Пак Бо Гум киноныхоо дүртэй 70 хувь адилхан гэв

Пак Бо Гум киноныхоо дүртэй 70 хувь адилхан гэв

Пак Бо Гум киноныхоо дүртэй 70 хувь адилхан гэв

Гэр бүлийн холбоо, хайр дурлалын тухай өгүүлэх "Амьдрал чамд бэрсүүт жүрж өгөхөд" цувралыг дэлхий дахин хамтдаа инээж, уйлж үзсээр байна. Тус цуврал дэлгэцнээ гараад хоёр долоо хоног ч хүрэлгүй "Netflix"-ийн англи хэл дээрх бус шилдэг 10 цувралын хоёрдугаар байранд оржээ.

Пак Бо Гум буюу Гван Шик, "IU" буюу Э Сүн нарын хайрын түүх 1960-аад онд Чежү арал дээр эхэлдэг. Хүйсийн тэгш бус байдал ноёлсон цаг үед эхнэрээ өөрийнх нь хүссэнээр байлгахыг хичээх ажилч, хичээнгүй Гван Шикийн дүр олны дунд ихээхэн алдаршиж, хүмүүс түүнийг "уран зөгнөлт ертөнцөд л гардаг нөхөр" гэж нэрлэх болжээ.

Харин Пак Бо Гум өөрөө Гван Шикийг бодит бус гэж үздэггүй. Тэрбээр "Би зохиолоо уншиж байхдаа Гван Шикийг үнэхээр хүндэлмээр дүр байна даа гэж бодсон. Гэхдээ үүнийг би бодит бус гэж бодоогүй. Хүний амьдралд ядаж нэг удаа ийм хүн таарах болов уу гэж би бодож байна. Би Гван Шикийн дүрд тоглох тусам түүнтэй адил болохыг хүсч байгаагаа мэдэрсэн. Эсвэл түүнтэй адилхан хэн нэгний найдвартай, хайр татам, тууштай хань болно гэдэгтээ итгэж байгаа гэх үү дээ" гэжээ.

Мөн энэ дүрээс та өөрийгөө олж хардаг уу гэж асуухад дүртэйгээ 70 хувь адилхан гэж хариулсан байна.

"Гэр бүлээ хайрлах, хайртай хүмүүсээ халамжлах, гүн дурласан үедээ мэдрэмжээ чин сэтгэлээсээ илэрхийлэх зэрэг нь надтай адил санагдсан. Гэхдээ Гван Шиктай харьцуулбал би арай олон үг хэлдэг" гэж тэр хэлжээ.

Найруулагч Гван Шикийг дасгал хөдөлгөөн хийдэг, усанд сэлдэг учраас тамирчин маягийн биетэй байлгахыг хүсчээ. Иймд Пак Бо Гум дүртэйгээ нийцэхийн тулд 4-5 кг нэмсэн байна. Мөн Чежү арлын наранд борлосон төрхийг гаргахын тулд нүүр будалт хийсэн аж. Хамгийн гол нь чежү аялгаар ярьж сурах Пак Бо Гумын хувьд сорилт байжээ. Гэхдээ аз болж Гван Шик үг яриа багатай дүр байсныг тэр хэлэв.

Э Сүн байцаа зарахаас ичсэн ч Гван Шик түүний өмнөөс байцааг нь зарж суудаг хэсэг байдаг. Ингэхдээ "Амттай байцаа шүү" гэж хэлдэг хэсгийг гүн гүнзгий агуулгатай, Гван Шикийг бүрэн илэрхийлсэн үг гэж Пак Бо Гум боддог аж. Энэ үг нь Гван Шикийн Э Сүнийг гэх хайр, дэмжлэг, халамжийг илэрхийлэх юм.

"Сүүлийн дөрвөн ангийг үзэхдээ та хайртай хүмүүстээ хайртай гэж хэлэх хэрэгтэйгээ ойлгоно. Ингэж бодох цаг бидний амьдралд гарч ирдэг шүү дээ. Гэр бүлээрээ, найзуудтайгаа үзэхэд гайхалтай, хайртай хүнтэйгээ үзэхэд бүр төгс цуврал шүү" гэж Пак Бо Гум эцэст нь хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж