Канадын бүх нийтийн сонгууль ирэх сарын 28-нд болно. Сонгуулийн кампанит ажилтай зэрэгцэн Канад улсад урьд өмнө байгаагүй нөхцөл байдал үүсээд буй. Тодруулбал, мөнхийн хөрш АНУ нь тэдэнтэй худалдааны дайн эхлүүлээд зогсохгүй 51 дэх мужаа болгоно гэж яриад буй. Энэ эгзэгтэй цаг үед сонгогчид аль нам улс орныг авч явж чадах бол гэж эргэцүүлэн буй нь лавтай. Орон сууц, цагаачлал зэрэг дотоодын асуудал байгаа ч гэлээ канадууд сүүлийн 10 жилд анх удаа улс орны ирээдүйн талаарх илүү том асуулттай тулгараад буй билээ.
Канадын сонгуулиас онцлох таван хүчин зүйлийг энэ удаагийн нийтлэлдээ онцолж байна.
ТРАМПИЙН НӨЛӨӨ
Канад, АНУ хоёр нь эртнээс нааш эдийн засаг, аюулгүй байдлын гүн гүнзгий холбоотой байсан улс. Мөн дэлхийн хамгийн урт хамгаалалтгүй хилтэй хөршүүд гэдгээрээ онцлог. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү хилийн зохиомлоор татсан шугам гэж нэрлээд хөршийнхөө эсрэг эдийн засгийн хүч ашиглах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. АНУ-ын сүүлийн үеийн үйлдэл, хандлагууд холбоотнуудын харилцаанд гүн гүнзгий өөрчлөлт орсныг илтгэнэ.
"Канадын улс төр, Канадын сэтгэл зүй, Канадын бизнест үзүүлэх Трампийн нөлөөллийг үнэлж баршгүй" гэж ерөнхий сайд асан Жастин Трюдогийн Бодлогын захирал асан Марси Суркес хэлсэн юм.
Сонгуулийн кампанит ажил эхлэхэд бүх нэр дэвшигч нэг л зүйлд ихээхэн анхаарал хандуулж байсан нь АНУ-ын заналхийлэл. АНУ-ын ерөнхийлөгчийн ойрын хэдэн долоо хоногт хэлэх үг, хийх үйлдэл өрсөлдөөнд зайлшгүй нөлөөлнө. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 2-нд буюу сонгуулийн сурталчилгааны хоёр дахь долоо хоногт Цагаан ордон нэмэлт тариф зарлах төлөвтэй байгаа билээ.
БАНКИР ЕРӨНХИЙ САЙД
Канадууд дараагийн ерөнхий сайдаараа банкны салбарын аварга загас Марк Карниг сонгоод буй. Түүний хувьд АНУ-ын тааварлашгүй ерөнхийлөгч Дональд Трамптай нүүр тулан харьцахаас аргагүй болсон. Гэхдээ удахгүй болох бүх нийтийн сонгуулиар түүний ерөнхий сайдын албан тушаал баталгаажна. Хэрвээ энэ сонгуульд Либерал нам олонх болж чадахгүй бол Марк Карни Канадын түүхэнд хамгийн богино хугацаанд ерөнхий сайдаар ажилласан улстөрч болох юм. 60 настай Карни Канадын улс төрд цоо шинэ тоглогч. Төв банкны даргаар ажиллаж байсан тэрбээр энэ сарын эхээр Жастин Трюдогийн ажлыг хүлээж авснаар парламентад огт сонгогдож байгаагүй анхны ерөнхий сайд болоод буй. Улс төрийн ертөнцөд туршлага муутай түүний хувьд энэ удаагийн сонгууль анхны бодит сорилт нь болно.
Түүний гол өрсөлдөгч бол 2022 оноос хойш Консерватив намыг тэргүүлж буй Пьер Пойлевре. Тэрбээр 45 настай. Насны хувьд Карнигаас хавьгүй залуу боловч улс төрийн туршлагын хувьд ахмад зүтгэлтэн. 25 насандаа парламентын танхимд сонгогдсон тэрбээр холбооны улс төр, тэр дундаа засгийн газрын танхимд ажилласан 20 жилийн туршлагатай. Мөн улс төрийн хурц ухаанаараа алдартай.
Түүний хэлсэн "Канад эвдэрсэн" гэх алдартай үг бий. Энэ үг нь сүүлийн үед "Бүхний түрүүнд Канад" болж өөрчлөгдөөд буй. Үүгээрээ тэр Трампийн эсрэг зогсох чадвартай гэдгээ илэрхийлж байгаа аж.
Зүүний үзэлтэй Шинэ ардчилсан нам болон Квебека блок ч бас парламентын суудлын төлөө өрсөлдөх боловч канадууд Консерватив эсвэл Либерал засгийн газруудыг сонгосоор ирсэн түүхтэй.
ИЛҮҮ ТОМ АСУУДЛУУД
Энэ удаагийн Канадын сонгууль хэдэн 10 жилд анх удаа дотоодын асуудалд голчлон төвлөрөхгүй байгаагаараа онцлог. Дэлхий дахины мэдэж байгаачлан канадууд улсынхаа бүрэн эрхт байдал, тодорхойгүй холбоотнуудын асуудалтай тулгараад байна.
1988 оны сонгуулийн үеэр Канад улс Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх талаар ид хэлэлцэж байв. Өөрөөр хэлбэл, энэ үед Канадын хувьд АНУ-тай харилцах харилцаа хамгийн чухал байжээ. Тухайн үед мөн л Канадын бүрэн эрхт байдал, эдийн засгийн тусгаар тогтнол зэрэг одоогийнхтой ижил асуултууд хөндөгдөж байв.
Энэ удаад гол нэр дэвшигч хоёр нам хоёулаа өсөлт болон тусгаар тогтнол гэсэн алсын харааг дэвшүүлж байна. Үүнд орон сууц барих, эрчим хүч, нөөцийн томоохон төслүүдийг урагшлуулах, АНУ-ын татварын нэмэгдлийн эсрэг хариу арга хэмжээ авах, Канадын батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэх зэрэг багтжээ.
Марк Карнигийн хувьд өөрийгөө Жастин Трюдогийн сүүдрээс холдуулахыг эрмэлзэж буй. Тэрбээр бага зардал гаргаж, илүү их хөрөнгө оруулалт авчирна гэж амласан байна. Харин Пойлеврегийн хувьд аж үйлдвэрийг идэвхжүүлж, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, орон сууцны бүтээн байгуулалтад түлхэц өгөхийн тулд хүнд суртал, татварыг багасгана гэжээ.
АМЬЖИРГААНЫ ӨРТӨГ АНХААРЛААС ГАДУУР ҮЛДЭЭГҮЙ
Амьжиргааны өртөгийн хямрал, орон сууц, эрүүл мэндийн асуудал сүүлийн жилүүдэд канадуудын тулгамдсан асуудал болсон. Амьжиргааны өртөг хамгийн чухал асуудлын нэг мөн боловч санал өгөхөд хүргэх хүчтэй өдөөгч биш байж магадгүй гэж "Abacus Data" байгууллагын гүйцэтгэх захирал Дэвид Колетто хэлжээ. Тиймээс үүнийг эдийн засгийн аюул заналхийлэл гэх мэт илүү том асуудлын цар хүрээнд багтааж, бодлого боловсруулах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.
АНУ-ын гаалийн татвар болон түүний дахин давтагдах шинж чанараас үүдэлтэй тодорхойгүй байдлаас улбаалсан дарамт шахалтыг Канадын бизнес эрхлэгчид, олон нийт хэдийнэ мэдрээд эхэлсэн билээ. Түүнчлэн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Канадын 2025, 2026 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг хоёр дахин бууруулснаа энэ долоо хоногт зарласан.
180 ХЭМИЙН ЭРГЭЛТ
Сонгуулийн урьдчилсан санал хураалтын дүн сүүлийн долоо хоногт 180 хэм эргэжээ. Тодруулбал, консервативууд бүтэн жилийн турш сунгааг 20 оноогоор тэргүүлж явсан боловч ердөө долоо хоногийн дотор либералуудад тэргүүн байраа алдав.
Энэхүү өөрчлөлтөд гурван хүчин зүйл нөлөөлжээ. Нэгдүгээрт, Жастин Трюдо олны таашаалд нийцэхгүй байсаар улмаар огцорсон явдал. Хоёрдугаарт, үүнийг дагалдсан либерал удирдагчдын өрсөлдөөн. Гуравдугаарт, Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирсэн явдал.
Хоёр нэр дэвшигч хэн хэн нь давуу тал олж авахын тулд дайснаа тулааны талбарт авчрахыг оролдож байна. Карни өөрийн өрсөлдөгчөө Дональд Трамптай зүйрлэж байгаа бол Пойлевре түүнийг Жастин Трюдотой зүйрлэж байна.
Мөн тэдний хэн хэнд нь байгалиас заяасан давуу тал бий. Консервативуудын хувьд шинэ засгийн газрыг тууштай хүсч буй дэмжигчид олонтой. Мөн тэд улс төрийн кампанит ажилд зарцуулах маш их мөнгө, нөөцтэй. Нөгөө талаас либералууд олон нийтийн санал бодлыг тусгаж авч, ажил болгохдоо гаршсан байна.
Зочин 2025-03-25 66.181.161.102
Канадчууд, австраличууд бараг английн хагас колони маягаар оршин тогтнодог . Одоо хүртэл канадчууд, австраличууд английн хааныг бас өөрийн хаан гэж нэрлэж заншсан .Зарим бичиг баримт тогтоолд английн хаан гарын үсэг зурж баталгаажуулдаг юм байна шүү .
зочин 2025-03-25 66.181.160.102
Анх Америкчууд Канадыг өөртөө нэгтгэх санаа байсан ..Гэхдээ тухайн үеийн Ангил муугүй хүчирхэг гүрэн байсан болхоор Америкчууд Ангилтай муудалцахийг хүсээгүй юм гэдэг.. Одоо болч Америк юу дуртайгаал хийнэл дээ… Оросууд Украйнруу дайрч болж байхад Америк харинч нэг …
Нэргүй 2025-03-25 202.9.40.245
х***а атгаг манжлж.