V/S: УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг хаасан, хаагаагүй

Хуучирсан мэдээ: 2025.03.26-нд нийтлэгдсэн

V/S: УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг хаасан, хаагаагүй

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг зөвхөн бүлгийнхээ 68 гишүүнд үйлчлэх үнэлгээний журмын төслийг хэлэлцсэн асуудал олны анхаарлыг татсан юм. Тодруулбал, бүлгийнхээ гаргасан шийдвэрийг дэмжсэн, дэмжээгүйгээр нь гишүүдээ оноогоор үнэлэх талаар тусгажээ. Ингээд бүлгийнхээ шийдвэрийг чуулган дээр дэмжсэн гишүүнд 10 оноо өгнө. Харин дэмжээгүй гишүүнээс 10 оноо хасч, цаашид тухайн гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэхийг шийддэг болох аж. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг хаагаагүй. Намын бүлэг дээрээ аливаа асуудлыг ярьж, улс төрийн шийдвэрээ гаргахын тулд ний нуугүй ярилцах ёстой" гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын хувьд "Ер нь УИХ-ын гишүүнээс оноо хасна гэдэг дээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ үнэлгээний журмыг дэмжвэл ардчиллын төлөөллийн тогтолцоо ганхана. Гэхдээ энэ журам дэмжигдэхгүй байх" гэсэн юм.  Иймд бид энэ долоо хоногийн VS буландаа талуудын эсрэг тэсрэг байр суурийг онцоллоо.


 

Ц.Сандаг-Очир
УИХ-ын гишүүн

-Улс төрийн намаас сонгогдсон бол тэгж л явах ёстой. УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг хаагаагүй. Намын бүлэг дээрээ аливаа асуудлыг ярьж, улс төрийн шийдвэрээ гаргахын тулд ний нуугүй ярина. Энэ бол зөвхөн МАН-ын хувьд ч биш Ардчилсан нам болон улс төрийн намын хувьд ийм байгаа. Манай нам буруу шийдвэр гаргадаггүй. Олонхоороо ярилцдаг болохоор зөв шийдвэр гаргадаг. Улс орныхоо талд нь асуудлыг шийдвэрлэж, асуудалд ханддаг. Тэрнээс биш хувь хүний болон хэсэг бүлгийн эрх ашгийн үүднээс асуудалд ханддаггүй гэж хардаг. 

Бид ард түмнээс мандатаа авахаас өмнө МАН-аас нэр дэвших эрхээ авдаг. МАН бол зохион байгуулалттай нам. Тиймээс энэ намаас нэр дэвшиж, сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд энэ намын бүлгийн бодлогод харьяалагдан дэмжиж, хамтран явах ёстой. МАН-ын бүлэгт орсноор үгээ хязгаарлуулж байна гэж ойлгож болохгүй. Олонхоороо асуудлаа шийдэж байгаа бол миний байр суурь өөр байж, цөөнх болсон гэдгээ хэлэх эрх нь нээлттэй.

Парламентын гишүүдийн цаашид хариуцлагатай байлгах үүднээс намын бүлгийн дотоод журмын асуудлаар хөшүүрэг хийж байна гэж үзэж байна. 

Намын удирдлагуудын гаргасан шийдвэр бүлэг дээр миний саналтай нийцэхгүй байж болно. Би тэрийгээ үндэслэл журмын дагуу хатуу байр сууриа илэрхийлээд ажиллах нь нээлттэй. Манай намын бүлэг ингэж л ажилладаг. Шийдвэр болгоныг гишүүд хоёр гараа өргөн дэмждэггүй. Асуудал дээр олон талаас нь хэлэлцэж, олон гишүүн эсрэг байр сууриа илэрхийлдэг. Энийгээ л гагцхүү намын бүлэг дээрээ ярья гэж байгаа юм. Хувь хүн, УИХ-ын гишүүний ард тойргийн сонгогчид байгаа. УИХ-д сонгогдсон гишүүний ам хэлийг хааж байгаа асуудал огтоос биш. 

Г.Лувсанжамц
УИХ-ын гишүүн

-УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна. Үнэлгээний журмыг өнгөрсөн жилээс бүлгийн удирдлагууд боловсруулж танилцуулж байсан. Тэр үед би нэлээд санал зөрөлдөж байсан. Миний хэлсэн санаануудыг тусгаагүй, бахь байдгаараа өнгөрсөн жилийнхээрээ орж ирсэн. Хамгийн том асуудал нь, бүлгийн дэмжсэн хуулийн төслийг нэгдсэн чуулган дээр дэмжсэн тохиолдолд 10 оноо, дэмжээгүй бол -10 оноо тавина. Энэ бол бүлгийн эрх ашгийг нэгт тавья гэсэн агуулга гэж бодож байна. 

Ерөнхий сайд өөрөө "Ард түмэн, улс орны эрх ашиг нэгдүгээрт байна. Харин намын бүлэг, улс төрийн намын эрх ашиг хойшоо байх ёстой" гэж хэлсэн. Намайг УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд тийм байдлаар санал тавьж байсан. 

Би тэр үгэнд итгэж орсон. Гэтэл намын бүлгийн удирдлагууд тэрнээс арай өөр байдлаар хараад байх  шиг байна. Тэрийг нь би эсэргүүцсэн. Өчигдөр үнэлгээний журмыг батлахаар санал авах гэж байсан. Миний зүгээс "Маш олон УИХ-ын гишүүн энэ журмыг эсэргүүцэж байна. Өнөөдөр батлахгүй. Энэ журмаа дахин боловсруулж, ирэх долоо хоногийн бүлгийн хуралд танилцуулж, баталъя" гэдэг байр сууриа илэрхийлсэн. Би тойргийн гишүүдээс маш их дэмжлэг авч байгаа. Надад хэн нэгэн ялгавартай хандаагүй. Цаашдаа миний ажиллаж байгаа ажлын хэсэг идэвхтэй ажиллах болов уу. Ер нь оноо хасна гэдэг дээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ үнэлгээний журмыг дэмжвэл ардчиллын төлөөллийн тогтолцоо ганхана. Гэхдээ энэ журам дэмжигдэхгүй байх. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж