
Дэлхийд дээгүүрт ордог энэхүү музейг жилд дунджаар 2,5 сая хүн үздэг гэсэн тооцоо бий.
ОХУ-ын Санкт-Петербург хотноо орших дэлхийд алдартай “Эрмитаж“ музей нь 1764 онд байгуулагдсан. Екатерина II хатан хааны зарлигаар Берлиний худалдаачин Гоцковскийгоос худалдан авсан 225 зураг Эрмитажын анхны цуглуулга болж байсан байна. Эдгээр зургууд нь өвлийн ордны олон танхимд тавигддаг байсан бөгөөд Эрмитажийн цуглуулга хурдацтай өсч байсан тул тусгай байр хэрэгтэй болов. 1764-1767 онд Нева мөрний эрэг дээр том Эрмитажийн барилга баригдаж, 1783 онд Джакомо Кваренчи Эрмитажийн театрын барилгыг дуусгав. 1772 онд барон Крозын уран зургийн цуглуулгыг Екатерина II худалдан авсан нь тэр үедээ Эрмитажын галлерейн нүүр царай болж байжээ.
-1796 онд Екатерина II-ын хувийн цуглуулгад 3096 зураг тоологджээ.
-Эрмитаж олон нийтэд үүд хаалгаа 1852 онд нээсэн.
-Эрмитажид оросын зураачдын бүтээлээс гадна дэлхийн нэрт зураач Рембрандт, Рафаэль, Джорджоне, Рубенс, ван Дейк, Пуссен, Мурильо, Боттичели, Корреджо, Канов, Энгр, Делакруа болон импресионистууд болох Сезанн, Ван Гог, Матисс, Пикассо нарын зураачдын бүтээлүүдийг үзэж болно.
-1917 онд Эрмитаж болон Өвлийн ордныг улсын музей болгов.
-1981 онд Меншиковын ордны музейд Эрмитажийн шинэ салбар нээгдсэн.
-1999-2004 онд Сомерст-Хаус (Лондон) Эрмитажын өрөө, “Эрмитаж-Гуггенхайм” гэдэг үзэсгэлэнгийн төв Лас Вегас, “Эрмитаж-Амстердам” гэдэг үзэсгэлэнгийн цогцолборыг тус тус байгуулжээ.
Уффиц
Италийн Флоренц хотыг “Сэргэн мандалтын өлгий газар” гэж нэрлэдэг нь зүй ёсны хэрэг юм. Энэ хот XIII зууны үеэс эхлэн тэргүүн зэргийн хөгжилтэй болж, тэнд байсан ноосон нэхмэлийн алдарт үйлдвэрүүд дундад эртний үеийн гар урлалын хэмжээнээс илүү гарч, шинэ хөрөнгөт хөгжлийн төвийг олжээ. Нэг үгээр хэлбэл шинэ нийгэм бүрэлдэн тогтож эхэлсэн байна. Ийм ч учраас хотын хүмүүс хуучны феодалуудын эсрэг тэмцсээр XIII зууны дунд үед тариачид хамжлагаас чөлөөлөгдөн, феодалууд улс төрийн эрх мэдлээ алдаж эхэлжээ. Чухамхүү энэ үеэс Флоренцид шинэ сэргэг, өөдрөг, үнэн бодит үзэл санаа бий болсны нэгэн тод илрэл нь Сэргэн мандалтын үеийн зураач нарын бүтээлд тодорхой тусжээ.
-Одоо Уффицийн үзэсгэлэн гэдэг нэрээр дэлхийд алдаршсан зургийн хүрээлэн нь 1560-1581 онд баригджээ.Энэ хүрээлэнгийн түүх нь Флоренцийн банкны эзэн, үйлдвэр, улс төрийн зүтгэлтэн зэрэг баячуул болох Медичийн ургийнхантай нягт холбоотой юм.
-1492 онд Францын цэрэг Флоренцийг дайран өнгөрөх үеэс Медичийн ордонд байсан олон сайхан цуглуулга үрэн таран болсон байна. Үүнээс хойш эрх мэдлийн төлөөний тэмцэл удаа дараа үүссээр Медичийн ургийнхан харь Испанийн цэргийн дэмжлэгтэйгээр Флоренцийг дахин эзэгнэсэн бөгөөд Лоренцийн үр садныхан Жоржо Вазари гэгч гайхамшигт уран барилгач, зураач, урлаг судлаачдад үүрэг ноогдуулж засаг захиргааны асар том барилга бариулсан билээ. Ийнхүү Уфиццийн байшин босжээ.
-Итали, Тоскана хоёр нэгдэж Италийн вант улс болоход (1860 он) Уфиццийн зургийн хүрээлэн улсын мэдлийнх болсон байна. Дэлхийн I дайны дараагаар зургийн хүрээлэнгийн үзмэрт шинжлэх ухааны үүднээс ханддаг болж, дараалал, сэдэв, үүсэл, нутаг зэргийг нь харгалзан байрлуулжээ.
-Дэлхийн II дайн Уффицийн зургийн хүрээлэнд багагүй хохирол учруулжээ. Эндхийн зургийг далдалж хамгаалсан боловч 1944 оны зун бөмбөгдөлтөөр нилээд эвдэрч хэмхэрсэн байна. Гэвч 1946 оны зургадугаар сард тунхаглагдсан Италийн шинэ бүгд найрамдах улс засан сэлбэх ажилд шуурхайлан хандсан учир 1948 он гэхэд нээсэн байна.
-Уффицийн хүрээлэнгийн цуглуулга хамгийн эртнийхэд тооцогддог. Энд байгаа цуглуулгын ихэнх нь Флоренц хотын агуу зураач Леонардо да Винчи, Микеланжело болон уран зураач Жотто, уран барилгач Брунеллески, уран зураач Мазаччо, уран барималч Донателло зэрэг зураачдын бүтээлүүд байдаг байна.
-Энэ хүрээлэнгийн бас нэг онцлог нь тухайн үеийнхээ шинжлэх ухаан, урлагийн суут төлөөлөгчдийн хөргийг цуглуулж чадсан явдал юм. Уффици шиг ингэж гол цуглуулгынхаа бүтээлчдийн хөргийг цуглуулсан зургийн хүрээлэн хаана ч байхгүй.
Лувр
“Хуучин Лувр”, “Шинэ Лувр” гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нийт 160106 кв. метр талбайтай музей.
Луврын музейг жилд дунджаар 8 сая хүн үздэг гэсэн тооцоо бий. Парисын гайхалтай олон нийтийн барилга байгууламжуудын нэг. Лувр гэдэг нь хэзээ ч байгаагүй “Чонын” ой (Luparia, Louverie)-аас гаралтай үг бөгөөд энд францын хаадын ангийн шилтгээн байрладаг байжээ. Карл V энэ газарт Парисыг хотын дүр төрхөнд оруулан, тэнд өөртөө зориулан ордныхоо өмнө дахин шилтгээн бариулсан юм. Франциск I тэр хуучинсаг шилтгээнийг буулгах зарлиг буулгаад оронд нь 1541 онд шинэ өргөн том ордон бариулжээ. Шинэ ордны барилгын ажил архитектор Лескогийн удирдлага доор хийгдэжээ. Их барилгын ажил завсарлагаатайгаар 1857 он хүртэл олон жил үргэлжилжээ. Архитектор Лескогийн дараагаар Луврын барилгын үргэлжлэл дээр Генрих IV-ын үед Б.Андруе дю Серсо, Людовик XIII-ын үед Лемерсье, Людовик XIV-ын үед Лево, Наполеон I-ийн үед Персье болон Фонтен, хамгийн сүүлд Наполеон III-ны үед архитектор Висконти болон Лефюель нар ажиллажээ. Бүгд тухайн үеийнхээ урсгал, барилга архитектурын дагуу гүйцэтгэж иржээ. Үүний үр дүнд Луврын хэсэг бүр өөр өөрийн онцлогтой гайхалтай бөгөөд энэ барилга Францад төдийгүй дэлхийд ганцхан юм. Луврт дэлхийд хамгийн алдартай, үнэ цэнэтэй үзмэрүүд болох Леонардо Да Винчийн “Жоконда”, Рафаэлийн “Үзэсгэлэнт цэцэрлэгч” зэрэг бүтээлүүдээс гадна олон алдарт зураач урчуудын 300000 үзмэр буйгаас 35000-ыг нь нийтэд дэлгэн үзүүлдэг байна.Бэлтгэсэн Ү.Юмжир.
Зохиогчийн эрх: "Үндэсний тойм" сэтгүүл