Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин дуурийн урлагийн дэлхийн шилдгүүдийг тодруулдаг "Opera World" цахим хуудсын жагсаалтыг тэргүүлжээ. Тэрбээр 6100 оноогоор энэ цаг үеийн дэлхийн шилдэг 153 уран бүтээлчээс нэгдүгээрт бичигдэн, "Дэлхийн шилдэг баритон" болжээ. Тэрбээр олон улсын дуурийн урлагийг шимтэн сонсогчид, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ хүртэж, 52 долоо хоногийн турш дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тайзнаа авьяас чадвараараа гайхагдан, шилдгийн шилдэг гэдгээ дахин нотолсон байна.
Тэрбээр 2011 онд 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртсэн бол 2022 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин цол хүртэж байв.
Тэрбээр 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Гавьяат жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос сонгодог урлагийн гараагаа Дуурь, бүжгийн эрдмийн театраас эхэлж байжээ. Энэ хугацаанд дэлхийн томоохон сонгодог урлагийн уралдаан тэмцээнүүдээс дараах шагналуудыг хүртэж байв.
- 2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр мөн үзэгчдийн нэрэмжит шагнал,
- 2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр,
- 2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн «Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал,
- 2015 онд «BBC Cardiff Singer of the World» тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал,
- 2016 онд «Seoul International Music Competition»-д III байрыг тус тус эзэлсэн.
Зочин 8 цагийн өмнө 103.145.234.48
Том баяр хүргэе🌹
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.187.100
Ерөө багшийн шавь, Монголын дуурийн дэг сургуулийн бүтээгдэхүүн Дэлхийд тэргүүлж багаа юм бнаа !
Баяр хүргэе ! Үзэгч, сонсогч би ч бас их баярлаж бна !