ХЭҮК, хүний эрхийг ниргэсэн хойноос бүү хашгир!

Хуучирсан мэдээ: 2025.03.25-нд нийтлэгдсэн

ХЭҮК, хүний эрхийг ниргэсэн хойноос бүү хашгир!

ХЭҮК, хүний эрхийг ниргэсэн хойноос бүү хашгир!

Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүний эрхийн соёлыг түгээх замаар хүн бүр эрх чөлөөтэй, эрх тэгш амьдрах, хөгжих нийгмийг цогцлоон бүтээхэд манлайлагч нь байна.  Энэ бол Хүний эрхийн үндэсний комиссын эрхэм зорилго. Гэснээс хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжихэд ХЭҮК яг манлайлагч байж чаддаг уу?. Нийгэмд багагүй талцал, бухимдал дагуулсан ямар хэрэг дээр тэд манлайлж ажилласан бэ? Хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хэрхэн хангасан бэ? Хэн нэгэн эрх мэдэлтнээс хараат бусаар бие даан ажиллаж чаддаг уу? Гэхмэтчилэн…!

Монголд хүний эрх алхам тутамд зөрчигдөж байна. Өнөөдөр монгол хүн амьд явах ч эрхгүй болсон гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй. Үндсэндээ хүний эрх Монголд даргын болон иргэний гэсэн даабль стандартаар хэрэгждэг.

ЦЕГ-аас “Ноорог” сайтын  редакцид шөнө дөлөөр гүйцэтгэх ажиллагаа явуулж,  хэвлэлийн эрх чөлөөнд халдсан явдал хэвлэл, олон нийтийн сүлжээний гол сэдэв төдийгүй нийгэмд багагүй бүүм болж байна. “MCS”-ийн троллууд илчлэгдлээ гэх агуулга бүхий эхний сэвээ Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээлэл хийхийн хэрээр өөрчлөгдсөөр эцэстээ мөрийтэй тоглоом зохион байгуулсан, 9.3 тэрбум төгрөгийг хууль бусаар олсон гэх цагдаагийн тэрхүү зохиолын  гол эзэд нь цагдаа нар өөрсдөө байсан нь баригдав.  Нэрээ нуусан иргэний гомдлын мөрөөр хойшлуулашгүй үйл ажиллагаа явуулсан атлаа нэр, зүсээ ил болгоод шүгэл үлээсэн залуугийн бичлэгийн хариуд цагдаагийн байгууллагаас  өгсөн тайлбар нь “Тухайн мэдээлэлд алба хаагчийн нэрийг тодорхой дурдаагүй учир дотоодын хяналт шалгалт хийх ажлын хэсэг гаргасан”. Зарим мийм өөрөө бүтээгддэг гэж энэ. Бүр илүү шог нь  хэрэг явдал олон нийтэд ойлгомжтой, тодорхой болсны дараа ХЭҮК-оос танилцуулсан "Ноорог"-т  ЦЕГ-аас хойшлуулашгүй ажиллагаа явуулсан нь хүний эрхийг зөрчсөн гэх дүгнэлт. Хувь хүний болоод хэвлэлийн эрх чөлөө зөрчигддөгөө зөрчигдөж, хууль хүчнийхэн иргэнийхээ эрхэнд хэдийнэ халддагаа халдсаны дараа…!

Монголчууд өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх гэж ярьдаг. Энэ нь хэрэг явдал өнгөрсний дараа дэмий сүржигнэх гэсэн утгатай үг. Үндсэндээ, манай ХЭҮК асуудал болгоны араас гарч ирдэг, ач холбогдолгүй дүгнэлт гаргадаг нь ажлынх нь нэг “онцлог” гэлтэй. Гэлтэй гэдэг нь ХЭҮК энэ мэт өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх нь цөөнгүй.

ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр цагдан хоригдож байсан 21 настай залуу амиа алдсан хэрэг өнгөрсөн 2024 онд  гарч, нийгмийг багагүй цочирдуулсан. Талийгаач эмнэлгийн үйлчилгээ авч байхдаа гараа гавлуулсан байсан нь Монголын цагдаа хэр харгис, хүйтэн болохыг харуулсан бас нэгэн факт байлаа.  Уг эмгэнэлт хэргийн дараа  ХЭҮК-оос “Цагдан хоригдож байхдаа амиа алдсан иргэний мэдээлэл хэвлэлээр гарсны дараа холбогдох газруудад шалгалтын  ажиллагааг эхлүүлсэн. Тодруулбал, 461 дүгээр ангид хяналт шалгалтын ажиллагааг хийж, хяналтын камерыг шалгасан. Талийгаачийг эмнэлэгт гавласан байсан. ХЭҮК-ийн зүгээс үүнийг байж болохгүй зүйл гэж үзэж байна. Өөрийнхөө аминд хүрэхээс сэргийлж  талийгаачийг гавласан гэж цагдаагийн байгууллага тайлбарласан” тухай мэдээлж байсан билээ.

Гэмт хэрэгтэнд гишгэх газар үлдээх нь хүнлэг энэрэнгүй нийгмийн нэг зарчим. Атал хүү гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан болохоос гэм буруутай нь батлагдаагүй. Энгийн иргэнээ эмнэлгийн үйлчилгээ авахад нь хэн гэдэг цагдаа гавласан болохыг, түүнд ямар арга хэмжээ авсан талаар ХЭҮК нягтлаж, эргээд энэ талаар иргэддээ мэдээлдэг байх ёстой юм.

Хүний эрхийн үндэсний комисс нь дарга, таван гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээс бүрдэх бөгөөд бие даан хараат бусаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ.

Комиссын дарга, гишүүдээр

  • Дугарын Сүнжид, /Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Хууль зүйн ухааны доктор/
  • Сангишаравын Дондов, /Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн/
  • Хүрэлбаатарын Мөнхзул, /Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн/
  • Ганбатын Нарантуяа, /Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор/
  • Жаргалсайханы Хунан, /Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн/
  • Батзэвэгийн Энхболд, /Хүний эрхийн үндэсний Комиссын гишүүн, рууль зүйн ухааны доктор/
  • Ядамжавын Цэлмэн, /Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, Хууль зүйн ухааны доктор/ нар ажиллаж байна.

Харамсалтай нь, Монголд үг хэлэх,и үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнөөс эхлээд хүний эрх хаа сайгүй зөрчигдөж байхад ХЭҮК  үнэндээ юу хийдэг нь тодорхойгүй. Тэдний өөрсдийгөө өмгөөлдөг ганц тайлбар нь “бид зөвлөмж хүргүүлэх үүрэгтэй, өөр ямар ч эрх байхгүй” гэх үг.  Уг нь ямбыг нь эдэлсэн юм бол ялыг нь үүрэг ёстой байгууллага мөн үү, мөн.  Гэвч зөвлөмж хүргүүлэхээс өөрөө ямар ч эрх, үүрэггүй тус байгууллага өргөсөн тангарагтаа биш томилсон хүмүүстээ үйлчилсээр ирсэн нь гашуун үнэн. Эрх баригчдаас хараат ажилладаг энэ байгууллага хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, хөхиүлэн дэмжиж чадах нь юу л бол. Хүний эрхийг хамгаалахад манлайлагч байтугай манаач болж чадахгүй байгаа ХЭҮК-оос хүний эрхийг хурааж авъя.

Хүний эрхийг хамгаална гэдэг нь үнэндээ дүгнэлт гаргаж, зөвлөмж хүргүүлэх төдийгөөр хязгаарлагддаг ажил биш юм. Хүний эрхийг хамгаалахын тулд хүчтэй, мөнгөтэй төрийн эсрэг, хүний эрхийг байнга зөрчдөг хүчнийхний эсрэг тэмцэхийг хэлдэг юм. Эцэст нь ахин нэг асуулт байна, ХЭҮК хэдий болтол хүний эрхийг ниргэсэн хойноос хашгирах гэсэн юм бэ?!

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж