Монгол орны геологи, уул уурхай, ашигт малтмалын зах зээлд зориулсан, анхны шинэтгэсэн томоохон бүтээл бөгөөд энэ салбарын эрдэмтэн багш нарын сүүлийн дал гаруй жилийн судалгаан дээр үндэслэн Монгол орны геологийн тогтоц сая сая жилүүдэд хэрхэн өөрчлөгдөж, ашигт малтмал нь хэрхэн тархсан, хаана ямар ашигт малтмалын орд газар байгаа зэргийг энэхүү ботиос мэдэж болно. Нөгөө талаар энэхүү бүтээл нь геологийн цаашдын төлөв, шинэ орд газар нээх, эрдэс баялагийн тогтоц зэргийг эх хэлээрээ бүх мэдээллийг авч болохоор цогц бүтээл болсоноороо өмнө нь хийгдэж байсан ном товхиммолуудаас онцлогтой. Эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц энэхүү бүтээл нь Монгол орны геологийн салбарын мэргжилтэнүүд, их дээд сургулиудын оюутан залууст гарын авлага болох юм. Түүнчлэн Монгол орны эрдэс баялагийн тухай Дэлхийн улс орнуудад таниулах бүтээл болсон. Мөн энэхүү бүтээлийг бэлэн болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, докторууд болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны захирал Ч.Ганзориг нарт “Амжилт бүтээл арвинтай, аз жаргалтай, эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөе” хэмээн номыг санаачлагч Ж.Бямбаа хэлж байв.
Одоогоор найман ботиос тав нь хэвлэлтээс гарчээ. Үүнд:
-Монголын геологи ба ашигт малтмал IV /Литосферийн плитийн тектоник/
-Монголын геологи ба ашигт малтмал V /Шатах ашигт малтмал/
-Монголын геологи ба ашигт малтмал VI боть /Металл ашигт малтмал/
-Монголын геологи ба ашигт малтмал VII /Метал бус ашигт малтмал/
-Монголын геологи ба ашигт малтмал VIII /Гидрогеологи/
Хурлын үеэр тус үйлдвэрийн хэвлэлийн төлөөлөгч Б.Ичинноров хэлэхдээ “Өнгөрсөн 2009 онд Дэлхийд нүүрлэсэн санхүү-эдийн засгийн хямралыг манай хамт олон амжилттай даван туулж чадлаа. Үйлдвэрлэл, эдийн засаг, санхүүгийн бүхий л төлөвлөгөөг үзүүлэлт тус бүрээр нь 100 давсан хувиар биелүүлсэн амжилттай, төлөвлөгөөт даалгавараас 5 дахин их буюу 110 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаа. Мөн улс болон орон нутгийн төсөвт 400 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэнээрээ Монгол Улсын төсвийн 50 орчим хувийг дангаараа бүрдүүлсэн. Түүнчлэн Эрдэнэт хотынхоо өнгө үзэмжийг сайруулах олон ажил хийлээ. Хөгжмийн аяар цацрах, өнгөт усан оргилуур, “Сэлэнгэ” амралтын бааздаа спортын ордон барьж, хотын өмнө хэсэгт цанын бааз, дэлхийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай зэргийг ашиглалтанд орууллаа. Манай компани нь нийгмийн хариуцлагатай уул уурхайн дэлхийн хэмжээний компаний хувьд шинжлэх ухаан, спорт, соёл урлаг, нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагааг орхигдуулж байгаагүй. Үүний нэг жишээ нь энэхүү бүтээл. 2006 оноос эхлэн Ж.Бямбаа гуайн “ Монголын геологи ба ашигт малтмал” найман ботыг бүтээхэд манай компани 90 сая төгрөгөөр санхүүжилт хийсэн бөгөөд 13 сая төгрөгөөр 400 хувь хэвлүүлсэн” гэж байлаа.
Монгол-Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”ХХК нь 1978 онд хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдсан билээ. Зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог тус үйлдвэр нь байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны аж үйлдвэрийн бүтцэд чанарын өөрчлөлт оруулж, экспорт, импортын хэмжээг үлэмж нэмэгдүүлж, манай орны эдийн засаг, соёлын томоохон төвийн нэг болох орчин үеийн Эрдэнэт хотыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг юм. Тус үйлдвэр нь байгаль орчинд учруулах таагүй нөлөөллийг аль болохоор багасгахад чиглэсэн байх байгаль орчны идэвхтэй бодлогыг нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын салшгүй хэсэг хэмээн хэрэгжүүлж ажилладаг. Түүнчлэн ажиллагсдын нийгмийн хэрэгцээг хангах, хөдөлмөр хамгаалал, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх асуудлуудыг үйлдвэрлэлийн үндсэн асуудалтай эн зэрэгцэх хэмжээнд тавьж анхаарч ирсэн гэдэг. Үнэхээр нийгмийн хариуцлагыг ухамсарласан үйлдвэр гэдгийг Эрдэнэт хотод ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь ажиллаж амьдардаг хэнээс ч гэсэн сонсож байсан бизээ.
П.Наран