Сурвалжлага: Уул уурхайнхан өртгөө бууруулж, экспортоо нэмэгдүүлэхийг зорьж байна

Сурвалжлага: Уул уурхайнхан өртгөө бууруулж, экспортоо нэмэгдүүлэхийг зорьж байна

Сурвалжлага: Уул уурхайнхан өртгөө бууруулж, экспортоо нэмэгдүүлэхийг зорьж байна

Монгол Улс 2025 онд нэг тонн нүүрсийг дунджаар 105 ам.доллараар экспортлохоор тооцож, нийт 83 сая тонн нүүрс экспортлохоор төсөвтөө тусгасан. Гэсэн хэдий ч он гарсаар эхний хоёр сарын нөхцөл байдлыг авч үзвэл нүүрсний үнэ тонн нь 80 гаруй ам.долларт хэлбэлзэж, 20 орчим хувиар буурсан үзүүлэлттэй  байна. Тиймээс Засгийн газраас экспортыг богино хугацаанд нэмэгдүүлэх, Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулж, Сангийн сайд Б.Жавхлангаар удирдуулсан юм. Тус ажлын хэсэг байгуулагдах үед Монгол Улсын валютын нөөц 4.5 тэрбум ам.доллар орчим байсан бол уг үзүүлэлтийг тавдугаар сар гэхэд 5.5 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлэх үүрэг хүлээлгэсэн юм. Монгол Улсын экспортын чухал ач холбогдол бүхий хил, боомтуудад ойролцоогоор 9.5 сая тонн нүүрсний овоолго үүссэн нь нүүрсний үнэ буурсан учраас худалдан авагч тал таталт хийхгүй байгаатай холбон тайлбарлаж буй. Тиймээс богино хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх, салбар дундын зохицуулалт хийх Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн ахлагч Сангийн сайд Б.Жавхлан, ажлын хэсгийн гишүүн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон холбогдох албаныхан өнгөрөгч амралтын өдрүүдэд Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод ажиллалаа.

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ӨРТӨГ АВТО ЗАМЫН ТЭЭВРЭЭС ХЯМД БАЙХААР ТОГТОВ

Гашуунсухайт-Ганцмод боомтоор Монгол Улсын нийт экспортын зэсийн баяжмалын 55-60 орчим хувийг, нүүрсний экспортын 50-55 хувийг экспортод гаргадаг. Өнгөрсөн онд тус хилийн боомтоор 39.4 сая тонн нүүрс экспортод гаргасан нь нийт нүүрсний экспортын 50 хувийг эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үед найман сая тонн нүүрс экспортод гаргаж байсан бол 2025 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 7.4 сая тонн нүүрс экспортолж,  600 мянган тонноор буюу 7.5 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг холбогдох албаныхан танилцуулсан. Харин зэсийн баяжмалын хувьд өнгөрсөн  оны мөн үеэс 41 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин биржээр худалдаж байгаа нүүрсний хувьд өнгөрсөн оны мөн өдийд 4.2 сая тонн нүүрс экспортод гаргаж байсан бол энэ онд 1.9 сая тонн нүүрс экспортод гаргасан байна. Одоогийн байдлаар биржээр худалдсан ч экспортод гаргаагүй байгаа нүүрсний хэмжээ 10 сая тоннд хүрсэн гэв. Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 1000 автомашин нэвтэрч байгаа бөгөөд боомтын ачаалал хэвийн үргэлжилж байгаа гэдгийг тодотгосон. Монгол Улсын Засгийн газраас  хэрэгжүүлж буй Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд гадаад худалдааны гол боомт Гашуунсухайт боомтод өргөтгөл, шинэчлэлийн  олон ажлыг өнгөрсөн жилүүдэд хийсэн. Энэ хүрээнд боомтын барилга байгууламж, зам талбайг бүрэн шинэчилж, Зорчигчийн шалган нэвтрүүлэх 4188 м2 цогцолбор барилгыг өргөтгөн шинэчилж, зорчигч ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх импортын 1 гарц байсныг 3, экспортын 1 гарц байсныг 3, нүүрс тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх экспортын 6 гарцтай байсныг 12 болгож, олон улсын жишигт нийцсэн ухаалаг гарц, авто пүү, хүнд даацын авто зам, рентген, ариутгал, эрэлч нохойн байр, лаборатори, холбоо дохиолол камержуулалт зэрэг ажил хийгдсэнээр боомтын нэвтрүүлэх хүчин чадал даруй гурав дахин нэмэгдэх боломж бүрдсэн байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан хэдэхдээ, нэг үеэ бодоход хилийн боомтуудын нэвтрэн өнгөрүүлэх чадвар эрс сайжирсан байна. Ялангуяа, Гашуунсухайт-Ганц мод боомтын экспортын болоод импортын нэвтрэн өнгөрүүлэх чадвар гурав дахин нэмэгдсэн байна. Ханги хилийн боомтын нөхцөл байдал ч сайжирсан байна. Төмөр замтай холбоотой хэд хэдэн асуудал тулгамдсан байсныг газар дээр нь шийдвэрлэлээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улс уул уурхайн бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэж, экспортод гаргах төмөр замын хүчин чадлаа нэмэгдүүлж чадсан. Төмөр замаар тээвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний тээврийн үнэ авто замаар тээвэрлэснээс үнийн хувьд хямд, их хэмжээгээр тээвэрлэх боломж бүрдэнэ гэж тооцож байсан. Гэтэл төмөр замын тээврийн одоо мөрдөгдөж байгаа үнэ авто замын тээврийн өртөгөөс өндөр байна. Тийм учраас Сангийн яам, Зам тээврийн яам болон холбогдох байгууллагуудын төлөөлөл газар дээр нь ажиллаж Ханги,Гашуунсухайт хүртэлх төмөр замын тээвэр авто замын тээврийн өртгөөс доогуур тарифтай байх шийдвэр гаргасан гэдгээ онцоллоо. Үүний үр дүнд нүүрс тээврийн өртөг зардал тодорхой хувиар буурна гэж тооцож байгаа гэдгээ танилцуулсан юм.

"БИРЖИЙН АРИЛЖААНЫ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСНААР 1 САЯ ТОНН НҮҮРСНИЙ ЗАХИАЛГА ОРЖ ИРСЭН"

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх, салбар дундын зохицуулалт хийх Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулагдаад хамгийн түрүүнд шийдсэн асуудал бол Биржийн журамд өөрчлөлт оруулсан. Нүүрсний үнэ өндөр байх үед биржийн хатуу нөхцөлтэй худалдаа хэвийн үргэлжилж байсан бол үнэ буурсан үед үнийн хатуу нөхцөлийг урт хугацаагаар тулгах нь худалдан авагч талд их хэмжээний алдагдал үүсгэж байгаа учраас нүүрсний татан авалтууд гацаж хилийн наана болоод цаанаа хэт их овоолго үүсч, ачаалал үүсгэж байна. Тиймээс нүүрсний үнэ өссөн үед өсгөж, буурсан үед буулгах үнийн индексийг боловсруулж, журмаа шинэчилсэн.Үүний үр дүнд эхний ээлжинд 1 сая тонн нүүрс худалдан авах захиалга орж ирсэн байна. Цаашид энэ байдал үргэлжилвэл богино хугацаанд биржийн арилжаа сэргэнэ гэж тооцож байгаа гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан тодотголлоо. Өөрөөр хэлбэл, цаашид Биржийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, нөхцөлүүдээ уян хатан болгож, дээрх журмын өөрчлөлтүүдээ хуульд тусгаж өгөх шаардлагатай учраас уг хуулийн өөрчлөлтийг ойрын үед Засгийн газраас УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн байна. Үүний үр дүнд Биржийн хууль улам боловсронгуй болж, аль аль талдаа нөхцөлүүдээ сайжруулсан, харилцан ашигтай байдал руу шилжиж экспорт нэмэгдэх боломжтой гэж үзсэн байна. Хөрөнгийн биржийн захирал Б.Дөлгөөн хэлэхдээ, "Өнгөрсөн оны хоёр сарын байдлыг энэ оны хоёрдугаар сарын нөхцөл байдалтай харьцуулаад үзэхэд нүүрсний биржийн арилжаа буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь нүүрсний үнэ буурсантай шууд холбоотой. Энэ нөхцөл байдалтай уялдуулаад Хөрөнгийн биржээс одоо мөрдөгдөж байгаа нүүрсний гэрээний нөхцөлийг тодорхой хэмжээнд өөрчилж,үнэ унасан ч арилжаа явагдаж байдаг, өссөн ч Монгол Улс үүнээс давуу тал бий болгох журмуудын өөрчлөлтийг ТУЗ-ийн хурлаараа хэлэлцэж, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж, батлуулсан. Энэхүү журмыг гуравдугаар сарын 18-ны өдрөөс хэрэгжүүлж эхлээд байна. Тиймээс шинэ журмын хүрээнд нүүрсний экспорт нэмэгдэнэ гэж тооцож байна. Шинэчилсэн журмын дагуу хувийн хэвшил болоод төрийн өмчит компаниудаас захиалга авч эхэллээ. Өнөөдрийн /2025.03.21/ байдлаар 1 сая тонн нүүрс худалдаж авах санал ирсэн байна. Нүүрсний үнийн өсөлт бууралттай уялдуулж идексжүүлсэн байдлаар үнэ тогтоох журмын дагуу худалдан авагч тал төлбөр тооцоогоо хийх боломжийг ийнхүү бүрдүүлж үнийг уян хатан болгосноор нүүрсний худалдаа идэвхижихээр байна" гэсэн юм.

ШИВЭЭХҮРЭН БООМТЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 2024 ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД 5.1 ХУВИАР БУУРЧЭЭ

Үргэлжлүүлэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Шивээхүрэнгийн боомтод томилолтод ажилласан юм. Шивээхүрэн боомтоор Монгол Улсаас импортлосон нүүрсийг төмөр зам болоод авто замаар тээвэрлэж эцсийн хэрэглэгчид хүргэдэг бөгөөд БНХАУ-ын баруун бүсийн томоохон гурван цахилгаан станцыг нүүрсээр хангадаг. Шивээхүрэн боомтод төрийн болон хилийн хянатын 6, үйлчилгээний 4 нийт 10 байгууллагын 127 албан хаагч үүрэг гүйцэтгэдэг. Тус боомтод Нарийнсухайтын бүлэг ордоос гадаад дотоодын хөрөнгө оруулалттай нүүрс олборлодог 8, улаан хас чулуу олборлодог 2, нийт 127 аж ахуйн нэгжийн 4488 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас одоогийн байдлаар 3600 орчим тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байна. Боомтын сэргэлтийн хүрээнд тус хилийн боомтоос 500 метр, усан хилээс 200 метрын зайнд жилд 22 сая тонн бүхий нүүрс ачиж буулгах терминал, боомтоос 3.5км, усан хилээс 7 км зайд Шивээхүрэн төмөр замын өртөө, улсын хилээс 7 км зайд 10 сая тонны нүүрс ачиж буулгах терминал байгуулсан байна. Хилийн Шивээхүрэн боомт нь зорчигчийн орох-1, гарах-1, нүүрс тээврийн гарах-6, орох-6 нийт 14 гарцаар Даваа гаригаас Баасан гаригт зорчигч, Даваа гаригаас Бямба гаригт нүүрс тээврийн тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлдэг байна. Хилийн боомтоор хоногт дунджаар 500-550 зорчигч, 400-450 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлдэг аж. Энэ оны гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар хоёр орны 64822 зорчигч, 51936 тээврийн хэрэгсэлийг шалган нэвтрүүлсэн статистик үзүүлэлт гарчсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зорчигч 24.7 хувиар, тээврийн хэрэгсэл 16.4 хувиар өссөн бол нийт ачаа тээврийн 90-95 хувь нь экспортын, 5-10 хувийг импортын ачаа эзэлсэн аж.

2025 оны нэгдүгээр сард 1.2 сая тонн нүүрс, хоёрдугаар сард 1.3 сая тонн, гуравдугаар сард 1.5 нийтдээ гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 3.7 сая тонн нүүрс экспортлосон нь 2024 оны мөн үетэй харьцуулахад 5.1 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг . Гуравдугаар сарын сүүлийн 10 хоногт багтааж нийт 4.5 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон байна. Тус боомтоор 2018-2024 оны хугацаанд нийт 90.2 сая тонн нүүрс экспортлосон бөгөөд 2024 онд 24.5 сая тонн нүүрс экспортлосон байна.

Шивээхүрэн -Сэхэ боомтоор 2025 онд экспортод гаргах нүүрсний хэмжээг 26 сая тонноос багагүй хэмжээнд байлгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Тиймээс 2025 оны эхний улиралд 5 сая тонн нүүрс экспортлох зорилго тавьсан байна. Сүүлийн гурав хоногийн хугацаанд сүлжээний доголдол үүсч, нүүрс тээврийн замд урт дараалал үүссэн байна. Хэрэв сүлжээний доголдол үүсээгүй байсан бол гуравдугаар сарын 31 гэхэд нүүрсний экспортын хэмжээ 5 сая тонн руу хүрэх боломжтой байсныг Шивээхүрэн боомтын захиргаанаас хэллээ.

