Байрон Уэсли: Лигийн плей-оффын дундуур энд ирэх аялал амаргүй байлаа

Байрон Уэсли: Лигийн плей-оффын дундуур энд ирэх аялал амаргүй байлаа

Байрон Уэсли: Лигийн плей-оффын дундуур энд ирэх аялал амаргүй байлаа

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн өнгөрсөн улирлын дэд аварга Бишрэлт Металл баг Азийн аваргуудын лигээ эхлүүллээ. Тэд өчигдөр/2025.03.25/ Малайзын Куала Лумпур хотноо эзэн орны аварга НС Матрикс Дирс багтай тоглож, 98-86 гэсэн харьцаатай хожив. Өнгөрсөн жил дээрх хоёр баг Улаанбаатар хотноо тоглоход НС Матрикс Дирс баг 98-84 гэсэн харьцаатай хожиж байсан бол энэ удаад Монголын баг хариугаа авчээ.

Тоглолтын өмнө Бишрэлт Металлын гол тоглогчид болох Т.Ууганбаяр, Н.Мөнхчөдөр нар бэртлийн улмаас тоглох боломжгүй болсон нь тааруу мэдээ байв. Харин Малайзын баг хоёр өдөр дараалан тоглож байсан учир ядралттай, сэргэх, бэлдэх боломж хомс байсан биз.

Тоглолтын тухайд Металл нэгдүгээр үеийн эхний минутаас эхлэн өрсөлдөгчөө талбай дээр нь илүүрхэхийг хүсч, оноогоор тэргүүлж эхэлсэн. Тус багаас Байрон Уэсли тун гайхалтай тоглож, 34 оноо, есөн самбар, найман ашигтай дамжуулалт гэх шилдэг тоглолтоо гаргажээ. Мөн Металлын будагтай талбайн тоглогч Дэвон Скотт 24 оноо, арван самбар, таван ашигтай дамжуулалт үзүүлэв. Харин монгол тамирчдаас нь А.Энхбаясгалан 21 оноо авсан аж.

Дээрх гурван хослол нийлээд 79 оноо авсан.

Дөрөвдүгээр үед НС Матрикс Дирс баг онооны зөрүүг ойртуулж, Металлыг барьц алдуулах дөхсөн ч чадсангүй. Бишрэлт Металл баг Монголын сагсан бөмбөгийн түүхэнд аялан тоглолтод ялалт байгуулсан анхны клуб болжээ.

НС Матрикс Дирс багийн гол тамирчин Тин Чун Хон буюу Мэй Мэй нэгдүгээр үед бэртсэн нь тэдний тоглолт унах гол шалтгаан болов. Монголын сагсан бөмбөг сонирхогчид түүнийг Малайзын сагсан бөмбөгийн 5х5 болон 3х3 шигшээ багт тоглодог гэдгээр нь мэднэ.

Бишрэлт Металл баг 23 ашигтай дамжуулалтаар 51.4 хувьтай довтолсон нь тэдний хожих гол шалтгаан байлаа.

Тоглолтын дараа Бишрэлт Металлын ахлах дасгалжуулагч Эвангелос Цепелис "Үр дүнд сэтгэл хангалуун байна. Тамирчдаараа бахархаж байна. Энэ бидний олон улс дахь анхны тоглолт байлаа. Хамгийн чухал зүйл нь бид хамтдаа байж, ялалт байгууллаа" гэв.

Тоглолтын шилдгээр нэрлэгдсэн Металлын Байрон Уэсли "Дасгалжуулагчийн хэлсэнчлэн залуусаараа бахархаж байна. Бид яг лигийнхээ плей-оффд өрсөлдөж байгаа учир энд ирэх аялал амаргүй байлаа. Олон шалтаг тоочмоор байгаа ч бид талбайд гараад эцсийг нь хүртэл сайн тоглолоо. Дасгалжуулагчийн төлөвлөгөө гайхалтай байсан. Бид багаараа тоглолоо" гэжээ.

НС Матрикс Дирс багийн ахлах дасгалжуулагч Фелтон Сили "Хэн ч ялагдахыг хүсэхгүй шүү дээ. Гэхдээ бид өнөөдөр сайн багийн эсрэг тоглолоо. Хичээл зүтгэл гаргасан ч үнэхээр сэтгэл гонсойлгом байна. Учир нь бид хожих боломжтой байсан ч оройтчихлоо" гэж ярилаа.

Тэгвэл тус багийн легионер тамирчин Жон Мөрри "Бид Мэй Мэйгийн асуудал өөр нөхцөл байдалтай байж болох байсан. Тэр бол манай хамгаалалтын шилдэг тамирчдын нэг мөн олон талт шилдэг тоглогч. Гэхдээ шалтаг хайхгүй ээ. Одоо эргэн ирж, багаараа дахин нэгдэж, ирэх Пүрэв гаригийн тоглолтдоо бэлдэх хэрэгтэй байна" гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: https://www.fiba.basketball/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-26 24.126.9.224

овоодоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж