Монголын Үндэсний урлагийн их театрын бүжигчин А.Түвшинбаяр Японы Осака хотноо жил бүр зохион байгуулдаг “Osaka Asian Film Festival-2025” наадмын "Азийн шилдэг жүжигчин" уран бүтээлчээр шалгарчээ. Энэ жил 20 дахь жилдээ зохион байгуулж буй тус кино наадамд Ж.Сэнгэдорж найруулагчийн “Чимээгүй хотын жолооч” уран сайхны кино “Азийн шилдэг жүжигчин” номинацид нэр дэвшиж, гол дүрийн жүжигчин А.Түвшинбаяр уг шагналыг хүртсэн байна.
Олон улсын кино наадмыг 2025 оны гуравдугаар сарын 14-23-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд олон улсын 50 гаруй кино уран бүтээлийг үзэгчдэд толилуулсан байна.
"Чимээгүй хотын жолооч" уран сайхны кино нь өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сард 28 дахь удаагийн “Таллины хар шөнө” олон улсын кино наадмын "Гранпри" шагнал болон "Шилдэг зураач"-ийн шагналыг тус тус хүртэж байсан билээ. Японы Осака хотод зохион байгуулсан энэхүү нэр хүндтэй наадам нь Азийн шилдэг киног сурталчлах, олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм. Кино наадмын хүрээнд Азийн олон улсын кинонууд, тэр дундаа Японд урьд нь дэлгэцнээ гараагүй шинэ кинонуудын өрсөлдөөн, тусгай хөтөлбөрүүд, мөн Тайланд, Тайвань зэрэг улс орнуудын кино уран бүтээлүүдийг онцлон танилцуулжээ. Үүний зэрэгцээ Азийн кино урлагийн хөгжилд хувь нэмэрт оруулах олон төрлийн арга хэмжээ, үзэсгэлэн, мастер хөтөлбөрүүдийг зохион байгуулсан байна.

зочин 2025-03-24 66.181.166.196
Осакагийн кино наадмын л шилдэг жүжигчин, тэрнээс азийн шилдэг жүжигчин гэвэл арай өөр түвшинд, арай өөр шалгуураар шалгаруулмаар, бүх азийг японы ч бай ганц хотын кино наадам шийдээд азийн шилдэг болгочихгүй л дээ
Нэргүй 2025-03-24 66.181.176.227
Заыл зайл