АЖ АХУЙН НЭГЖҮҮД ӨРТГӨӨ БУУРУУЛЖ, ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

Шивээхүрэн боомтын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд жилдээ 50 гаруй сая тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой гэдгийг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлж байна. Нүүрсний үнэ буурсан нь тэдний үйл ажиллагаанд шууд нөлөөлж байгаа гэдгийг учирлаж байна. Тухайлбал, коксжих нүүрсний үнэ 95 ам.доллар байсан бол одоогийн байдлаар 50 ам долларт хүрч 40 гаруй хувиар буурсан бол эрчим хүчний нүүрсний үнэ 47 ам.доллар байсан бол 27 ам.долларт 42 хувиар буурсан гэв. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн гол зорилго бол өртөгөө бууруулж, олборлолт, экспортоо нэмэгдүүлэхэд чиглэж байгаа аж. Нарийнсухайтын бүлэг ордод 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд аж ахуй нэгжүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө уурхай 150-250 метр хүртэл гүнзгийрч, хөрс хуулалтын хэмжээ өссөн, уул геологийн нөхцөл хүндэрсэн зэргээс шалтгаалан нүүрсний өртөг жил бүр нэмэгдэх болжээ. Өртгөө бууруулахын тулд 7 асуудал тулгамдаж байгаагийн нэг нь тойруу замаар тээвэр хийж байгаатай холбоотой гэв. Уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотоос үйлдвэрлэл явуулахад шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ хүнд даацын автомашинаар тээвэрлэхдээ  Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутгаар дамжин тээвэрлэж байгаа нь 1 литр дизель түлшний өртөг 111 төгрөгөөр нэмэгдэж, 1 кг тэсрэх бодисны үнэ 137 төгрөгөөр нэмэгдэж байна гэв. Өмнө нь Улаанбаатараас Нарийнсухайт хооронд Дундговь, Өмнөговь аймгаар дамжиж тээвэр хийхэд 871 км зам туулдаг байсан бол одоо Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутгаар дамжихад 1110 км зам туулж  241 км зам илүү туулж байгаа нь нүүрсний үнэ буурсан энэ үед үйл ажиллагааны өртөг зардлыг нэмэгдүүлж байна гэв. БНХАУ-ын зах зээл дээр нүүрсний эрэлт багассан нь хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй гэж тэд үзэж байна. Тухайлбал, нүүрсний үнэ өндөр байхад худалдаж авсан нүүрсний хуримтлал Сэхэ боомтод их хэмжээгээр үүссэн учраас татан авалт хийхгүй байгаа гэж дүгнэж байна. БНХАУ-ын тал өндөр үнээр авсан нүүрсээ зах зээлд хямд үнээр нийлүүлвэл алдагдал хүлээх учраас үнэ өсөхийг хүлээж, харзнасан байдалтай байгаа аж.

Сэхэ боомтын нүүрс хадгалах агуулах савны хэмжээ 4.4 сая тонн бөгөөд одоогийн байдлаар 2.6 сая тонн нүүрсний агуулахуудад хадгалагдаж байгаа гэсэн дүн мэдээ хэлж байна. Цар тахал гарснаас хойш тус боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч шат дараатай арга хэмжээ авсан нь үр дүнгээ өгч өмнө нь гэрээ хийсэн нүүрсний захиалгаа бүрэн хүргэж өгсөн байна.

Харин шинээр гэрээ хийх захиалга аж ахуйн нэгжүүдэд орж ирэхгүй байгаа нь асуудал дагуулж байгааг учирлаж байна. Гэсэн хэдий ч нүүрсний үнийн уналт ёроолдоо хүрсэн гэж харж байгаа бөгөөд эргээд өсөх хүлээттэй байгаа гэдгээ хэлж байна. Тиймээс энэ хугацаанд шинэ зах зээл нээхэд анхаарахаас гадна борлуулалтын нөхцөлүүддээ ч тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж, уян хатан хандах бодлого баримталж экспортоо нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж. Тухайлбал, өмнө нь урьдчилгаа төлбөрөө авч бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байсан бол одоо эхлээд бүтээгдэхүүнээ нийлүүлээд дараа нь төлбөр тооцоогоо хийх сонголт, боломжуудыг бий болгосон байна.Үүний үр дүнд аж ахуйн нэгжүүд олборлолт болоод экспортын хэмжээгээ өсгөх боломжтой гэж тооцоолж байна.

"АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭС 1 ХУВИЙН ТАТВАР АВЧ ХҮНД ДААЦЫН ЗАМ БАРИНА"

Зам тээврийн сайд Дэлгэрсайхан аж ахуйн нэгжүүдийн тавьсан саналтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр, нүүрс тээврийн С зөвшөөрлийг нүүрс тээвэрт явдаггүй машинд олгохгүй гэдэг зарчим барьж ажиллаж байгаа. Зарим хүмүүс бизнес хийхийн тулд худлаа үнэн хэлж байгаад тээвэрт явдаггүй машин дээр С зөвшөөрөл авах тохиолдол байна.Цааашид жолоочийг нь машинтай нь бүртгэж байж С зөвшөөрөл олгох учраас уг зөвшөөрлийг цаашид дамлах байдлыг таслан зогсооно. Хоёрдугаарт, нэг гараа мөнгө олоод нөгөө гараараа зам сүйтгэдэг байж болохгүй. Миний хувьд зам барихаас гадна барьсан замаа хамгаалах үүрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүн экспортод гаргах нь зүй ёсны асуудал боловч хүнд даацын автомашинууд зориулалтын бус замаар тээвэр хийсэнтэй холбоотойгоор Дундговийн зам дээр олон хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон. Мөн Дундговийн зам анхнаасаа баригдахдаа 100 тонн ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй. Нэг гол дээр 44 тонны даацтай зам. Дундговийн замаар ачаа тээвэрлэдэг автомашинууд ихэвчлэн даац хэтрүүлдэг гэдэг нь шалгалтаар тогтоогдсон. Даац хэтрүүлснээс үүдэн тухайн замд их хэмжээний эвдрэл гарсан. Тиймээс уг замаар заасан даацанд нь тохирсон тээвэр хийхийг зөвшөөрч байгаа болохоос тээвэр хийлгэхгүй гэдэг асуудал огт яриагүй.Хоёрдугаарт, Өвөрхангай аймгаар 241 км зам тойрч явж байгаа гэж хэлж байна. Өвөрхангайн замыг ч хаана. Өвөрхангайн замыг ч удахгүй засах төсөв, мөнгө хэрэг болно. Тиймээс ном журмын дагуу даацандаа тохирсон тээвэр хийхийг шаардана. Монгол Улс Татварын хуульдаа өөрчлөлт оруулж нийт ашгийн 1 хувийг дэд бүтцийн салбарт зориулж бүтээн байгуулалт хийж болохоор хуульчилсан.

Тиймээс энэ жилийн тухайд аж ахуйн нэгжүүдийн 1 хувийн татварын мөнгийг Нийслэл Улаанбаатар хотод зарцуулах шийдвэр гаргасан. Харин ирэх жил Өмнөговь, Дундговийн замыг аж ахуйн нэгжүүдээс 1 хувийн татвар авч тусгай зориулалтын буюу 100 тонны хүнд даацын зам барина. Улсын хөрөнгөөр барьсан замыг хэдхэн аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийн төлөө эвдүүлж дахин улсаас хөрөнгө гаргаж засдаг байж болохгүй гэдгийг тодотгосон юм.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫХАА ӨРТӨГ ЗАРДЛАА БУУРУУЛАХДАА АЖИЛЧДЫН ТОО БОЛООД ЦАЛИН ХӨЛСИЙГ БУУРУУЛАХГҮЙ

"Саусгоби сэндс" ХХК-ийн Удирдлага, Гүйцэтгэлийн ажлын хэсгийн дарга Л.Баатар хэлэхдээ, зах зээл үнэхээр хүндрэлтэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эрчимжиж байсан үеэ бодвол үнэ нь 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Манай компанийн хувьд эрчим хүчний нүүрсний экспорт ашиггүй болсон. Харин коскжих нүүрсэн дээр бага зэргийн ашигтай ажиллаж байна. Гэхдээ хэсэг хугацааны дараа энэ төрлийн нүүрсний экспорт дээр ашиггүй ажиллах магадлал өндөр байна. Зах зээл хүндэрсэн энэ үеийг ямартай ч бид хамтын хүчээр давж гарахыг зорьж байна. Энэ жил төлөвлөсөн хэмжээнээсээ даруй 20 хувиар олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн жил 7 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж 10 сая гаруй тонн нүүрс олборлосноос 7.5 сая тонн нүүрс экспортод гаргасан. Энэ жил 12 сая тонн нүүрс олборлож, экспортлохоор төлөвлөөд байна. Одоо үүсээд байгаа хүндрэл бэрхшээл гэвэл эргэлтийн хөрөнгө буурч, урсгал зардал нэмэгдэж байна. Хэдийгээр зах зээл тааруу байгаа ч олборлолт болоод экспортоо нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж, шинэ худалдан авагч, хэрэглэгчийн тоогоо нэмэхийг зорьж байгаа. Өмнөх шигээ зарсан л бол төлбөрөө бүрэн авахыг зорихоос илүүтэй нүүрсээ хөнгөлттэй болоод зээлийн нөхцөлөөр Хятадын талд нийлүүлж, боловсруулж цааш зарах гэх мэт гарц гаргалгааг эрэлхийлж байна. Мөнгөн эргэлтийн хувьд цаг хугацаа тодорхой хэмжээгээр шаардах боловч нийлүүлэгч, худалдан авагч тал харилцан ашигтай ажиллах шинэ яриа хэлэлцээр хийж байна. БНХАУ-д нүүрсний олборлолт, экспорт хийж байгаа ямар ч иргэн, аж ахуйн нэгжүүдэд зээл олгохгүй байх шийдвэр гаргасан. Учир нь зах зээл хүнд байгаа учраас эрсдэл өндөр гэж тооцсон. Тиймээс Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад шинээр зээл авах асуудал хүндрэлтэй байгаа учраас аль болох үйл ажиллагааныхаа зардлыг хэмнэж, туслан гүйцэтгэгч болоод нийлүүлэгч байгууллагуудтай харилцан ойлголцож, бүгд зардлаа бууруулахыг зорьж ажиллаж байна. Үйл ажиллагааныхаа өртөг зардлаа бууруулахдаа ажилчдын тоо болоод цалин хөлсийг бууруулахгүй. Нэгэнт жилийнхээ төлөвлөгөөг нэмэгдүүлж тооцож байгаа учраа ажлын бүтээмж өснө. Тэр хэрээр сайн ажилласан, төлөвлөгөө давуулан биелүүлсэн ажилчиддаа урамшуулали цалин олгоно. Санхүүгийн хүндрэл үүссэн хэдий боловч ажилчдынхаа цалинг цаг тухайд нь олгож байгаа. Манай компани үндсэн 700 гаруй ажилтантай, туслан гүйцэтгэгч компанийн ажилчид нийлвэл 2000 гаруй ажилтан бий. Манай компанийн болоод туслан гүйцэтгэгч компаниудын нийт ажилчдын 98-99 хувийг монгол ажилчид эзэлдэг. Төр засгийн зүгээс үүсээд байгаа нөхцөл байдлыг ойлгож, зарим нэг зүйл дээр дэмжлэг үзүүлнэ гэж итгэж байна. Санхүүгийн бэрхшээлээс үүдээд зарим нэг төрлийн татвар, хураамжаа цаг тухайд нь төлж чадахгүй нөхцөл байдал үүсвэл уян хатан байдлаар хандаж, хүлээцтэй байхыг хүсч байна. Бид экспортын хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд эрчим хүч, замын дэд бүтцээ сайжруулахыг зорьж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн боомтын сэргэлтийн хүрээнд тээвэрлэлтийн дэд бүтэц сайжирсан. Төмар замаа БНХАУ-тай холбоход Монгол Улсын талаас хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн. Тун удахгүй бүрэн  холбогдчих байх гэсэн хүлээлттэй байна. Харин техникийн хувьд бага зэргийн доголдол үүсэх тохиолдол гарч байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт сүлжээ доголдсноос үүдэн гаалийн хяналт шалгалтад саатал гарч экспортын тээвэр гарахад саатсан асуудал бий. Түүнийг богино хугацаанд засч одоо үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Учирсан хүндэрлийг талууд хамтран даваад удахгүй сайн цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

"ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ БООМТЫН ТӨМӨР ЗАМЫГ ХОЛБОХОД 320 МЕТР ДУТУУ БАЙНА"

Үргэлжлүүлэн ажлын хэсгийн гишүүд Шивээхүрэн Сэхэ боомтыг холбох төмөр замын ажилтай газар дээр нь очиж танилцсан юм. Засгийн газрын 2018 оны 232 дугаар тогтоолоор 51 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК, 49 хувийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК тус тус эзэмшиж, “Шивээхүрэн төмөр зам” ХХК-ийг байгуулан хилийн зурваст төмөр зам барихаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой холбох 7.1 км төмөр замын бүтээн байгуулалтыг 2023 оны тавдугаар сард эхлүүлсэн. "Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буйгаараа стратегийн онцгой ач холбогдолтой.

Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын төмөр зам ашиглалтад орсноор тус боомтын экспортын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, ачаа тээвэр 20 сая тоннд хүрэх боломжтой. Ингэснээр тус бүс нутгаас олборлодог нүүрсийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан цаг хугацаа, өртөг зардал хэмнэж, экспортын гол зах зээл рүү тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүс нутагт буй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэх юм.Шивээхүрэнгийн төмөр зам Сэхэ боомтын төмөр замтай холбогдоход 320 метр дутуу байгаа гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцлов. БНХАУ-тай байгуулсан хил дамнасан төмөр замын олон улсын гэрээг энэ долоо хоногт УИХ-аар соёрхон батлуулж Гашуунсухайт-Ганцмодны төмөр замыг холбох ажил эхлэнэ. Үүний дараа холбох төмөр зам бол Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам байх аж. БНХАУ-ын талтай хийсэн олон улсын гэрээг байгуулах олон удаагийн уулзалтын үр дүнд төмөр замуудаа ээлж дараатай холбох заалтын дагуу Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам холбох ажил хоёрдугаар ээлжид тусгагдсан байна.Тус боомтыг холбох үлдсэн 320 метр төмөр замыг холбоход хоёр сарын хугацаа шаардлагатай гэдгийг гүйцэтгэгч компанийн төлөөллүүд хэлж байна. Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам нарийн царигийн төмөр зам гэдгээрээ онцлог. Тиймээс дахин дахин ачиж буулгах шаардлага байхгүй. Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмодны төмөр замыг холбох ажлыг тавдугаар сарын 1 гэхэд эхлүүлэх зорилт тавьсан. БНХАУ-тай хийсэн олон улсын гэрээнд Ганцмод-Гашуунсухайтын төмөр замыг холбох барилгын ажил эхэлмэгц бусад боомтуудын хил холболтын ажлыг зэрэг эхлүүлэх заалт оруулсан. Тиймээс шуурхай ажиллаж чадвал ирэх намар гэхэд Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам ашиглалтад орох бүрэн боломжтой гэж харж байгаа гэдгээ “Экспортыг богино хугацаанд нэмэгдүүлэх, Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг”-ийн гишүүд тодотгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 202.9.46.251

хар хужаад хямдаар худалдаад ямар ч ашиг Монголд байхгvй

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.187.100

Малнууд аа ! Өртөгийг ингэж дарга нарын дур зоргоор тогтоодоггүй юмаа, үнэ гэж яриач, үнийг харин бодлогоор тогтоодог, гэхдээ үнэ нь өртөгийн ойролцоо эргэлддэг юм шүү, э/з-гийн ш/у-наар тэршүү дээ !!!

Avatar

Зочин 2025-03-25 66.181.186.150

Хувийн компани гэсэн луйварчид монголчуудын баялгийг зарчихаад валютаа монгол банкинд тушаадаг юм болов уу. Үүнийг ил болгооч. Асуудал босонгуут нөгөө удсын хэдэн компаниа мөлжих юм. Хувийн хулгайчуудаас аваачээ

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.179.175

SEKSEER XUSLEER VANXANDI SHAAX AN BOOBN XXNO80955877ANUSDI

Avatar

Нэргүй 2025-03-25 202.179.24.209

Өртөг бууруулах тухай мэддэг юм байна Үүнийгээ төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд болон зохицуулалтын байгууллагуудад зааж өгмөөр байна.

Avatar

Нэргүй 2025-03-25 203.98.77.237

Сайн байна Танк явах автозам бариа УБ-с Тавантолгой хүртэд 6 эгнээ хүнд даацын зам барь Монгол улсын Хөгжлийн гарц бол Тавантолгой Говийн бүс нутаг шүү Гишүүдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж