баатарлаг үйлсийг хийх чадвартай. Тэр хайрт автсан бол хар сэтгэл нь түүнд хорвоо ба амьдралын учир утга нь болдог”
“Сэхээтэн мэргэжлийн ихэнх нь хувь хүнд итгэхгүй байх итгэлд үндэслэгдсэн байдаг учир ийм маягаараа алдаа дутагдалд үйлчилдэг”

Үйл явдал

Uncle SAm үг анх хэлэгджээ

1813 он: Америкийн долоо хоног тутмын The Troy Post гэдэг Трой хотын сонинд анх удаагаа “Сэм авга” (Uncle SAm) гэсэн хэллэгийг анх хэрэглэсэн нь америкчуудын дунд хамгийн хурдан тархаж, алдартай болжээ. Залуухан улс 1812-1814 онуудад Английн колони улстай хүндхэн дайн хийж байсан ба сонин дургүйцлээ илэрхийлэн “Манай Засгийн авсан хоч нь алсын хараагүй, бардам араншинтай ердийн британи хөрөнгөтний хувьд сөрөг нэр болсон Жон Булийг санагдуулж байна” хэмээн бичсэн байв. Uncle SАm гэдэг хэллэг нь шинэ улсын (USА), нэрний шоглоомын тайлал юм байна. Тус улсын энэ шоглоомын нэр Сэм авга гэсэн нэртэй Сэмюэль Уилсоны буянаар гарч ирсэн гэдэг. Трой хотод мах зардаг байсан тэр армид торхтой мах илгээхдээ дээр нь тэр товчлолоо бичдэг байсан аж. Энэ хувилбарыг 1830 онд шинэчлэн төрийн далбааны зураас ба таван хошуунуудтай сюутак, брюк, цилиндр малгай өмссөн өндөр гозгор, хууз сахалтай, эрүүний сахал нь шөвгөр жентельмен болгосон дүрийг нь бүтээжээ. АНУ-ын Бүгд найрамдах ба Ардчилсан намын бэлгэдлийн заан ба илжгийг зурсан Томас Наст гэх зураач тэр жентельмены дүрийг зуржээ. “Авгын булшны чулуу” байгаа Трой хотноо жил бүрийн намар түүний төрсөн өдрийг тэмдэглэдэг.

Саймены сувгийг нээсэн нь

1856 он: Бүх Оросын эзэн хаан  (ба Финляндын их ван) II Александрыг хаан ширээнд суух ёслолоор Сейма нуурыг Финийн булантай холбосон Саймены сувгийг нээжээ. Сувгийн урт нь 57,3 км бөгөөд 28 боолтын хаалгатай. Сувгийг анх 1500 онд байгуулах гэсэн боловч эрэлт байхгүй байв. Екатерина хатан хааны үеэр энэ төсөл яригдсан ч зардал их учир дарагджээ. 1834 онд Выборг хотноо тусгай комисс байгуулагдан төлөвлөгөө ба тооцоог нь хийж эхэлсэн байв. I Николай хааны үеэр барилгын ажлыг 1845 онд эхлүүлжээ.
Саймены суваг Финляндын эдийн засгийн босголтын бэлгэдэл нь болсон юм. Зөвлөлтийн Засгийн газраас 1917 онд тусгаар тогтнолоо авсан Финляндад Карелийн хэсэг, Выборг ба Саймены суваг очжээ. Дайны үеэр суваг усан замын тээврийн гол судас байлаа. 1944 онд Зөвлөлт-Финлянд хоёр эвлэрлийн гэрээ байгуулж сувгийн зүүн өмнөд хэсэг Зөвлөлтийнх болсноос хойш суваг хаагдсан байв. Сувгаар усан тээвэр хийхийн тулд хоёр орны гэрээ хэлцэл хэрэгтэй байлаа. Хэлэлцээр 1954 онд эхлээд 1962 онд дуусч, Зөвлөлтийн тал өөрийн хэсгийг 50 жилийн хугацаатайгаар Финляндад түрээслүүлсэн байна. Найман жилийн өмнө сувгийн хаалтууд нэгдсэн удирдлагын алсын системд шилжсэн бөгөөд усан тээврийн нэгдсэн системтэй болжээ. Сувгийн Финляндын хэсэгт Оросын хаад I Николай ба II Александр нарын нэрийг сийлсэн боржин бул байдаг.

Интерпол байгуулагджээ

1923 он: Вена болон Австрийн цагдаагийн газрын дарга Иоганн Шоберын санаачилгаар Вена хотноо хуралдсан Эрүүгийн цагдаагийн олон улсын конгресс Олон улсын эрүүгийн цагдаагийн газрыг байгуулсан байна. 1946 оноос хойш тэр байгууллагыг Интерпол (International Police) болгон нэрийг нь сольсон юм. Түүний анхны Ерөнхийлөгчөөр Шобер томилогдсон ба 1938 оноос фашист Германы цагдаагийн зэрэг дэвээр Гиммлерын дараах Рейнхард Гейдрих, 1942 оноос Эрнст Кальтенбруннер толгойлж байлаа. Гэмт хэрэгтнүүдтай тэмцэх энэ байгууллагыг ийнхүү нэгэн үе нацист гэмт хэрэгтнүүд толгойлж байжээ.

Холбоотнууд Ялалтын парад хийжээ

1945 он: Москвагийн зургадугаар сарын 24-ны парадын дараа Зөвлөлтийн талаас санаачилга гарган Ялалтын парадын Берлины Бранденбургийн хаалганы дэргэд хийхийг холбоотон гүрэндээ санал болгожээ.
Есдүгээр сард хийгдэх парадыг ЗХУ, АНУ, Англи, Францын армийн ерөнхий командлагчид хүлээн авах байсан холбоотнуудын цэргийн командлагчид  Берлинд ирж чадаагүй учир өөрсдийн генералуудаа илгээсэн байв. Парад хүлээн авахыг Сталин маршал Г.Жуковт тушаасан байлаа. Өнөөгөөс 65 жилийн өмнө болсон парадыг Зөвлөлтийн цохилтын 5-р армийн 9-р буудлагын корпус ба Францын 2-р явган цэргийн дивизийн явган цэрэг нээсэн байв. Английн 131-р явган цэргийн дивизийнхэн алхаагаар гайхуулж, Зөвлөлтийн танк, өөрөө явагч их буунууд хүчтэй сэтгэгдэл төрүүлжээ. Парадыг Америкийн агаарын десантын 82-р дивизийн 1000 шүхэрчид дуусгаж байжээ. Нийт 20 мянга орчим берлинчүүд парадыг сонирхсон байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж