Буу ашиглах зөвшөөрлийг нь шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Буу ашиглах зөвшөөрлийг нь шалгаж байна

Сэлэнгэ аймгийн Мандал сумын V багийн нутаг Түнхэл тосгонд “Онги гол”, “Хүдэр гол” зэрэг хөдөлгөөнийхөн алт олборлох эрхтэй “Пураам” компанийн байр руу Өнгөрөгч пүрэв гарагт буудсан хэрэг гарсан билээ. Тус компанийн техник хэрэгслийг буудсан гэх “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Т.Мөнхбаяр, “Хүдэр гол” хөдөлгөөний тэргүүн Т.Баяраа, гишүүн Батбаатар, Төмөрбаатар нар  ууланд бүгж байгаад уржигдар цагдаагийнханд мэдүүлэг өгөхөөр иржээ. Мөрдөн байцаалтын талаар холбогдох эх сурвалжуудаас тодрууллаа.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Б.Цээпилдорж дараах хариултыг өгсөн юм.

-Иргэний хөдөлгөөнүүд танаас цуглаан хийх зөвшөөрөл авахдаа буутай гэдгээ хэлсэн үү?

-Байгаль орчноо хамгаалж цуглана гэж зөвшөөрөл авсан. Бусдын үйл ажиллагааг эсэргүүцэж байна гэдгээ хэлээгүй. Буутай гэдгийг нь би ёстой мэдээгүй.

-“Пураам” компани жил гаруйн хугацаанд алт олборлохдоо хи­мийн бодис хэрэглэж танай су­мын иргэдийг хордуулан, бай­галь орчин сүйтгэж байгаа юм биш үү?

-Үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө өнгөрсөн зургадугаар сард авсан. Химийн бодис хэрэглэсэн гэдэг нь худлаа. Үйл ажиллагаа нь ч жигдрээгүй байгаа.

-Тэгвэл хөдөлгөөнийхөн ямар шалтгаанаар эсэргүүцээд байгаа юм бэ?

-Мөнгө төгрөг нэхсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөнийхөн мөнгө нэхэж шантаажилсан. Түүнийг нь өгөөгүй болохоор л буу шийдэмдээ тулсан бололтой.
Дээрх хэргийн  мөрдөн бай­цаал­тын талаар Мандал сумын цаг­даагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Х.Батдорж “Сэжигтнүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Бичиг баримтыг нь нягталж байгаа. Буу ашиглах эрхтэй эсэхийг нь ч шалгаж эхэлсэн. Дараа нь Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар шалгахаа тогтооно” гэсэн юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж